Засгийн газар баасан гаригийн ээлжит хуралдаанаараа “Эрдэнэс Тавантолгой” ХКийн үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар хэлэлцлээ. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд тавьсан хатуу хучилттай автозамын хураамжийг бууруулах чиглэлээр шаардлагатай арга хэмжээ авч ажиллахыг Ерөнхий сайд Н.Алтанхуяг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Зам тээврийн сайд А.Гансүх нарт даалгав. Түүнчлэн “Эрдэнэс Тавантолгой” ХК болон “Чалко Трейдинг Хонконг” ХХК-ийн хооронд байгуулсан Нүүрс худалдан авах тухай гэрээ хуульд нийцсэн эсэх талаар хууль зүйн дүгнэлт гаргаж, илэрсэн зөрчлийг хууль, хяналтын байгууллагаар шалгуулж шийдвэрлүүлэх, “Эрдэнэс Тавантолгой” ХК-д зориулалтын бус, ашиглалтын шаардлага хангаагүй хүнд даацын автомашин болон дугуй нийлүүлсэн асуудлыг шалгуулж, компанид учирсан хохирлыг арилгуулахыг Хууль зүйн сайдад үүрэг болголоо.