
Арилжааны банкуудын активын чанарыг үнэлэхээр болжээ. Уг ажлыг гүйцэтгэх мэргэжлийн компанийг Монголбанк ойрын хугацаанд сонгон шалгаруулах гэнэ. Олон улсын валютын сангийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд банкны салбарын эрсдэлийг багасгах шаардлага бий.
Тиймээс банкны активын чанарт үнэлгээ хийж, бүтцийг нь хэрхэн сайжруулах вэ гэдгийг шийдвэрлэх аж. Энэ оны хоёрдугаар сард банкны салбар дахь чанаргүй зээлийн хэмжээ 1.2, хугацаа хэтэрсэн нь нэг их наяд болж, нийт 2.2 их наяд төгрөгт хүрсэн. Энэ нь зээлийн 17.6 хувийг эзэлж байгаа юм. Харин банкуудын өөрийн хөрөнгийн хэмжээ хоёрдугаар сард 3.1 их наяд төгрөг байлаа.
Чанаргүй болон хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ өөрийн хөрөнгөөс нь давбал банк дампуурах эрсдэл бий. Иймээс банкны активын чанарыг сайжруулах арга хэмжээ авах юм.
Гадаадын орнуудад Төвбанк нь арилжааны банкуудад бага хүүтэй зээл олгох, активын удирдлагын компани байгуулах, менежментийг нь сайжруулах, эсвэл үйл ажиллагааг нь зогсоох, гадаад, дотоодын томоохон банкуудад худалдах зэрэг олон арга хэмжээ авдаг байна.