Хамтарсан Засгийн газрын ам бүл бүтэн байх, эсэх нь энэ долоо хоногт эцэслэн шийдэгдэх гэж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-д хүргүүлсэн мэдэгдэлдээ одоогийн ажиллаж буй Засгийн газрын үйл ажиллагааг үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэн, итгэл үзүүлэхийг хүссэн. Үүнийг УИХ шийдвэрлэхдээ “Ардчилсан намыг багтаасан хамтарсан Засгийн газартай л байхгүй бол огцорсон ч яах вэ” гэсэн Ерөнхий сайдын хүсэлт талаас бус, Монгол Улсын ирээдүй, хувь заяанд юугаараа чухал юм бэ гэдгийг бодитойгоор дүгнэх учиртай. Хатуухан хэлэхэд, Засгийн газарт хангалтгүй ажилласан Ардчилсан нам дангаараа буруугүй. Ардчилсан нам сөрөг хүчний үүргээсээ татгалзаж, Засгийн газарт орсон бол, үүнд нь Засгийн газар буруугүй. Үнэндээ Ардчилсан намынхан сонгуульдаа олигтой оролцохгүй, эв нэгдэл ч үгүй үймсээр гурван сонгууль дараалан ялагдсан. Ийм тохиолдолд эрх баригч намын дарга урьсанд баяртайгаар хамтран ажиллана, харин нэгэнт эвслийн гэрээ байгуулсан учраас зөрчвөл гомдоллох ч эрхтэй. Хамгийн үнэ цэнтэй хариулт гэвэл “Үндсэн хуулиар баталгаажуулсан парламент асуудлыг шийднэ”.
Юуны өмнө хамтарсан Засгийн газар хэвээрээ ажиллах нь ямар ач холбогдолтой вэ гэдэг талаас нь харцгаая.
УИХ-ын 2024 оны сонгуульд жагсаалтаар бус нэр дэвшиж өрсөлдөөд, ялалт байгуулсан намын даргын хувиар өөрийнхөө буюу Л.Оюун-Эрдэнийн гэх овогтой Засгийн газрыг нүүр бардам байгуулсан. Дангаараа байгуулах бүрэн боломж байсан ч Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлж, улс орны хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хамтдаа хэрэгжүүлье гэсэндээ бусад намд саналаа тавьж, хамтарсан. Аливаа хамтарсан Засгийн газрын гэрээний цаана улс орны хөгжлийн хөтөлбөр, тэдгээртэй холбоотой төсөл, хөтөлбөрүүд, хөрөнгө оруулалт, гадаадын улс орнуудтай харилцах дипломат арга хэрэгслүүд байдаг. Үүнийг гэнэт, эсвэл гадаа жагсаад задалчихдаг зүйл биш. Тэр тусмаа ард түмний нэрийг барьсан хэсэг бүлэг хүн ингэж тулгаж, тэр нь хэрэгжих магадлалтай бол цаашид давтагдах магадлал өндөр. Ийм нөхцөлд монгол төрийн босго хэр өндөр вэ гэдэг нь ардчилал, хүний эрхтэй зэрэгцэн төрийн эрх барих дээд байгууллагаас зөв шийдвэр хүлээж байдаг.
Нөгөөтэйгүүр хамтарсан Засгийн газар “задрах”, Ерөнхий сайдыг огцруулах үндэслэл нь юу байв гэдэг нь маш чухал. Энэ бол түүх. Ямар нэгэн батлагдаж нотлогдоогүй сүйн бөгж, улс төрийн гэхэд хэцүүхэн жагсаал, элдэв явуулгын үр дүнд төрийн ажил ингэж нураад, гацаад байх нь төрт ёс талаасаа байх ёсгүй үзэгдэл юм. Сүйн бөгж огцрох үндэслэл үү? Хууль, хяналтын байгууллагаас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хөрөнгө, орлогыг хянаж, түүний хүү найз бүсгүйдээ зөвхөн бөгж бэлэглэсэн гэдгээс цааш юуг ч нотлоогүй байхад хуулиас гадуур, улс төрийн аргаар шийтгэх, яллах боломжгүй. Цаашид хэдхэн зураг эвлүүлээд, үнэн, худлыг нь тогтоохгүйгээр, дараагийн Ерөнхий сайд нарыг огцруулсаар байх уу? Жишиг хэрхэн тогтох вэ гэдгийг бодолцох ёстой.
