“ДНБ-ийг 95 их наяд төгрөгт, нэг хүнд ногдохыг өнөөдрийн ханшаар бодоход 8000-10000 ам.долларт хүргэнэ” гэсэн хэт өөдрөг дэврүүн төсөөлөлтэй, “Хөгжлийн төлөөх бүтээн байгуулалтуудыг бодитой хэрэгжүүлж эхэлнэ” гэсэн онцлогтой 2025 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барихаар болсноо Сангийн яамныхан өчигдөр олон нийтэд танилцууллаа. 2025 он нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх гарааны бүтэн жил учраас эдийн засгийн хамгийн тулгамдсан, хугацаа шаардсан суурь асуудлуудыг шийдвэрлэж эхлэх, бүсчилсэн хөгжлийн цогц реформын эхний шатыг хэрэгжүүлэх, нийслэлийн төвлөрлийг задлах зэргээр олон жил ужгирсан асуудлуудыг дорвитой шийдвэрлэхэд чиглэснээрээ онцлогтой төсөв болжээ. Бодлогын гол онцлог нь юуны өмнө Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу өргөн барих хамгийн анхны төсөв бөгөөд дэд бүтцийн томоохон 38 төслийг санхүүжүүлэхийг зорьж, сургууль, цэцэрлэг зэрэг нийгмийн шинж чанартай хөрөнгө оруулалтыг түр хойшлуулсан гэнэ.
Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн бодлого болон Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан бүсүүдийн авто зам, эрчим хүч, дэд бүтцийн хөгжлийн бүтээн байгуулалтуудыг санхүүжүүлэхэд улсын төсвийн хөрөнгө оруулалт, гадаадын зээл, тусламжийн нийт 6.9 их наяд төгрөгийг төлөвлөсөн нь түүхэнд хамгийн өндөр хөрөнгө оруулалтыг дэмжих жил болж байна. Үүний 24 хувь буюу 1.6 их наяд төгрөг нь зам, тээврийн, найман хувь буюу 0.6 их наяд төгрөг эрчим хүчний, 11 хувь буюу 0.7 их наяд төгрөг нь инженерийн дэд бүтцийн чиглэлээр, үлдсэн нь бусад салбарт зориулагдах гэнэ. Эдгээрээс гол цөм нь авто зам бөгөөд бүсүүдийн эдийн засгийн эргэлтийг дэмжих зорилгоор аймгийн төвүүдийг хооронд нь болон хилийн боомттой холбосон “Таван тойрог” авто замын их бүтээн байгуулалтын ажил хийхээр төлөвлөжээ. Энэ ажлын хүрээнд ирэх онд нийт 2120 км авто зам шинээр барих аж. Тухайлбал, аймгийг аймагтай холбох 1079.7, аймгуудыг боомттой холбох 708.6, аялал жуулчлалын бүсүүдэд 332.6 км авто зам барихаар төлөвлөсөн байна.
Нийслэл Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын дотор хүргэх шинэ орчин нөхцөлийг бүрдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулахад чиглэсэн “Хөшигийн хөндийн туннель”, “Өөдөө тэмүүлэх Монгол” ган татлагат гүүрэн байгууламж зэрэг томоохон төслийн санхүүжилтийг үе шаттайгаар шийдвэрлэж хэрэгжүүлэх аж. Мөн Засгийн газрын нэг цэгийн үйлчилгээний цогцолборын барилга угсралтын ажилд 210, АНУ-ын Мянганы сорилтын сангийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх төслийн ус гүн цэвэршүүлэх байгууламж, хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн барилга угсралтын ажилд 202 тэрбум төгрөг төсөвлөжээ. Олон жил сунжирч буй Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажилд 80 тэрбум төгрөгийг 2025 онд тусгасан байна.
Орон нутагт хэрэгжих томоохон төслүүдээс дурдвал БНХАУ-ын “Эксим” банкнаас санхүүжиж буй 90 МВт-ын хүчин чадалтай Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, БНЭУ-ын “Эксим” банкнаас санхүүжиж буй, жилд 1.5 сая тоннын хүчин чадал бүхий Газрын тос боловсруулах үйлдвэрийн барилга угсралтын ажилд нийт 549.9 тэрбум төгрөг төсөвлөжээ. Мөн БНФУ-ын нэн хөнгөлөлттэй зээлээр Үндэсний хиймэл дагуулын сүлжээг байгуулж, иргэд оршин суугаа газраас үл хамааран интернэттэй холбогдох, мэдээллийг тэгш хүртээмжтэй хүргэх, төрийн үйлчилгээнд шууд хамрагдах боломж бүрдэнэ. Эдгээрийг ерөнхийд нь “өөрсдөө хөрөнгө оруулалтаа олоод ирж буй төслүүд” гэж хэлж болохоор байгаа юм.
