Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. Энэ үер Эрүүл мэндийн сайд С.Энхболд дараах мэдээллийг өглөө. Тэрбээр, "Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайд улс даяар нийт хүн амыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх оношилгоо шинжилгээнд хамруулахыг үүрэг өглөө. Тодруулбал, хоёр жил тутамд иргэдийг урьдчилсан сэргийлэх үзлэгт хамруулана.
Манай улсад 2018 оноос насны багцаар эрүүл мэндийн даатгалын сангаас урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах тогтолцоо хэрэгжиж эхэлсэн. Харамсалтай нь иргэдийн идэвх муу, жилд 10 хүрэхгүй хувь нь эрт үзлэгт хамрагдаж байна гэсэн тооцоолол бий. Иймд 2022 оны төсөвт Эрүүл мэндийн даатгалын санд 60.8 тэрбум төгрөгийг иргэдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулахад зориулан тусгаад байна. Энэхүү урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсанаар манай улс эрүүл мэндийн нэгдсэн дататай болно. Манай улсын иргэдийн дундаж наслалтын хувьд эмэгтэй 70.8 байдаг бол эрэгтэйчүүдийн дундаж нас 60.6 байдаг.
2024 он гэхэд эрэгтэй эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүүг багасгаж таван жил болгохоор Засгийн газар мөрийн хөтөлбөртөө тусгасан байдаг. Энэ хүрээнд 2022 оны тавдугаар сарын 1-нээс эхлэн иргэдийг үзлэг шинжилгээ, эрт оношилгоонд хамруулах ажлыг эхлүүлнэ. Урьдчилан сэргийлэх үзлэгт аль болох бүх эрхтэн системийн үзлэгийн багтаан нярайгаас өтөл насны бүх хүнийг хамруулах болно" гэж хэлэв.