Жил бүр ОХУ-д “Детектив” нэртэй адал явдалт, тулаан киноны олон улсын наадам болдог. “Скай пирамид” продакшны өнгөрсөн жил бүтээсэн “Зангараг” кино энэ наадамд анх удаа монгол улсаас шалгарн, өрсөлдөж буй. Тус киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин Б.Батбаатар уг наадмын шилдэг эрэгтэй гол дүрийн төрөлд “хүч үзэж” байна. Түүнтэй ярилцлаа.
-Өнгөрсөн онд үзэгчдэд хүрсэн “Зангараг” кинонд бүтээсэн дүрээрээ та “Детектив” олон улсын кино наадмын шилдэг гол дүр шалгаруулах номинацад нэр дэвшсэн гэв үү?
-Гадаадын 500 шахам киноноос “Зангараг” шилдэг 35-д шалгарсан. Эндээсээ шилдэг бүтээлийн төлөө өрсөлдөх юм. Би уг кинонд тоглосон дүрээрээ шилдэг гол дүрд өрсөлдөж байгаа. Гадаадын есөн жүжигчин тунаж үлдсэн байна билээ. Яг үнэндээ олон улсын наадамд ингэж өрсөлдөнө гэж зүүдлээ ч үгүй.
Энэ төрлийн наадмын болзлыг хангаж, тэнцсэн нь ахиц. Тэр дундаас цааш үргэлжлүүлэн өрсөлдөх боломжтой болсон нь амжилт. Нэр дэвшиж буй бусад жүжигчдийнхээ тоглосон кинонуудыг үзлээ. Герман, Франц, Италийн мундаг жүжигчид байна билээ.
-Бусад өрсөлдөгчөөсөө ялгарах таны онцлог юу вэ?
-Нүүдэлчин ахуйгаас өвлөсөн бүх зүйл миний онцлог. Европчуудад манай ахуй, монгол сэтгэлгээ их өвөрмөц санагдах нь гарцаагүй.
-Энэ наадмын шилдгээр шалгарсан бүтээлүүдийг ОХУ-ын кино театруудад гаргах юм билээ. Бас наадмын хүрээнд телевизийн нэвтрүүлэг, ярилцлагад уригдсан гэж сонслоо.
-Тоотой хэдэн кино гаргахаар сонгосны нэг нь манайх. Наадамтай холбоотой нэвтрүүлэг, дугуй ширээний ярилцлага зэрэг арга хэмжээнүүдийн хуваарь гаргасан байна билээ.
-СУИС төгссөнөөсөө хойш сүүлийн гурван жил л мэргэжлээрээ ажиллаж байна уу даа?
-2004 онд СУИС төгссөний дараа ажил олдохгүй хэсэг болсон. Олон газраар явсан. Телевизүүд, УДЭТ гээд л. Гэхдээ цаг үе нь хэцүү байсан шүү дээ. Манай үеийн төгсөгчид бүгд л дуу нэгтэй хэлнэ дээ. Тэгээд Л.Дэмидбаатар ахын санаачилсан “Гэрэгэ интернэшнл” студид туслах найруулагчаар ажиллаж эхэлсэн. Дараа нь “Харцага” КУДС-д тайзны хөдөлгөөний хичээл зааж эхэлсэн юм.
Багшлаад 10- аад жил болж байна. Ер нь төгссөнөөсөө хойш олон кинонд тоглоогүй. Цаг нь болоогүй гээд л өөрийгөө чамлаад явсан юм. Жүжигчин гэдэг мэргэжлийг хэн дуртай нь эзэмшчихгүй л дээ. Сургуулийг нь төгссөн ч гэлээ туршлагажих хугацаа хэрэгтэй.
-Одоо “Их Засаг” их сургуульд багшилж байгаа гэсэн үү?
-ИЗИС-ийн Театр урлагийн сургуульд, СЭЗДС-д давхар багшилдаг.
