Манай улсын авто замуудад ус зайлуулагч хангалтгүй. Үүнээс үүдэн зун бүр л хотын зам, талбай усанд автаж байна. Уг нь жил бүр л авто замуудыг өргөтгөн шинэчилдэг. Гэтэл замууддаа ус зайлуулагч суурилуулах нь ховор. Улмаар байгальдаа шингэх ёстой борооны ус цардмал талбай буюу асфальтан дээр бууж, шинэчилж, сайжруулсан замыг нь эвдэх шалтгаан болж байна. Улаанбаатар хотод байнга тулгардаг эл асуудлыг шийдэх гарц хайж, усны барилга байгууламжийн инженер, судлаач Г.Батзоригтой ярилцлаа. Тэрбээр усны бүх төрлийн барилга байгууламжийн чиглэлээр зураг төсөл, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг “Гидродизайн инноваци” ХХК-ийн захирал юм.
-Борооны ус зайлуулах систем гэж юу вэ. Улаанбаатар хотын одоогийн орчин нөхцөлд тохируулан үүнийг шийдэх гарц байна уу?
-Хот, суурин газрын хувьд ус үл нэвтрүүлэх, аливаа талбайд буух борооны усыг зайлуулах системтэй байх шаардлагатай. Уг системийг хөрш, зэргэлдээ зам, талбайг усанд автуулахгүй байхаар төлөвлөх ёстой. Тиймээс зөвхөн нэг гудамж, зам, талбайн хувьд төлөвлөх боломжгүй.
Системээр нь төлөвлөх хэрэгтэй. Олон улсад хот, суурин газрын зам, талбайгаас байгальд нийлүүлэх борооны усны чанарыг чухалчилдаг болсон. Харин манай улсын хувьд дөнгөж л зайлуулах системийг зөв төлөвлөж, зам, талбайн усаа байгальд нийлүүлэх талаар ярьж байна шүү дээ. Хот, суурины борооны ус зайлуулах систем нь цардмал талбай буюу барилга бүрийн дээвэр, фасад, хучилттай болон хатуу талбай, зогсоол, гудамж, замд байх ёстой. Энэ нь суурьшлын бүсийг усанд автуулахгүйгээр байгальд нийлүүлэх барилга байгууламжийн цогц систем юм. Улаанбаатар хотын хувьд үүнийг хэрхэн шийдэх талаар сүүлийн жилүүдэд олон судалгаа, зураг төсөл хийж байгаа. Уг судалгааны ажлуудад залуу судлаач, инженерүүд оролцож байна.
-Нийслэлийн ус зайлуулах байгууламжийн өнөөгийн хүчин чадал ямар байгаа вэ?
-Нийслэлийн хувьд замын ус зайлуулах байгууламжийн хүчин чадал нь маш бага. Нийт авто замын 16.2 орчим хувь нь л ус зайлуулах байгууламжтай. Зам, талбайг шийдэхдээ ус зайлуулах системийг нь орхигдуулсан гэсэн үг. Учир нь өнгөрсөн жилүүдэд хур бага байлаа. Тиймээс зам барихдаа ус зайлуулах системийг нь хасдаг тохиолдол ихэссэн. Энэ нь төсөвт өртөгтэй холбоотой. Бас зам барьдаг компаниуд, захиалагч нь ч тухайн мэргэжлийн хүмүүсийн саналыг хүлээж авдаггүй байсантай хамааралтай. Нэг км зам барих төсөвт өртөг нь тэрбум төгрөг гэж бодъё. Үүнийг ус зайлуулагчтай хийвэл өртөг нь 1.8 тэрбум болж нэмэгдэнэ. Тиймээс богино хугацаанд бага өртгөөр зам барихын тулд ус зайлуулах системийг нь хасчихдаг гэсэн үг. Сүүлдээ явган хүний зам, гэрэлтүүлгээ ч, ус зайлуулагчаа ч хасдаг болсон. Энэ мэтээр хассаны уршгаар нийслэл өнөөдөр автомашин байршуулахаас өөр ач холбогдолгүй замуудтай болчхоод байна.
-Манай улс бараг л жил болгон замаа засдаг. Гэтэл борооны ус зайлуулагч байхгүй учраас усанд автаад эвдэрчихдэг шүү дээ. Улмаар дараа жил нь дахиад л засахаас өөр аргагүйд хүрч, илүү их зардал гаргаад байх шиг.
-Зам барихдаа ус зайлуулах системийг нь заавал хийх ёстой. Ус зайлуулах систем нь замын арчлалтад голлох байр суурь эзэлдэг. Тиймээс энэ нь найдвартай, бүрэн хүчин чадлаараа ажилладаг байх ёстой. Ингэхээр л эцсийн үр дүн нь төсөвт өртөгтэй хамааралтай болдог. Мөн салбар дундын уялдаа холбоо гэж бий. Энэ замын зураг төсөл нь төдөн төгрөг болно гээд баталчихдаг. Гэтэл зураг төсөлд тусгасан мөнгө нь зөвхөн зам барих төсөвт өртөг байх жишээтэй. Усны инженерүүд оролцож, хамтраад хийе гэхээр төсөв нь хүрэлцдэггүй. Ингээд л ус зайлуулах системээ орхиж, зөвхөн зам л барих шаардлагатай болдог юм.
