
Орон нутгийн сонгуулийн сурталчилгаатай холбоотойгоор УИХ-ын удирдлагын зүгээс санал хураалт болох өдөр буюу энэ сарын 19-нийг хүртэл намрын ээлжит чуулганыг түр завсарлуулах чиглэл барьж буй талаар цөөнхийн бүлгийн дарга С.Эрдэнэ өнгөрөгч долоо хоногт мэдээлж байсан.
Гэсэн хэдий ч УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хуралдаанаар энэ долоо хоногт намын бүлэг, ажлын хэсэг, Байнгын хорооны болон нэгдсэн хуралдааныг хэвийн хуралдуулахаар хэлэлцэх асуудал, хуваарь батлаад буй. Харамсалтай нь өчигдөр хуралдах ёстой байсан намын бүлгүүдийн хурал болсонгүй. АН-ын гишүүдийн талаар ажлын албанаас нь “Сонгуулийн ажлаар орон нутагт томилолттой байгаа” гэсэн мэдээлэл өгсөн бол МАН-ынхны ирц бүрдсэнгүй.
Тус бүлгийн гишүүдээс ч цөөнгүй нь орон нутагт ухуулга, сурталчилгаа хийж яваа бололтой. УИХ-ын дарга ээлжит чуулганыг түр завсарлуулсан ямар нэг шийдвэр гаргаагүй ч гишүүд албан бусаар завсарлуулж, “ажил хаяж” мэдэх нь.