Бидний цалингаасаа сар бүр төлдөг нийгмийн даатгалын шимтгэл Тэтгэврийн даатгалын санд хуримтлагддаг гэж та боддог юм биш биз. Хэрэв тийм бол энэ нь том эндүүрэл шүү. Тэтгэврийн санд өдгөө нэг ч төгрөг байхгүй, улайж хоосроод олон жил болж буй. Өөрөөр хэлбэл, жил бүр алдагдалтай ажилласаар Нийгмийн даатгалын санг өдгөө “залгих”-даа тулчхаад байна.
Одоогоос гурван жилийн өмнө гишүүд УИХын чуулганы танхимд “Нийгмийн даатгалын сангийн алдагдал 2030 он гэхэд 16 их наяд төгрөг болж, нэгээс хоёр жилийн дотор дефолт зарлах хэмжээнд хүрнэ гэж сэрэмжлүүлсэн. Тэгвэл сангийн алдагдал сүүлийн таван жилд 4.7 их наяд төгрөгт хүрээд буйг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан мэдэгдсэн юм. Санг ийм хэмжээнд хүргэсэн гол “буруутан” нь тэтгэврийн даатгалын хоцрогдсон тогтолцоо хэмээж, хамаг булхайгаа чихсээр ирэв.
Үнэндээ өнгөрсөн хугацаанд улс төрийн сонгуулийн санал цуглуулах “саалийн үнээ” нь байсаар ирсэн Нийгмийн даатгалын санг үе үеийн эрх баригчид цөлмөсөн нь үнэн. Шууд утгаараа биш ч тэд санг дампуурахад үлэмж хувь нэмэр оруулсныг салбарын сайд Л.Энх-Амгалан ч хүлээн зөвшөөрч, өдгөө тэднийг “шүүж” сууна. Тэрбээр “Манай улс нийгмийн даатгал, тэр дундаа тэтгэврийн сантай байх уу, үгүй юү гэдэг аюул нүүрлээд байна. Тиймээс бодлогын томоохон шинэчлэл хийхээс өөр аргагүй боллоо. Өмнө нь нэг ажилтны төлсөн нийгмийн даатгалын шимтгэлээр гурван хүний тэтгэврийг “тавьдаг” байсан. Харин одоо гурван хүний төлсөн татвараар нэг хүнийхийг ч өгч дийлэхгүйд хүрсэн. Энэ бүхэн тэтгэврийн тогтолцооны гажуудал, улс төрчдийн тооцоо судалгаагүй гаргасан хууль тогтоомж, тушаал шийдвэрүүдтэй холбоотой. Тухайлбал, Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийг 2022 онд баталсан. Үүний дагуу 608 мянган хүн 11 хүртэл жилээр тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн тооцуулсан байдаг. Гэтэл тэдний санд хуримтлуулсан орлого нь ердөө 38 тэрбум төгрөг. Тухайн үед иргэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр шимтгэлээ нөхөн төлсөн. Тэгвэл эдгээр хүний 300 мянга гаруй нь одоо тэтгэвэр авч байгаа. Өөрөөр хэлбэл, 38 тэрбумыг санд төвлөрүүлээд буцаагаад тэдний тэтгэвэрт 1.5 их наяд төгрөгийн зарлага гаргажээ. Цаашид үлдсэн хүмүүс нь тэтгэвэр авахаар яах вэ. Энэ бол эрх баригчдын ямар ч ирээдүйгүй, олонд таалагдах гэсэн “поп” амлалт, шийдвэрүүдийнх нь ердөө нэг шүү дээ. Иргэдийн ажилласан жилийг нөхөн тооцсон нь тэр үедээ хүндээ ээлтэй мэт байвч хэтдээ нийгмийн даатгалын санг цөлмөх “хар” бодлого болно чинээ хэн санах билээ” хэмээн хошуугаа унжуулж явна.
ТЭТГЭВРИЙН САНГИЙН ЗАРЛАГА НЭГ ИХ НАЯД ОРЧМООР ӨСЖЭЭ
Үүнээс гадна хөнгөлөлттэй нөхцөлөөр 36 сарын цалингаа нэг дор аваад, 40, 45 насандаа тэтгэвэр тогтоолгодог цэрэг, хууль, хүчний байгууллагынхныг Нийгмийн даатгалын санд маш том дарамт учруулж буйг салбарынхан шүүмжилж эхлэв. Монгол шиг ийм залуу хүмүүсийг тэтгэвэрт гаргадаг тогтолцоотой улс орон байхгүй гэнэ. Нэмээд, сонгуулийн өмнөхөн УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн санаачилсан, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дагаж гарсан журамд тэтгэвэр тогтоолгоход долоон жилийн цалингийн дунджийг үндэслэдэг байсныг болиулж, тав болгон бууруулсан нь бас л санг доройтуулах нэг шалтгаан болсон аж. Гавьяаны амралтад гарахаасаа өмнө буюу сүүлийн таван жилд ахиу дүнтэй шимтгэл төлсөн хүмүүст тэтгэврээ өндөр тогтоолгох боломжийг ялангуяа хувийн хэвшлийнхэнд олгосон гэх. Тодруулбал, сүүлийн таван жил шимтгэл өндөр хувиар төвлөрүүлсэн нь 20, 30 жил ажиллаж, нийгмийн даатгал тогтвортой төлсөн иргэдээс хамаагүй их тэтгэвэр авах болжээ. Мэдээж энэ нь шударга бус. Мөн малчдын тэтгэврийн насыг богиносгосон зэрэг нь сонгуулиар санал авах гэсэн улс төрчдийн хорон шийдвэрүүдээс эхлэлтэй, тэдний балгаар Нийгмийн даатгалын дэд сангууд өдгөө “модоо барьж” эхлээд байгаа нь энэ юм.