-Сургалтын арга барил нь СУИС-иас ялгаатай юу?
-Ялгаатай. Шижигнэсэн залуу багш нар ажиллаж байна. Аль болох шинэлэг арга барил нэвтрүүлэхээр хичээж байгаа. Бид СУИС-д Станиславскийн системээр л сурсан шүү дээ. Гэтэл орчин үед энэ хангалтгүй болж. Залуусын сэтгэх хурд, үзэх харах зүйл олон болсон. Энэ бүгдтэй хөл нийлүүлэх ёстой. Би тайзны хөдөлгөөний хичээлдээ үндэсний тулааныг нэвтрүүлэхийг хичээдэг. Бугуйл шидэх, монгол сэлэмтэй тулалдах гэх мэтчлэн. Монгол уламжлалт тулааныг сурах л ёстой.
Сургуулиа төгсөөд хэд нь УДЭТ-т, хэд нь өөр газар ажиллах билээ. Тэгэхээр дан ганц сонгодог маягаар суралцах нь дутагдалтай. Гадаадын уран бүтээлчид манай зан заншил, уламжлалыг их сонирхдог. Тэгэхээр бид энэ зүйлээ тэдэнд сурталчилж чаддаг байх ёстой. ИЗИС-ийн Театр урлагийн сургуулийг Д.Оюунсүрэн найруулагч ахлан ажилладаг.
Өөрөө олон жил театрт ажилласан хүн болохоор ямар аргаар оюутнуудаа сургах, аль чадварыг нь илүү анхаарч хөгжүүлэхээ сайн мэддэг. Практик сургалт илүү давамгайлдаг гэхэд болно. Сайн уран бүтээлчид бэлтгэх гээд л зорьж байна.
-Одоогийн оюутнууд таны сурч байх үеийнхээс хэр өөр байна вэ?
-Маш их ялгаатай. Одоогийн залуус их залхуу. Хуулбарладаг, барладаг, хэлбэр хөөдөг болж. Юм уншихаа больчихож. Тууштай байдал, сэтгэл их дутмаг. Өмсөж зүүх, эдэлж хэрэглэх нь бидний үеийнхэнтэй харьцуулашгүй. Шаргуу сургуулилалт хийж байж тайзан дээр, дэлгэцээр гарна гэдгийг ойлгохгүй, хэт яараад байх шиг.
-Гадаадын жүжигчид тайз юм уу, дэлгэцийн уран бүтээлд дагнаж ажилладаг. Харин манайхан аль алинд нь тоглодог.
-СУИС-д дөрвөн жил тайзан дээр хэрхэн жүжиглэхийг л заалгадаг. Харин төгссөн хойноо дандаа л кинонд тоглодог. Энэ бол ажиллах газар хомстой л холбоотой л доо. Тоотой хэдхэн нь театр бараадна, зарим нь энд тэндхийн студи, продакшнд орно. Нэгэнт л урлагийн мэргэжил эзэмшсэн хойно өөр ажил хийнэ гэхэд хэцүү, ажилгүй байх хэцүү. Тэгээд л олдож байгаа ажил нь кино. Гэхдээ кино урлаг маш олон давуу талтай. Сүүлийн үеийн залуус их хөнгөн болж.
Бушуухан кинонд тоглоод, од болохыг хүсдэг болж. Тэр бодлыг нь биелүүлэхэд кино урлаг хамгийн дөхөм шүү дээ. Театр өндөр шалгууртай. Царай зүс, ур чадвар, бүх л зүйлийг шавхдаг. Кино бол гаднах төрх л таарч байвал болчихдог шүү дээ. Уг нь гадаадынх шиг хувийн олон театртай болчихвол аль нэгээр нь дагнах зүгээр юм шиг санагддаг.
-СУИС хоёр юм уу гурван жилд нэг удаа найруулагчийн ангидаа элсэлт авдаг шүү дээ. Та ямар тохиолоор Л.Лхасүрэн багшийн шавь болов?