Хамгийн гол нь “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”, “14 мега төсөл”, энэ бүхэн төрийн дээд байгууллага УИХ-аас баталсан төрийн бодлого болохоос хажуу айлын нохойны нэр огт биш. Заавал хэрэгжүүлэх ёстой хуулиуд, Тийм учраас гадаадын хөрөнгө оруулагчид сонирхон санал өгч, тендерт оролцож, харилцан ашигтай хамтран ажиллах тухай олон улс орны төр, засгийн тэргүүнүүд албан ёсны хэлэлцээр, айлчлал хийж, бас шинээр товлоод байна. МАН дангаараа, эсвэл Ардчилсан намаас бусад нам хамтран Засгийн газраа байгуулахаар хэрэгжихгүй болчихно гэсэн үг биш. “Өнөөх баттай, тогтвортой гээд байсан хамтарсан Засгийн газар нь огцорчихлоо”, “Шалтгаан нь Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж байж магадгүй”, “Огцруулсан арга нь тодорхой санхүүжилттэйгээр зохион байгуулсан эсэргүүцлийн жагсаал, цуглаан” байсан. Энэ л Монголын Засгийн газарт үл итгэх, хөрөнгө оруулагчдыг үргээх, эрсдэлээс болгоомжлоход хүргэх хангалтттай шалтгаан. Тийм ч учраас хамтарсан Засгийн газраас Ардчилсан намыг гаргах талаар хэлэлцсэн эрх баригч намын бага хурлын шийдвэр гарсны маргааш нь олон улсын биржид Монголын компаниудын хувьцааны үнэ унав. Яг энэ өдрүүдэд хөгжингүй орнуудын Засгийн газрын бондын өгөөж өсөж байхад Монголын Засгийн газрын олон улсад гаргасан бондуудын ханш унаж эхэлсэн.
Түүнчлэн Засгийн газрын хувь заяа эргэлзээтэй байх хооронд буюу өчигдрийн байдлаар алтны ханш суларч, нэг унц нь 3346 ам.доллар боллоо. Ардчилсан намын сайд Г.Туваан Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдаар томилогдсоноор сүүлийн 30 гаруй жилд “нүд аньчхаад” байсан геологийн салбарыг амь оруулж, хайгуулын ажлыг эрчимжүүлэх ажлыг зоригтой эхлүүлсэн. Гэтэл хамтарсан Засгийн газраас Ардчилсан нам гарсны дараа дээрх сэдвээр ямар бодлого баримтлахыг хэн шийдэх нь тодорхойгүй. Энэ тохиолдолд Монголын алтны салбарыг сонирхож байсан дотоод, гадаадын хөрөнгө оруулагчид, бизнесийнхэн эргэлзэнэ, дээрх ажил гацна, үр дүнд нь экспорын орлого буурна. Хохирлыг жагсагчид ч, “дараагийн ээлжийн сайд нар” ч төлдөггүй юм.