Улс төрийн зорилготой дээрх хэдхэн шийд-вэрээс болж нийгмийн даатгалын нөхцөл байдал ийнхүү хүндэрсээр буй тул цаашид тэтгэврийн санг одоогийн системээр санхүүжүүлж хүчрэхгүй болжээ. Тиймээс эхний ээлжид таван жилийн цалингийн дунджаар тэтгэвэр тогтоож буйг өмнөх шигээ 7-10 жил болгон өөрчлөх, хууль, хүчний байгууллагынхныг эрт тэтгэвэрт гаргадгийг болиулах, ажил олгогчийн шимтгэл төлөх цалин хөлсний дээд хэмжээнд хязгаар тогтоох зэрэг шинэчлэл хийх шаардлагатай гэж албаныхан үзлээ.
Нийгмийн даатгалын сангаас үндсэн дөрвөн эх үүсвэрийг санхүүжүүлдэг бөгөөд үүнд тэтгэвэр, тэтгэмж, ажилгүйдэл болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгал багтана. Нийгмийн даатгалын ерөнхий газрын статистик мэдээгээр сангийн орлого 2024 оны эцэст 5.5 их наяд болж, өнгөрсөн жилийн мөн үеийнхээсээ 1.2 их наяд төгрөгөөр нэмэгджээ. Харин зарлага нь 5.4 их наяд төгрөг болсон нь 2023 оныхоос 1.3 их наяд төгрөгөөр өссөн үзүүлэлт юм. Зарлага нь ийн нэмэгдэхэд Тэтгэврийн даатгалын сангийн зарцуулалт 994.1 тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.
2023, 2024 онд Нийгмийн даатгалын сангийн жилийн орлого, зарлага тэнцэж, бүр ашигтай гарсан мэт харагдавч энэ нь өнгөрсөн жилүүдийн нөхцөл байдлыг бүрэн илэрхийлэхгүй гэдгийг шинжээчид хэлж буй. Учир нь Тэтгэврийн даатгалын сангийн алдагдал жил бүр нэмэгдсэн хэвэээрээ. Тухайлбал, өнгөрсөн жил уг сангаас 509.5 мянган хүнд 4.6 их наяд төгрөгийн тэтгэвэр олгосон нь 2023 оныхоос нэг их наяд төгрөгөөр давсан дүн болов. Өөрөөр хэлбэл, тус сан улсаас жилд дунджаар 600-800 орчим тэрбум төгрөгийн татаас авч байж тэтгэврээ арайхийн “тавьсаар” иржээ. Энэ онд ч тэтгэврийн сангийн алдагдал үүнээс 2-3 дахин нэмэгдэх тооцоог салбарын яамнаас гаргаад байна.
“ШИМТГЭЛИЙГ НЭГ ХУВИАР Ч БУУРУУЛАХ БОЛОМЖГҮЙ”
Нийгмийн даатгал, НӨАТ нь жижиг, дунд бизнес эрхлэгчдэд хамгийн том дарамт болж, аж ахуйн нэгжүүд эхнээсээ хаалгаа барьсаар. Ялангуяа аж ахуйн нэгж, байгууллагуудын төлсөн шимтгэл ажилтнуудых нь тэтгэврийн хэмжээнд огтхон ч нөлөөлөхгүй байгааг тэд илүүтэй шүүмжилсээр байгаа юм. Тийм учраас ажил олгогчдын төлдөг нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулахыг шаардсаар буй. Харин салбарын сайд Л.Энх-Амгалан “Нийгмийн даатгал нь ирээдүйд тэтгэвэр авах хуримтлал юм” гэж итгүүлсээр л. Тэрбээр “Ажилтан, ажил олгогч хоёр нийгмийн даатгалд нийлээд 20, эрүүл мэндийнхэд дөрөв, ХАОАТ-т 10, нийт 34-35 хувийн шимтгэлийг цалингаасаа суутгуул-даг. Энэ нь том дарамт болж буйг ойлгож байна. Гэхдээ даатгалын дэд сангуудыг салгаж ойлгох хэрэгтэй. Жишээ нь, нийгмийн даатгалын шимтгэлийг нэг хувь бууруулахад л сангийн орлого 261 тэрбум төгрөгөөр тасарна. Хоёр хувь бууруулахад эл мөнгөн дүн 522 тэрбум төгрөгт хүрнэ” гэж саяхан мэдэгдэв.
