Ойрын өдрүүдэд бороо хур элбэг, томоохон гол, мөрөн үерлэж буй ч иргэд усанд орж эндэх явдал буурахгүй байна. Энэ он гарснаас хойш өчигдрийн байдлаар усны ослын 91 тохиолдол бүртгэгдэж, 81 хүн нас баржээ. Тэдний 14 нь хүүхэд байсан гэх мэдээллийг ОБЕГ-аас өгсөн юм. Тухайлбал, өнгөрсөн сарын 30-нд Баянзүрх дүүргийн XX хорооны нутагт байрлах “Монгол шилтгээн”-ий урд Туул голд сэлэхээр орсон 36 настай эрэгтэй живж, амиа алджээ. Тэрбээр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голд орсон байна. Мөн уржигдар Туул голд 68 настай эмэгтэй А осолдож, нас барсан аж. Түүнчлэн Хөвсгөл аймгийн Жаргалант сумд мотоциклоор малдаа явсан иргэн Г сураггүй болсон гэх дуудлага онцгой байдлын байгууллагад ирсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Галт сум дахь Гал түймэр унтраах, аврах 76 дугаар анги болон цагдаагийн тасгийн алба хаагч, Жаргалант сумын ЗДТГ-ын ажилтнууд, ар гэрийнхнийх нь хамт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн гэнэ. Харамсалтай нь, түүнийг Идэр голын усанд осолдсон байсныг олжээ.
Мөн Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нутагт жимс түүхээр явсан есөн хүнээс тав нь сураггүй болсон дуудлага уржигдар 21.48 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна. Дуудлагын дагуу онцгой байдлын болон цагдаагийн байгууллагын алба хаагчид газар дээр нь 00.30 цагт очиход 3-11 насны дөрвөн хүүхэд, нэг том хүний хамт сураггүй болсон байж. Аврагчид шөнийн турш эрэн хайсны дүнд өчигдөр 10.00 цагийн үед тэднийг эсэн мэнд олж, гэрт нь хүргэж өгчээ.
Бэлтгэсэн Ч.Туяа