Тэгвэл хамтарсан Засгийн газрыг “задалж”, Ардчилсан намынхныг хөөж гаргасны дараа юу болох вэ. Юуны өмнө нэг намын Засгийн газар сөрөг хүчний шахалтаар огцордог бол ялсан намын урьж хамтарсан тохиолдолд барагтай бол огцрохгүй, өөрөөр хэлбэл, улс төрийн тогтвортой байдал үүслээ гэж дүгнэсний үндсэн дээр гадаадын хөрөнгө оруулагчид шийдвэрээ гаргадаг. Одоогийн байдлаар хамгийн их хэмжээний хөрөнгө оруулж, өргөн хүрээг хамарсан асуудлуудыг шийдэх “Чайна энержи” компанийг дурдаж болно. Дэлхийд томд тооцогддог эрчим хүчний энэ компани зөвхөн нүүрс сонирхоод орж ирсэн хэрэг огт биш. Төмөр зам, эрчим хүч, байгалийн хий, говийг усжуулах гээд олон төсөл, хөтөлбөрийг сонирхож, хөрөнгө оруулалтын шийдвэрээ гаргаад хоёр улсын Ерөнхий сайд нар хэлэлцээр баталсан. Улс төрийн тогтворгүй байдал үүсэж болзошгүй талаарх мэдээллийг Хятадын төрийн өмчит компани ямар хурдан хугацаанд авдаг гэж бодно. Одоогоор тэд анхааралтай ажиглаж, бас итгэж, найдаж байна.
Хорвоод үнэ төлбөргүй зүйл гэж үгүй. Хэрэв бид аливаа гэрээг ашиггүй байжээ гэж үзвэл энэ нь тухайн цаг үед нийгэм, улс төр, төрийн тогтолцоо, улстөрчдийн чанар чансаа, шударга байдал ямар байсан юм бэ гэдгийн л илрэл. Шударга биш байсан бол ашиггүй л гэрээ байгуулна. Өөрөөр хэлбэл, энэ гэрээнүүдээр бид улсынхаа түүхийг бичлээ. Харамсалтай нь, өнөөдрийн байдлаар манай төрийн бодлого нь саарал ордондоо биш, нийгмийн сүлжээнд шийдэгддэг болчихсон. Улс төрд бизнесийн бүлэглэлүүд орсон уу, гэрээ байгуулсан эрх бүхий хүмүүс нь бизнесийнхэнд дөрлүүлсэн үү, сөрөг хүчин нь олонхын намдаа барьцаалагдсан уу гэхчлэн тухайн үеийн бүх тусгал гэрээнээс харагддаг.
Бид хамтарсан Засгийн газрын зорилтоос ухарснаар юу юуг алдахаа сайн ойлгох хэрэгтэй. Юуны өмнө дэлхийн чиг хандлагын дагуу ногоон шилжилт хийх зорилтыг дурдаж болно. Энэ чиглэлээр Монгол Улсад айлчлан ирж буй Австри улсын Төрийн тэргүүн хүртэл хамтарсан тунхагтаа тусгачихлаа. Ногоон шилжилт хийнэ гэдэг нь малчид хөрс шороогоо гамнахаас эхлээд суурин иргэншилтэй болсон нийслэлчүүдийн маш чухал бодлого юм. Дижитал шилжилтийн хувьд мөн л өөр сонголтгүй. Дэлхий даяар хиймэл оюунтай холбоотой аливаа ахиц дэвшлийн төлөө өрсөлдөж байна. Дижитал шилжилт хийх санхүүжилтийн эх үүсвэр, дэд бүтэц нь ямар байх, Старлинктэй яаж холбогдох гэхчлэн дөнгөж эхлэлээ тавьж байтал үүнийг зогсоох нь хориод жилийн тэртээ холбосон шилэн кабелийнхаа хүчээр зүтгүүлээд бай гэсэнтэй адил юм. Үндэсний хүний нөөцийн чадавх сайжруулах, ажиллах хүчний шилжилтийг яаж хийх вэ. Төрийн албан хаагчдын тоо хэрээс хэтэрлээ. Сүүлийн гурван жилд энэ тоо 20 мянгаар нэмэгдсэн гэсэн статистик гарчээ. Өнөөдөр 230-аад мянган хүн төрийн албанд ажиллаж байна. Хөдөлмөр эрхэлж буй таван хүний нэг нь төрд ажиллаж, төр хамгийн том ажил олгогч болсон байна. Тэнд ажил хийж олон нийтэд үйлчлэх зорилготой хүн, гарын үсгээ зарж амьдрагсдын аль нь олон байна вэ? Үүнийг цэгцлэх ёстой учраас энэ шилжилтийг зайлшгүй хийх ёстой. Гэтэл мөн л гацах болох нь.