-Манайд зам талбайн ус зайлуулах системийг төлөвлөхдөө ер нь анхнаасаа ямар алдаа гаргасан юм бол?
-Ус зайлуулах системийг зам барих төсөвтөө тусгаагүй. Мөн салбар дундын уялдаа холбоо тааруу. Түүнчлэн бүтээн байгуулалтаа анхны төлөвлөлтийнхөө дагуу хийдэггүй. Хотын ерөнхий төлөвлөгөөний нэг хэсэг нь инженерийн бэлтгэл арга хэмжээний төлөвлөлт байдаг. Үүнд үерийн хамгаалалт, зам, талбай, хөрс, дээвэр фасадын ус зайлуулах системийг цогцоор нь төлөвлөдөг юм. Үүний дараа цэвэр, бохир ус, дулааны шугамаа төлөвлөнө. Дараа нь зам болон ногоон байгууламжаа, хамгийн сүүлд барилгаа төлөвлөж барьдаг. Гэтэл манайд энэ систем алдагдчихсан.
Эхлээд барилгаа барьчхаад, дараа нь бусад асуудлыг нь шийдэх гээд байна шүү дээ. Улмаар ерөнхий төлөвлөгөөгөөрөө инженерийн дэд бүтцийн болон иргэний хамгаалалтын байгууламжийг барих гэхэд зай талбай олдохгүй байгаа юм. Төрийн бодлого алдагдаад буй нь ч үүнд нөлөөлдөг. Ерөнхий төлөвлөгөөгөө батлуулсан бол түүнийгээ маш сайн мөрдөх ёстой. Гэтэл манайд энэ үйл явц алдагдчихсан. Батлагдсан ерөнхий төлөвлөгөөгөөр төлөвлөлтөө зангидаад хэрэгжүүлэх гэхээр тэр талбайдаа дахиад хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлуулаад, өмнөхөө үгүйсгэж өөрчилдөг. Энэ нь хууль, эрх зүйн орчны хувьд ч уялдаа холбоогүй байгааг илтгэнэ.
-Замаа нэгэнт л ус зайлуулагчгүй барьчихсан бол дараа нь нэмж шийдэх боломжтой юу?
-Шийдэх боломжтой. Ус зайлуулах систем нэмж тавина гэсэн үг. Замын нэгдүгээр эгнээ, хашлага, эсвэл явган хүний зам, ногоон байгууламжийн доогуур ус зайлуулагч шинээр хийнэ. Ийм байдлаар зам барьсны дараа нөхөн сэргээлтийн зардал маш их гардаг. Анх тавьснаасаа илүү их зардал гаргана гэсэн үг. Монголчууд ярьдаг шүү дээ, ажлыг эхлэлээс нь бус, төгсгөлөөс нь хийж байна гэдэг. Яг л тэр үйл явц өрнөж байна.
-Шинээр барьж буй зам, талбайд ус зайлуулагч суурилуулах бол голчлон юунд анхаарах шаардлагатай бол?
-Анхнаасаа ерөнхий төлөвлөлтдөө тохирсон судалгаа, тооцоололд суурилсан ажлын зураг төсөл боловсруулах шаардлагатай. Гүйцэтгэлийн шатанд түүнийгээ ягштал баримтлах нь зүйтэй. Ингэхдээ төсөл, тооцоо зэргийг нь усны мэргэжлийн байгууллагаар хийлгэвэл зохистой. Түүнчлэн тухайн газар орны байгаль, цаг уурын нөхцөлд нь уялдуулах ёстой юм.
Шийдвэр гаргах түвний хүмүүс “Ус зайлуулах систем хийснээс замаа жаахан ч болов уртасгая, эсвэл явган хүний зам барья” гэж үздэг . Эрсдэлээ огт тооцохгүй байна. Тэгэхээр тухайн үед хийсэн хөрөнгө оруулалт их байж болох ч дараа нь үүсэх эрсдэл , хохирол нь түнээсээ хэд дахин илүү байх магадлалтай юм.
-Нэг км зам, талбайд ойролцоогоор хэдий хэмжээний ус зайлуулагч байх ёстой гэсэн стандарт бий юү?
-Манай улсад барилгын норм, дүрмүүд гэж бий. Бетон эдлэл, хийцэд тавигдах стандартууд байгаа. Зургийн цомгууд ч байдаг. Гудамж, зам, талбайн зай, хэмжээ, байршил, нөхцөл, төрөл, хэвийгээс нь хамааруулаад ус зайлуулах системийг төлөвлөх хэм хэмжээг тэдгээр баримт бичигт тусгасан.
-Өндөр хөгжилтэй орнуудад үүнийг хэрхэн шийддэг юм бол?
