Энэ удаагийн дугаартаа бид ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны эрхлэгч Д.Ганцэцэгтэй сүрьеэ өвчний талаар ярилцлаа. /Уг өвчний талаар цуврал байдлаар мэдээлэл хүргэсээр байна/
- “Сүрьеэгийн эрсдэлт бүлгийн хүн” гэж хэнийг хэлэх вэ?
-Сүрьеэ хаа сайгүй байдаг. Хоёр долоо хоногоос дээш хугацаагаар ханиалгаж буй хүнийг сүрьеэгийн сэжигтэй хүн гэж тооцно. Хэн ч сүрьеэгийн халдвар авч болох ч эрсдлээр нь зэрэглэж үзвэл халдвартай хэлбэрийн сүрьеэтэй өвчтөнтэй хамт амьдардаг хүмүүс 100 хувь, хамаатан садан, найз нөхөд, хамт ажиллагсад 10 хувь, холын хавьтал 1 хувь байдаг байна. Мөн
• ХДХВ-ийн халдвартай хүмүүс
• Орон гэргүй хүмүүс
• Сүрьеэгийн өвчлөл өндөртэй орны хүмүүс
• Асрамжийн газар байгаа хүмүүс
• Шоронгийн хоригдлууд
• Чихрийн шижинтэй буюу хавдартай хүмүүс илүү өртөмтгий байдаг байна.
• Сүрьеэ нь агаараар дамждаг гэдгийг та санаж байгаа байх. Харин гар барих, жорлонгийн суултуур, аяга тавгаар халдвар дамжихгүй.
Өнгөрсөн онд сүрьеэгийн эрсдэлт бүлгийн 30 000 хүнээс шинжилгээ авч 280 тохиолдол илрүүлсэн.
- Сүрьеэгийн илрүүлэлт, оношлогоо хэрхэн явагддаг вэ?
-Сүрьеэг илрүүлэх олон шинэ аргууд гарч байгаа боловч хамгийн түгээмэл шинжилгээний арга нь цэрний түрхэцийн шинжилгээ юм. Уг шинжилгээг 21 аймгийн 324 суманд дахь деспансерт хандан хамрагдах боломжтой.
Цэрийг хэрхэн зөв цуглуулах талаар өвчтөнд урьдчилан зааварчилгаа өгч химийн эмчилгээ эхлэхээс өмнө агааржуулалт сайтай нөхцөлд зөв цуглуулсан сорьц нь оношлогооны өндөр ач холбогдолтой. Шинжилгээний хариу эерэг гарвал өвчтөнг сүрьеэтэй гэж оношлон шууд хяналттай эмчилгээг эхлүүлэх, сөрөг гарвал өргөн хүрээний үйлчилгээтэй антибиотикоор эмчилж өвчтөний биеийн байдлыг ажиглан 7-10 хоногт сайжрал үгүй тохиолдолд дахин цэрний түрхэцийн шинжилгээг хийж мөн өвчтөний цэрнээс сүрьеэгийн нян өсгөвөрлөх шинжилгээ хийн эмчилгээний асуудлыг шийдвэрлэнэ. Насанд хүрэгсэд болон хүүхдэд цээжний гэрлийн шинжилгээ, хүүхдэд туберкулины сорил тавих зэрэг нь оношлогооны ач холбогдолтой.
Түрхэцийн шинжилгээ нь уушгины халдвартай хэлбэрийн сүрьеэтэй өвчтөнг оношлох гол арга. Өвчтөний сорьцноос (цэр, идээ, өтгөн, нугасны ус, уушгины, зүрхний үнхэлцэг, хэвлийн шингэн, шээс г.м) 1 Х 2 см хэмжээтэй түрхэц бэлдэн Цель-Нильсены аргаар будаж, бичил харуурын тусламжтай хүчилд тэсвэртэй нян илрүүлнэ. Уушгины сүрьеэгийн сэжигтэй өвчтөнүүдээс 2 удаагийн цэрний сорьц цуглуулан авах ба эдгээр сорьцын нэг нь заавал өглөө босонгуутаа цуглуулсан цэр байна. Зохих зааврын дагуу шинжилгээг хийж сүрьеэгийн савханцар илэрвэл түрхэц эерэг, илрээгүй тохиолдолд сөрөг гэж тооцно.