Цаашилбал, 2007 оноос хойш өнөөдрийг хүртэл УИХ-аараа эцэслэн батлаагүй, гацаасан стратегийн ордуудын жагсаалтаа батлах, тэдгээр ордоос иргэн бүрд хүртээх Үндэсний баялгийн сангийн хуулийн хэрэгжилт, мөн л 20 орчим жил улстөржиж саатуулсан Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын бүтээн байгуулалт, Франц улстай хамтарсан ураны төсөл, “Орано майнинг”-тай байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээ, тогтвортой байдлын гэрээ, энэ бүхэн “реалити шоу” биш, хоёр улсын Төрийн тэргүүн нарын богино хугацаанд харилцан айлчилсны дүнд, Засгийн газрууд нь хэлэлцээр хийж төрийн эрх барих дээд байгууллагаараа батлуулж хийхээр төлөвлөсөн ажлууд. Ардчилсан намгүйгээр хэрэгжиж болох боловч улс төрийн тогтворгүй байдал, томилгоо, халаа сэлгээний өөрчлөлтөөс салбар бүрд саад үүссэнээр 2028 он хүртэлх хугацаанд төлөвлөсөн ажлаа багтаана гэдэгт тэд итгэхгүй. “Монголын улс төр тогтворгүй байна”. Саад зөвхөн Монголын талаас гардаг гэдгийн л нотолгоо болж үлдэнэ.
Л.Оюун-Эрдэнийн хамтарсан Засгийн газар бол С.Баяраар овоглодог стандарт бус Засгийн газартай тун төстэй. Түүхэнд хар толбо үлдээсэн “Долоодугаар сарын 1”-ний үйл явдлын дараа эв нэгдэл, улсын эрх ашгийн төлөө хамтрах бүхий л бололцоог ашиглах үүднээс тухайн үед ийм шийдвэр гаргаж байсан. Үр дүнд нь Оюутолгойн гэрээг баталсан, “Атрын III аян” хэрэгжсэн гэхчлэн чамлахааргүй үр дүн гарсан. Энэ туршлага, мэдрэмжээр МАН, түүний дарга Л.Оюун-Эрдэнэ хамтарсан Засгийн газар байгуулах шийдвэр гаргасан. Нөхцөл байдлын хувьд Үндсэн хуулийн өөрчлөлтийн дараах шинэ парламентын үр дүнг харахад УИХ-ын гишүүдийн 80 хувь нь шинэчлэгдсэн. Хэрэв дангаараа Засгийн газар байгуулж даналзаад, хүч түрээд байвал дөрвөн жилийн дараа гэхэд улс орны тулгамдсан асуудлууд хэвээрээ, сонгуулийн амлалт яг гарааных шигээ, халаглаад, буруугаа хэн нэгэн рүү чихээд суух юм байна. Тиймээс хамтдаа зориглоод хийе гэсэн шийдвэр гаргасан. Гарааны нөхцөл боломжийн, томоохон төсөл, хөтөлбөр хагас жилийн дотор хийж дуусгана гэж хаана ч байхгүй гэдэг талаас нь харвал хамтарсан Засгийн газрыг огцруулснаар хожих зүйл тун чамлалттай учраас итгэл хүлээлгэх нь зүйтэй гэж олон нийт үзэж эхэлсэн бололтой.
МАН дангаараа Засгийн газраа байгуулна гэдэг нь “Байдаг л нэг” Засгийн газар байгуулагдана. Реформын чанартай дээрх ажлуудыг хийж чадахгүй. Хэрэв АН сонгуульд ялсан бол МАНынхан уриасай гээд л, урихад нь гүйж очоод орох, хамтрах байсан. Энэ бол шоолох зүйл огт биш. Энэ чинь нэг л Монгол шүү дээ.
У.Оргилмаа