Дархан-Уул, Сэлэнгэ, Архангай, Орхон, Дорноговь, Говьсүмбэр аймгийн 15 сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн эрүүл ахуй, чанар, аюулгүй байдлыг шалгажээ. Тодруулбал, Шадар сайд С.Амарсайханы тушаалаар байгуулсан ажлын хэсгийнхэн энэ оны эхний хагас жилээс боловсролын байгууллагын гал тогоонд “дүн тавьж” эхэлсэн байна. Гэтэл сургуулиудын гал тогооноос гэдэсний савханцар үүсгэгч нян илэрсэн төдийгүй тогооч нар нь ариун цэврийн шаардлага хангаагүй хувцас хэрэгсэлтэй байсан зэрэг нийтлэг зөрчил бүртгэгдсэн байна. Түүнчлэн цэцэрлэгийн хүүхдүүдийн хоолны шим тэжээл 10 хувь хэтэрсэн бол сургуулийнх 35 хувиар дутуу гарчээ. Иймд тухайн сургуулиудад хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг мөрдүүлэх, хүүхдийн хоолны илчлэг, шим тэжээлийн чанарыг сайжруулах зөвлөмжийг өгсөн гэнэ.
Харин өнгөрсөн долоо хоногоос нийслэлийн зургаан дүүргийн ерөнхий боловсролын 10 орчим сургуульд уг шалгалтыг эхлүүлжээ. Тухайлбал, МУБИС-ийн харьяа лицей, нийслэлийн 47 дугаар сургуулийн хоол үйлдвэрлэлийн орчинд эрүүл ахуйн стандартыг хэрхэн мөрдөж буйг өчигдөр шалгасан байна. Өөрөөр хэлбэл, сургуулиудын гал тогооны хэрэгсэлд нянгийн шинжилгээ, гал тогооны агааржуулалт, орчны эрүүл ахуйн байдал, хоолны шим тэжээл зэрэг нь стандартын шаардлага хангаж буй, эсэхийг хянажээ. Нэгдсэн дүн гарахаар олон нийтэд мэдээлэх аж.
Ч.Цэлмэг