Мөн бүс нутгийн найдвартай цахилгаан хангамжийг бий болгох, орон сууцжуулах бодлоготой уялдуулан инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийн санхүүжилтэд нийт 273 тэрбум төгрөг төсөвлөжээ. Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах зорилгоор ШУТИС-ийн Механик, тээврийн сургуулийг Хөшигийн хөндий рүү, ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургуулийг Дархан, Сэлэнгийн бүс рүү нүүлгэхтэй холбоотой зураг төсөв болон ирэх онуудад улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний бэлтгэл ажил, ТЭЗҮ, зураг төсөвт шаардлагатай санхүүжилтийг тусгав.
Төсвийн хөрөнгө оруулалтын бас нэг онцлох арга хэмжээ болох төрийн албан хаагчдыг орон сууцжуулах цогц хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлэхээр 90 тэрбум төгрөгийг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын багцад төсөвлөжээ.
Нэгэнт бүсчилсэн хөгжилтэй төсвийн бодлогоо уялдуулж байгаа учраас татварын бодлогыг ч мөн ийм байдлаар боловсруулсан харагдлаа. Тухайлбал, ирэх оноос эхлэн Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан бодлоготой уялдуулан бүсүүдийг төрөлжүүлэн хөгжүүлэх татварын ялгаатай бодлогыг хэрэгжүүлэх нь. Энэ бодлогын хүрээнд нийт 20 гаруй төрлийн татварыг бүсийн онцлогоос хамааран ялгаатай тогтоох гэнэ. Ингэснээр тухайн бүс, орон нутгийн төсвийн бие даасан байдал, хөрөнгө оруулалтын болон эдийн засгийн бодлогоороо өрсөлдөж хөгжих боломж бүрдүүлэх зорилготой аж.
Нөгөөтээгүүр, бүсчилсэн хөгжлийн бүтээн байгуулалтын ажлыг зөвхөн улсын төсвийн эх үүсвэрээр хийх боломжгүй тул хувийн хэвшлийг татварын багц дэмжлэгээр урамшуулах таатай бодлого байж болохыг Сангийн яамнаас онцоллоо.
Төрийн өмчийн талаар тун сонирхолтой шинэ ажлуудыг ирэх оны төсвийн бодлогод тусгасан байна. Үүнд эдийн засаг дахь төрийн оролцоо, их хэмжээний алдагдалтай ажилласаар ирсэн төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүдийн талаарх шинэчлэлүүд зайлшгүй ирсэн нийгмийн захиалга гэдгийг онцлох нь зүйтэй болов уу. Иймд төрийн өмчит компаниудын засаглалыг олон улсын сайн жишигт нийцүүлэн Төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагыг хараат бус, мэргэжлийн экспертүүдээс бүрдүүлэх, ил тод байдлыг хангуулан, сахилга батыг сайжруулж, үр ашиг, бүтээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай талаар Сангийн сайд тодорхой танилцуулсан юм.
Хамгийн чихэнд чимэгтэй мэдээнүүдийн нэг нь боловсруулах үйлдвэрүүдийг татварын бодлогоор дэмжих тухай байсан бөгөөд энэ талаар дараагийн нийтлэлүүдээрээ хүргэх болно. Товчхондоо “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд Засгийн газраас 2030 он гэхэд боловсруулах үйлдвэрүүдийг салбар харгалзахгүйгээр татварын бодлогоор дэмжихээр өргөн бариад байгаа төсвийн төсөлд тусгажээ.
Түүнчлэн жил бүр өсөн нэмэгдэж байгаа орон сууцын эрэлтийг хангах, хөнгөлөлттэй зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 2025 оны төсвийн жилд Хуримтлалын сангаас 562, Монголбанкны эх үүсвэрээр 500, арилжааны банкны эх үүсвэрээр 300 орчим тэрбум, нийт 1.3 их наяд гаруй төгрөгийг зээлийн эх үүсвэрт гаргах аж. Үүний 50-иас доошгүй хувийг орон нутагт чиглүүлэхээр заасан байна. Энэ зорилтын хүрээнд орон сууцын хөнгөлөлттэй зээлийг бага, дунд орлоготой иргэдэд чиглүүлэх нь. Хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор зургаан хувийн хүүтэй орон сууцын хөнгөлөлттэй зээлийг гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд олгох, хашаандаа эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц шинээр барьсан тохиолдолд 30 хүртэлх сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгохоор төсвийн төсөлд тусгажээ.
Эдийн засаг нийгмийн өргөн хүрээг хамарч, бүсчилсэн хөгжлийн бодлогыг тусгасан энэ удаагийн төсвийн төсөлд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2025 онд нийт 12.4 их наяд төгрөгийн төсөвт өртөг бүхий 640 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж, 4.3 их наяд төгрөгийн санхүүжилт хийхээр төлөвлөсөн. Энэ нь өмнөх онуудынхаас хамгийн өндөр дүн болж байгаа бөгөөд ДНБ-ий 4.5 орчим хувьтай тэнцэхээрээ онцлог юм. Үүнээс төсвийн нийт хөрөнгө оруулалтын 57.1 хувь нь орон нутагт буюу хангай, төв, говь, хойд, баруун, зүүн бүсэд, 25 хувь нь Улаанбаатар хот болон Хөшигийн хөндийд хэрэгжүүлэх томоохон бүтээн байгуулалтуудад ногдож байна.
У.Оргилмаа