Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Монгол Улсын дата өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратеги, эрх зүйн акт, дата өгөгдлийн талаар өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. Тэрбээр “Дэлхийд 60 орчим улс хиймэл оюуныг хэрэглэх эрх зүйн зохицуулалттай. Хиймэл оюуныг салбар бүрд хэрэглэх тухай бүх шатанд ярьж байна. Үүнийг эрх зүйн зохицуулалттай болгох шаардлага манай улсад тулгарлаа. Хувийн хэвшил, старт-аппуудыг яаж дэмжих вэ гэдэг бодлогоо тодорхойлох хэрэгцээ үүсээд байна. Тиймээс энэ сарын 13-нд эл салбарын бүх судлаачийг оролцуулан, стратегиа томьёолж, хурал, хэлэлцүүлэг хийнэ. Үүний дараа Засгийн газраар хиймэл оюуны үндэсний стратегийг батлуулна. Дата өгөгдлийг хэрэглэх, эргэлтэд оруулах стратегийг ч батлах юм. Үүний хүрээнд 10 ажил өрнүүлэхээр төлөвлөсөн. Тухайлбал, 2025 онд үүрэн холбооны 5G сүлжээг орон даяар нэвтрүүлнэ. Үндсэн суурь дэд бүтцийг бүрдүүлэх шаардлагатай. 127 улс үүрэн холбооны дэвшилтэт технологийг нэвтрүүлсэн. Манай улс 2023 онд нэвтрүүлэх байсан ч хойшилсоор энэ онд албан ёсоор сонгон шалгаруулах ажлыг зарлалаа. 5G сүлжээ нэвтрүүлснээр орон нутгийн иргэд эрүүл мэнд, боловсролын үйлчилгээг цаг алдалгүй авах боломж бүрдэнэ. Манай улсын нийт нутгийн 23 хувьд нь интернэтийн үйлчилгээ хүрсэн. Үүнийг 10 дахин нэмэгдүүлснээр хүүхдүүд сумынхаа сургуулиас боловсролын бүх л платформыг ашиглах боломж нээгдэнэ. Хиймэл оюуны 70-80 хувь нь өгөгдлийг ангилах. Өгөгдлийг ангилснаар эдийн засгийн эргэлтэд оруулах юм. Мөн олон улсын стардартад нийцсэн ногоон дата төв байгуулна. Зураг төслийн ажлыг нь эхлүүлсэн. Дата төвийг нэмж байгуулахгүй бол цахим шилжилтийн ажил гацах эрсдэлтэй. Ногоон дата төвийг байгуулснаар Төв Азийн бүс нутагт дата төвийн экспорт хийх боломж бүрдэнэ” гэв.
Ч.Болор