-Хот байгуулахдаа л анхнаасаа ус зайлуулах системээ шийдчихдэг. Төлөвлөлтийн үед ямар шаардлага тавьсан түүнийхээ дагуу бүтээн байгуулалтаа хийнэ. Дараа нь ус зайлуулах системд цугларсан усаа хуримтлуулж, дахин ашигладаг. Өөрөөр хэлбэл, хуримтлуулсан усаа ахуйдаа ашиглах, зам, талбай, барилга байшингаа угаах, ногоон байгууламжаа услах гэх мэтээр эргэлтэд оруулдаг юм.
-Зам, талбайд хуримтлагдсан усаа дахин ашиглах ямар боломж манай улсад байна вэ?
-Нийслэлийн эзэмшлийн зам, талбайд хуримтлагдсан усыг тухайн суурьшлын бүсээс зайлуулж, Улиастай, Сэлбэ, Дунд, Толгойт, Туул зэрэг гол руу асгаж байна. Үүнийг дахин ашиглах байгууламж манайд одоогоор байхгүй. Үүнээс өмнө бид ус зайлуулах байгууламжаа барьчихвал дараагийн шатанд дахин ашиглахад анхаарах боломжтой.
Ингэхдээ үерийн эрсдэлээс бүрэн хамгаалах чадвартай ус зайлуулах байгууламж барих ёстой. Харин үүний дараа дахин ашиглах, хуримтлуулах байгууламжаа барих хэрэгтэй гэсэн үг. Өөрөөр хэлбэл, усаа зайлуулж чадахгүй байж хуримтлуулах байгууламж барих нь эрсдэлтэй. Тэгэхээр ус зайлуулах боломжтой байгууламжаа нийтэд нь барьчхаад, дараа нь тэндээс тодорхой хэмжээний усыг нь эргүүлэн ашиглах систем хийнэ. Өндөр хөгжилтэй орнуудад дотор нь машин явах хэмжээний, 4-5 метрийн диаметртэй ус зайлуулах байгууламж байдаг. Харин манайд төсөв хөрөнгөөсөө шалтгаалаад томоохон коллектор барьж чадахгүй байна шүү дээ. Багахан хэмжээний 300, 500, 800, 1000-ын хоолойнууд л тавьдаг. Ер нь ихэнхдээ л ус зайлуулах системгүй зам, талбай, барилга барьж байна.
-Орон нутгийн замд ус зайлуулах шугам хоолойг шийдэх нь нийслэлд барихаас өртөг зардлын хувьд бага уу?
-Тухайн сав газар буюу ус хураах талбайгаас ямар хэмжээний ус орж ирж байгаагаас шалтгаалан түүнд нь тохирсон хоолой, гүүр, чиглүүлэх, давуулах далан, суваг, шуудуу зэргийг барьж болно. Үүнээс өөр аргагүй. Түүнчлэн мэргэжлийн хүмүүсээр хийлгээгүйгээс болж зам усанд угаагдах, урсах, эвдрэх тохиолдол гарч байна. Энэ нь мөн л салбар дундын уялдаа холбоо тааруу байдгаас шалтгаалдаг. Дээр дурдсанчлан зам барихдаа замын инженер зөвхөн замаа, усны инженер нь ус зайлуулах байгууламжаа төлөвлөөд л явах ёстой гэсэн үг. Чиглэл чиглэлээрээ л дагнах нь зүйтэй.
-Улаанбаатар хот зам, талбайн ус зайлуулагчаа шийдэхгүй удвал цаашид ямар эрсдэл нүүрлэх вэ?
-Нэгдүгээрт, хүн амын эрүүл мэндэд асар их хор хохиролтой. Үерийн усаар зөөгдөж ирсэн, маш их бохирдолтой лаг, хагшаасанд дарагдана. Лаг, хагшаас нь үнэндээ гэр хорооллын айлын нүхэн жорлон, хогийн цэг, оршуулгын газрын бохирдлыг тээж ирдэг. Төсвийн мөнгө уйлдаггүй гэдэг шиг барьсан бүх зам, талбай хэрэгцээгүй, үхмэл хөрөнгө болно. Тэгэхээр асар их баялгийг үерийн усанд урсгаж байна гэсэн үг. Тиймээс үүнийг зөв менежмент, тогтолцоогоор цогцоор нь шийдэх шаардлагатай. Ташрамд дурдахад, манай улсад усны салбарын бодлого орхигдсон. Шийдвэр гаргах түвний хүмүүс “Ус зайлуулах систем хийснээс замаа жаахан ч болов уртасгая, эсвэл явган хүний зам барья” гэж үздэг. Эрсдэлээ огт тооцохгүй байна. Тэгэхээр тухайн үед хийсэн хөрөнгө оруулалт их байж болох ч дараа нь үүсэх эрсдэл, хохирол нь түүнээсээ хэд дахин илүү байх магадлалтай юм. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд инженерийн бэлтгэл арга хэмжээний төлөвлөлтийн дагуу байгууламжуудаа маш сайн төлөвлөх шаардлагатай.
Бэлтгэсэн У.Цэцэгсүрэн