УДЭТ-ын уран бүтээлчид энэ сард найруулагч Б.Мөнх-Амьдралын “Миний аав супер баатар” хүүхдийн жүжгийг толилуулах болжээ. Тус уран бүтээлийн продюсероор Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Цэрэнсамбуу, ерөнхий зураачаар Т.Түмэн-Өлзий, хөгжмийн зохиолчоор Ө.Ариунбаатар, бүжиг, хөдөлгөөний найруулагчаар Д.Энхбаатар ажиллажээ. Жүжгийн гол дүрүүдэд Д.Асардарь, И.Дашнамжил, Б.Золжаргал, бусад дүрд Г.Номуун, Д.Мөнх-Од, Г.Алтангэрэл, Г.Отгонцэцэг, Д.Хосбаяр, Г.Ганбат, Д.Хулан, О.Долгор зэрэг уран бүтээлч тоглоно. “Миний аав супер баатар” жүжигт шавжийн ертөнцийн бяцхан хотод амьдардаг шоргоолж хүү нь тэр хотын хамгаалагч агуу хүчит супер баатрын адил ер бусын хүчтэй болох хүсэл мөрөөдөлтэй тухай өгүүлнэ. Тэрбээр “Эрдэм номдоо шамдвал эрэлхэг баатар болно” гэсэн эцэг, эхийнхээ сургаалыг үл ойшоон, амар хялбар аргаар шидэт хүчийг олохоор хорон санаат хөгшин аалзны гэрт найзуудын хамт хууртагдан очсоноор адал явдал эхэлнэ. Бяцхан шавжуудыг ховдог аалзны оройн зоог болохоос урьтаж аварсан тэрхүү супер баатар нь шоргоолж хүүгийн цэвэрлэгч аав нь байв. Үүнийг шоргоолж хүү сүүлд ойлгох аж. Найруулагч Б.Мөнх-Амьдрал “Хүүхдийн жүжгийн харилцан яриа цөөн, гол хүргэх зорилго санаа товчхон бөгөөд ойлгомжтой, далд утгагүй. Хүүхэд 10-15 минутын дараа дахин өөр зүйл рүү сатаардаг учир энэ үеэс нь тэдний сонирхлыг эргүүлэн татахуйц дахин шинэ адал явдал, дуу бүжиг, өсөлт, хэмнэлтэй байхаар шийдсэн. Дуу хөгжим нь хүүхдийн онцлогт тохирсон шинж чанартай. Үйл явдал бүхэнд тайз солигдож, дараа дараагийн адал явдал, жүжгийн үйл явдалдаа хөтлөгдөн өнгөлөг, сонирхолтой. Дэлхий бол амьтай бүхний гэр. Хүүхэд багачуудаа амьтан хайрлах зан төлөвт суралцуулахаас гадна байгаль дэлхийгээ бохирдуулж, хогоо ил хаяхгүй байлгах үүднээс эдгээр шавж, амьтдын ертөнцийг сонгосон” гэв. “Миний аав супер баатар” жүжгийг энэ сарын 10, 11, 17, 18-нд 12.00, 14.00 цагт тоглоно.