-Тийм шүү. Нэг жил өнжиж байж энэ ангид оюутан элсүүлдэг байсан. Кино шиг л юм болсон доо. Уг нь найруулагч биш, жүжигчин болно л гэж боддог байлаа. МУИС-д хуулийн ангид сурч байгаад төлбөрөө төлж чадахгүй сургуулиа орхиж байлаа. Багаасаа л найзууддаа үзсэн киногоо ярьж өгдөг. Их гоё үнэмшилтэй ярьдаг байсан юм болов уу. МУИС-иас гарсны дараа найзууд маань намайг урлагийн сургуульд орохыг ятгасан даа.
Би ч “Яагаад болохгүй гэж” гээд л шалгалт өгөхөөр шийдсэн. Шалгалтад бэлдэж байх үед найруулагч Х.Энхжаргал “Чам шиг юм жүжигчин болдоггүй” гэж ч хэлж байлаа. Гэхдээ миний сонирхолдоо тууштай байсан минь тэр хүний бодлыг өөрчилсөн байх. Х.Энхжаргал ах л намайг жүжигчин биш, найруулагчийн ангид ороход нөлөөлсөн. Тэр үед Х.Энхжаргал ах РТДС-д багшилдаг байсан юм. Ингээд СУИС-д шалгалт өгөөд уначихсан. Яг улаан шугамны доор жагссан юм.
Дотор харанхуйлаад л явчихсан. Гудамжинд хэчнээн цаг сууснаа ч санадаггүй. Ингээд л зунжин янз бүрийн ажил хийсэн дээ. Намар нь СУИС-д тэнцсэн оюутнүүд бүртгүүлэхээр цуглахад нь яваад очлоо. Зориг гаргаад л Алтангэрэл захирал дээр яваад орсон. “Би үнэхээр танай сургуульд сурмаар байна. Та надад туслаач” гээд л гуйлаа. Тухайн үед хандивын ангид 1.5 сая төгрөг өгөөд орж байсан юм. Надад тэнд өгөх мөнгө байхгүй шүү дээ. Захирал нэлээд харж сууснаа жижиг цаасан дээр юм бичээд, тамга дараад өгсөн.
Тэгэхдээ “Би энэ тамгыг дараад ажилгүй болж ч магадгүй. Гэхдээ харамсахгүй байх, тийм үү” гэж хэлээд л надад СУИС- д элсэх томилолт өгсөн юм. Гэтэл хичээл эхэлсний дараа Л.Лхасүрэн багш намайг арын хаалганы хүүхэд гээд ер харах янзгүй. Их хатуу хүн байсан шүү дээ. Багшийг надад хатуурхах тусам би хичээгээд л байлаа. Сургуулиа төгсөх үед ангийн дарга, багшийн хайртай шавь болоод л төгссөн дөө.
-Багшийг яаж зөөллөв?
-Манай ангийнхан их идэвхтэй байсан даа. Өдөр, шөнөгүй л сургуулилална. Хүн хичээх тусам л хөгжинө. Багш яаж хичээж байгааг минь харсан байх. Хичээл тарсны дараа намайг дуудаад “Маргааш өглөө гэхэд тэр зохиолыг уншиж ирээрэй” гээд л даалгавар өгнө. Яаж ийж байгаад өнөөхийг нь шөнө уншчихаад ангийнхандаа ярьж өгдөг байлаа. Багш намайг янз янзаар туршиж үзсэн шиг санагддаг.
-Найруулагч мэргэжилтэй хүн өөр найруулагчийн кинонд тоглохдоо, “хошуу нэмэх” үе байдаг уу?