Өсгөвөрлөх шинжилгээ нь Сүрьеэгийн сэжигтэй, ХДХВ-ийн халдвартай болон ДОХ-той үйлчлүүлэгчдэд сүрьеэгийн онош тодруулах, сүрьеэтэй өвчтөнд эмийн даслыг тогтоох зорилгоор эмчийн заалтаар өсгөвөрлөх шинжилгээнд сорьцыг явуулна. Сорьцонд ДЭМБ-ын зааврын дагуу жигдлэн боловсруулалт хийж 2%-ийн Огава, юмуу Левенштейн-Иенсений өндөгтэй хатуу тэжээлт орчинд тарьж +37 хэмд 8 долоо хоногийн хугацаанд, шингэн тэжээлт орчинд тарьсан сорьцыг MGIT машин ашиглан 14 хоногийн хугацаанд өсгөвөрлөж нянгийн ургалтыг 7 хоног тутам шалган хариуг сорьц ирүүлсэн эмнэлгийн байгууллагад эргэж мэдээлнэ. Шинжилгээний хариу нь сүрьеэгийн нян эерэг, сөрөг, шинжилгээ бохирдсон гэж гарна.
Гэрлийн шинжилгээ нь Цээжний болон бусад эрхтэний өвчилсөн байж болзошгүй хэсэгт гэрлийн шинжилгээ хийж цаашид нарийн шинжилгээ хийлгэх шаардлагатай эсэхийг тодорхойлоход хэрэглэнэ.
- Сүрьеэгийн хувьд гэрлийн шинжилгээ нь сүрьеэгийн сэжигтэй шинж тэмдэг илэрсэн боловч цэрний сорьцууд сөрөг гарсан хүнийг системтэйгээр үнэлэхэд чухал хэрэгцээтэй шинжилгээ юм.
- Эгц, хажуу, зүслэгтэй зураг авч эмгэг өөрчлөлтийн байрлал, тархалт, явц, идэвхжлийг тодорхойлно.
- Цээжний гэрлийн шинжилгээгээр сүрьеэтэй байж болзошгүй шинж илэрсэн өвчтөнөөс нян судлалын шинжилгээнд цэрний сорьц авна.
Эд, эсийн шинжилгээ нь Уушгины бус эрхтэний сүрьеэгийн сэжигтэй үйлчлүүлэгчдийн тухайн эрхтэний эд эсээс авсан сорьцонд сүрьеэгийн үед гардаг өвөрмөц өөрчлөлтүүдийг эд, эсийн шинжилгээгээр илрүүлнэ. Шинжилгээний хариу 7-14 хоногийн хугацаанд гарах ба сорьц ирүүлсэн эмнэлгийн байгууллага руу хариуг эргэж мэдээлнэ.
Туберкулины сорил нь Сүрьеэгийн халдвар авсан эсэхийг тодорхойлохоос гадна нөхөн вакцинжуулах хүүхдийг сонгон авах, хүүхэд сүрьеэгээр өвчилсөн байж болзошгүй үед нэмэлт шинжилгээнд хэрэглэнэ. Сорилыг тавихдаа 0-16 насны хүүхдэд 0.1 мл буюу 2ТН хэмжээтэй туберкулиныг арьсан дотор тарьж 48-72 цагийн дараа сорилын урвалын хариуг шалгаж дараах тохиолдолд эерэг гэж үнэлэнэ:
- БЦЖ вакцинаар дархлаажуулагдсан эсэхээс үл хамааран 10 мм-ээс дээш хэмжээтэй гүвдрүү үүссэн (нэвчдэс бус зөвхөн гүвдрүүн хэмжээ)
- ХДХВ-ийн халдвартай хүмүүс, эсвэл тураалтай, хоол тэжээлийн дутагдалтай хүүхдэд 5 мм-ээс дээш хэмжээтэй гүвдрүү үүссэн.
Сүрьеэгийн шинжилгээнд улсын томоохон эмнэлгүүд үнэ төлбөргүй хамрагдах боломжтой байдаг тул эрсдэлт бүлгүүн хүн бүр шинжилгээнд хамрагдахыг уриалж байна.