БНХАУ-аас манай оронд суралцаж буй оюутнуудын боловсролын чанар, сургалтын нөхцөлийн талаар тус улсын Боловсролын солилцооны үйлчилгээний төв (CSCSE) өнгөрсөн онд шалгалт хийсэн байна. Шалгалтын дүнд үндэслэн дээрх төвөөс Монгол Улсын их, дээд найман сургуулийн сургалтын чанар сайжирсан буюу “хэвийн” ангилалд багтааснаа өнгөрсөн долоо хоногт албан ёсоор мэдэгдлээ. Тодруулбал, нэр бүхий их, дээд сургуулиудын дипломыг Хятадын тал албан ёсоор хүлээн зөвшөөрч, оюутнууд нь өөрийн улсад боловсролын зэргээүнэлүүлэхэд асуудалгүй болж буй юм.
Мөн тус улсаас өөрийн оюутнуудыг Монгол Улсад суралцуулахтай холбоотойгоор зөвлөмж хүргүүлсэн байна. Үүнд танхимын сургалтыг эрхэмлэхийг нэн тэргүүнд анхааруулжээ. Өөрөөр хэлбэл, онлайн хэлбэрийн сургалтыг урд хөрш хүлээн зөвшөөрөхгүй тул хятад оюутнуудыг заавал танхимын сургалтад хамруулах шаардлагатай гэжээ. Түүнчлэн их, дээд сургуульд элсэлтийн үйл ажиллагаанд оролцож буй агент, зуучлагч байгууллагыг сонгохдоо хянуур хандаж, итгэлтэй, баталгаатай түншүүдтэй хамтран ажиллахыг оюутнууддаа зөвлөсөн гэнэ.
Энэхүү алхам нь Монголын дээд боловсролыг олон улсад хүлээн зөвшөөрөхөд эерэг нөлөө үзүүлж, хоёр орны боловсролын салбарын хамтын ажиллагаанд шинэ боломж нээсэн хэмээн Боловсролын яамныхан онцлон тэмдэглэлээ.
Ч.Болор