-Байлгүй яах вэ. Гэхдээ мэдээж найруулагчийнхаа үндсэн санааг гажуудуулж болохгүй. Тэр хүнд хэлэх санаа, үг байгаа шүү дээ. Жүжигчин тухайн дүрээ өмөөрч л тоглодог шүү дээ. Тэгэхээр ингэвэл яах вэ, ингээд үзэх үү гээд санаагаа хэлдэг юм. Найруулагч л бол найруулагч. Багш маань кино, жүжиг найруулах амархан. Харин хүнийг найруулах хэцүү” гэдэг байлаа.
-Эсрэг дүр хамгийн их ур чадвар шаарддаг юм шиг. Гэтэл таныг дандаа эсрэг дүрд тоглуулах юм.
-“ТВ-5” телевизийн “Чонын алтан шагай” олон ангит кинонд анх тоглосон. Анхны дүр эсрэг талынх байж таарсанд их бэлгэшээсэн. Миний багшийг ч гэсэн эсрэг дүрээр нь л хүмүүс илүү мэддэг. Илүү ажиллагаатай, жүжигчнийг “махалдаг”, тоглолт ихтэй. Надад санал болгосон дүрүүдийн дийлэнх нь эсрэг.
Багш намайг оюутан байхад л клип, кинонд тоглуулдаггүй байсан. “Боловсорч амжаагүй алим зарж болохгүй. Бүрэн боловсорсных нь дараа зарвал илүү үнэд хүрнэ” гэдэг байсан. “Битгий яар. Цаг нь болоогүй” гээд их хориглодог байлаа.
-Эсрэг дүрд тоглоод байхаар үзэгчид өөрөөр хүлээж авахаа больчих вий гэж боддоггүй юү?
-“Чонын алтан шагай” кинонд тоглосны дараа нэг хүн над руу самрын яс шидсэн. Тэгэхэд баярласан. Зөв ажиллаж байгаа, үгүйг хэлээд өгөх шүүмжлэгч, судлаачдын үгийг маш сайн сонсоно. Гэвч тийм хүмүүс хараахан алга. Хуурай магтаал сонссоноос чин үнэн шүүмжлэл хүнд илүү тустай.
-Үг хэр даадаг вэ?
-Би 10 хүүтэй айлын бага. Ах нартаа амбаардуулж, загнуулж өссөн юм болохоор нялхарч, нялцганаад байдаггүй юм. Хатуу үг даана шүү.
-Та УДЭТ-ын босго давъя гэж бодож байгаагүй юу?
-Туслах найруулагчаар орох боломж байсан. Эхлээд ОХУ-ын ГИТИС-д үргэлжлүүлэн сурчихаад, дараа нь ажиллах санал тавьсан юм. Харамсалтай нь, явж чадаагүй.
-Хэзээнээс найруулагч мэргэжлээрээ ажиллаж эхлэх вэ?
-Цаг нь болоогүй ээ. 50 нас дөхөөд ирэхээрээ л болъё. Үүнээс өмнө өөрийгөө боловсруулах, хөгжүүлэх хэрэгтэй. Хэд хэдэн киноны хоёрдугаар найруулагчаар ажилласан.
-Жүжигчид хөрвөх чадвартай. Кино зохиол бичнэ, бас найруулна. Та зохиол бичиж үзэв үү?
-Оролдож байгаа. Нэг зохиолтой бараг найман жил зууралдаж байна (инээв). “Одоо болсон” гэсэн үедээ л кино болгож, мөрөөдлөө биелүүлнэ дээ.
-Анзаараад байхад та хүүхдийн эрх ашгийг хөндсөн сэдэвтэй кинонд их тоглодог юм билээ.
-Нийгмийн золиос болж буй хүүхдийн эрхийг хөндсөн уран бүтээлүүдэд тоглохоос би хэзээ ч татгалзаж байгаагүй. “Зангараг”, “Зүрхэнд дуссан нулимс” гэх мэтчлэн. Цаашдаа ч татгалзахгүй. Тийм уран бүтээл хийхэд дэмжих байгууллага битгий хэл, үзэх хүн ч алга. Гэхдээ орхиж болохгүй, анхаарах ёстой.