Үүнээс үзвэл нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах лөөлөө болжээ. Ч.Лодойсамбуу тэргүүтэй нэр бүхий гишүүдийн санаачилсан, нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах тухай хуулийн төслийг ч одоохондоо авч хэлэлцэх боломжгүй талаараа сайд, дарга нар яриад эхэлж. Товчхон хэлбэл, сүүлийн 35 жилийн даатгалын сангийн тогтолцооны дампуурлыг идэвхтэй хөдөлмөр эрхлэгчид, татвар төлөгчид цаашид ч үүрсээр байх нь. Аж ахуйн нэгжүүд нь татварт дарлуулж, хаалгаа барьсаар, хөдөлмөр эрхлэгчид гадаадад дүрвэсээр энэ улсад баялаг бүтээгч ч үгүй боллоо. Нөхцөл байдал иймдээ тулчхаад байхад сайд, дарга нар нэг л их реформ ярьж, томорсон улс. Хийж, гийгүүлж байгаа ч юм алга.
САНГИЙН ҮЛДЭГДЭЛ МӨНГӨӨР ЭРХ БАРИГЧИД ДАХИАД “ТОГЛОХ” ВИЙ
Тэтгэврийн сан нь “улайчихсан”, өнөө маргаашгүй дефолт зарлахдаа тулчхаад байхад дарга нар “Нийгмийн даатгалын сангийн үлдэгдэл мөнгийг банканд байршуулж, бондод хөрөнгө оруулсны анхны ашгаа хүртлээ” хэмээн “шоудсаар” байна. Засгийн газрын 14 дүгээр тогтоолын дагуу өнгөрсөн онд Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлээс 300 тэрбум төгрөгийг бондод хөрөнгө оруулсан. Үүний хүүгийн эхний ашиг болох 13.3 тэрбум төгрөгийг санд төвлөрүүлснийг салбарын яамнаас энэ сарын 19-нд мэдэгдсэн билээ. Мөн арилжааны дөрвөн банканд 14.2-15 хувийн хүү хүртэх нөхцөлтэйгөөр 700 тэрбум төгрөг байршуулаад байгаа аж. Ингэснээр сангийн хөрөнгө 2025 онд 105 тэрбум төгрөгөөр нэмэгдэх төлөвтэй.
Даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл болох нэг их наяд төгрөгийг ийнхүү бондод хөрөнгө оруулж, банкуудад байршуулаад буй. Гэвч иргэд үүнд итгэхгүй хэвээрээ. Учир нь өмнөх гашуун түүхүүдийг бид мартаагүй. Хамгийн сүүлд гэхэд “Капитал”, “Чингис хаан” банканд байршуулсан нийт 168 тэрбум төгрөгөө улс одоо болтол санд бүрэн төвлөрүүлж чадаагүй. Тав, арван тэрбум төгрөгөөр нь увуулж цувуулж авсаар, эцэстээ хүчрэхээ байгаад шүүх, прокурортоо тулсан. Үүнийг давтахгүй гэх баталгааг өдгөө хэн ч өгч чадахгүй л байна. Тэгсэн атлаа эрх баригчид сангийн хөрөнгийг өсгөж буй мэтээр өөрсдийгөө сурталчилж, “ялсан баатар” шиг аашлах болсон нь гунигтай.
1990 оноос хойш хуваарилалтын тогтолцоотой явж ирсэн тэтгэврийн санг хагас хуримтлалын хэлбэр лүү шилжүүлэх нь зөв гэдгийг эдийн засагчид хэлж буй. Энэ нь иргэдийн төлж байгаа шимтгэлийн тодорхой хувийг өөрийнх нь нэр дээр бодит хуримтлал болгох систем юм. Олон улсад ч хувь хүнийг цөөнгүй эх үүсвэрээс тэтгэвэр авах боломжийг бүрдүүлсээр ирэв. Ингэснээр тэтгэвэрт гарсныхаа дараа иргэд зээлээс зээлийн хооронд ядуу амьдрах бус, үлдсэн насаа хангалуун өнгөрүүлэх боломжтой. Тухайлбал, суурь тэтгэвэр авна, одоогийн төлж буй шимтгэлд нь суурилсан урамшуулал дагалдана. Мөн хувийн тэтгэврийн санд хуримтлуулсан дүнгээсээ ч хишиг хүртэх юм.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл “Манай улс 2023 онд гэхэд эрчим хүчний салбарт 350 тэрбум орчим төгрөгийн алдагдал хүлээсэн. Гэтэл үүнээс хоёр дахин их алдагдалтай, Тэтгэврийн даатгалын сангийн зардлыг төсвөөс чимээгүйхэн “урсгасаар” л байх уу. Энэ янзаараа явбал таван жилийн дараа улсын төсвийн урсгал зардлыг бүгдийг нь өгөөд ч уг санг санхүүжүүлж хүчрэхээ болино. Тэтгэврийн шинэчлэлийг хийхгүйгээр нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах ямар ч боломжгүй” гэлээ.