Төгрөгийн эсрэг тасралтгүй чангарч буй валют ам.доллароос гадна өмнөд хөршийн юань болж байна. Монгол банкны өчигдрийн албан ханшаар нэг юань 497 төгрөгтэй тэнцэж байсан бол валют арилжааны захад 501-502, арилжааны банкуудад 502-503 төгрөгт хүрэв. “Найман шарга”-д ченжүүд юанийг өчигдөр 499-500 төгрөгөөр худалдан авч, 501-502 төгрөгөөр борлуулж байв. Харин банкууд 496-498 төгрөгөөр худалдан авч, 502.1-503.5 төгрөгөөр зарж байсан юм. Ченжүүд “Сүүлийн 14 хоногт юанийн ханш 500 төгрөгөөс давж, тогтворжсон. Цаашид ч ханш нь энэ хэмжээнд хадгалагдана. Зургаа, долоодугаар сард 505-510 орчим төгрөгт хэлбэлзэж байгаад намар хичээл сургууль эхлэх үеэр огцом өсөх магадлалтай. Банкууд их хэмжээгээр юань борлуулахгүй, бэлэн бусаар арилжиж байгаагаас эрэлт нь нэмэгдсэн” гэв.
Юанийн ханш 503 төгрөгт хүрсэн нь энэ сарын эхэн үеийнхээс дөрвөн төгрөг буюу 0.8, өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 7.5 хувиар өссөн дүн болж байна. Эдийн засагчид юанийн ханшийн өсөлтийг манай улсын гадаад худалдаа, нүүрсний экспортын орлого буурсантай холбоотой хэмээн үзэж буй. Энэ өсөлт удаан үргэлжилбэл өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар, худалдааны салбарын ашиг буурна.
Ж.Сувд