-Кинонд хүүхдүүдтэй тоглох хэцүү юү. Өөрөө дүрдээ орох, нөгөө хүүхдийнхээ учрыг олох гээд л асуудал гардаг байх даа.
-Миний багш Хүүхэд залуучуудын театрын найруулагч байсан. Л.Лхасүрэн багшийн ангийг төгссөн хүмүүс мэднэ дээ. Биднийг оюутан байхад л “Сар нуугдсан шөнө”, “Эхнэрээ сольсон нь” зэрэг жүжиг их тоглодог байлаа. Хүүхдүүдтэй ажиллах их хөөрхөн шүү дээ. Нэг л дулаахан уур амьсгалтай, чин сэтгэлээсээ байгаа нь мэдрэгдээд л.
-Ингэхэд та хаана төрж, өссөн бэ?
-Хотод төрж, өссөн. 39 дүгээр сургууль төгссөн. Манайх гэдэг айл хэл ам, адал явдал тасардаггүй л байлаа. Тэрсхэн 10 хүү ёстой бужигнуулна шүү дээ. Орой болгон хэн нэг нь хэрэг тарьчихсан байдаг. Одоо бодоход их сайхан.
-Ах нараас тань урлагийн мэргэжил сонгосон хүн бий юү?
-Байхгүй. Намайг СУИС-д орно гэхэд манайхан их дургүйцсэн. Ээж минь л “Яагаад болохгүй гэж. Үзээд алдах хэрэгтэй” гэж дэмжсэн. Ээжийн үг манайд хууль шүү дээ.
-Найруулагч гэхээр цагаан хоолой барьчихсан, зандрангуй хүний төрх санаанд буудаг.
-(инээв). Аргагүй дээ. Уран бүтээлчдийг нэг болгож ажиллуулах, тэндээс хүссэн үр дүнгээ авахын тулд янз бүрийн л арга хэрэглэнэ. Уурлана, загнана, хашгирна, аргадна. Ажиллах нөхцөл ч хүн шүү дээ. Орчноос гадна сэтгэл зүйн дарамт шахалт ч их учраас бачуурах үе гардаг. Гэхдээ уран бүтээлийн үед л чанга хатуу, бусад үед өөр шүү.
-Найруулагч бусдын уран бүтээлийг үзэхдээ өө хайж үздэг юм шиг санагдсан.
-Тийм шүү, яг тэгж сэглэж үздэг болчихдог. Уг нь их муу л даа. Тухайн уран бүтээлийг үзээд сэтгэл ханамж авахаасаа урьтаад хийц, ур чадвар талаас нь хардаг болчихдог. Мэргэжлийн онцлог байх л даа.
-Та ямар төрлийн кино үзэх дуртай вэ?
-Үлгэр, түүх, тулаант кинонд дуртай.
-Тулаант кинонд тоглохдоо та орлон тоглогч ашигладаг уу?
-Үгүй ээ. Би тулаант хэсэгт өөрөө тоглох дуртай.
-Тэр үед бэртэж байв уу?
-Бэртсэн. Модноос унаад тохойгоо бяцалсан. “Нар гарна, аз жаргал минь” кинонд тоглож байхдаа машинд мөргүүлсэн. Тайзны хөдөлгөөний хичээл заадаг болохоор янз бүрийн л хөдөлгөөн туршиж үздэг юм.
-Жүжигчний аюулгүй байдлыг хангаж орлон тоглогч ашиглах ёстой. Гэхдээ манайхан бараг тэгдэггүй байх.
-Зургаа л авч байвал бусад нь хамаагүй гэж боддог хүмүүс бий л байх. Гэхдээ сүүлийн үед хандлага арай өөр болж байна. Сүүлийн үед “Тэнгэрийн чоно” продакшны залуустай энэ тал дээр хамтран ажиллаж байгаа. Киноны тулаант хэсгийг гарамгай найруулдаг залуус шүү дээ, тэд.