Улаан бурхан өвчний сэжигтэй нэг тохиолдол батлагдсаныг Эрүүл мэндийн яамнаас өчигдөр мэдээлэв. Тодруулбал, өнгөрсөн сарын 30-нд ХӨСҮТ-д улаан бурхан өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, тухайн иргэнийг тусгаарласан байж. Улмаар уг иргэн улаан бурхнаар өвчилснийг маргааш нь лабораторийн шинжилгээгээр тогтоосон аж. Өвчилсөн иргэн нь Монгол Улсын харьяалалтай ч Казахстанд оршин суудаг, 47 настай эрэгтэй гэнэ. Тэрбээр зургаадугаар сарын 25-наас долоодугаар сарын 20-нд АНУ, Казахстаны Алматы хотод байжээ. Өнгөрсөн сарын 17-нд Сан-Францискогоос Истанбул, тэндээсээ Алматы хотын чиглэлд агаарын тээврээр үйлчлүүлсэн гэнэ. Долоодугаар сарын 20-нд “Хүннү эйр” компанийн нисэх онгоцоор Казахстанаас Улаанбаатарт ирсэн аж.
Үүнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ-өөс холбогдох бусад байгууллагатай хамтран улаан бурхан өвчин Монгол Улсад тархах эрсдэлийн үнэлгээг хийсэн байна. Эрсдэлийн үнэлгээгээр өвчний тархах магадлал дунд, идэвхжилийн зэрэгт байгааг тогтоосон гэнэ. Холбогдох байгууллагуудаас өвчний голомтыг тодорхойлж, хавьтал болсон иргэдийг дархлаажуулалтад хамруулж, тандалт судалгааг үргэлжлүүлэн хийж буй гэв. Тухайн иргэний ойрын хавьтлын 52 хүнийг тусгаарлаад байгаа гэнэ.
Улаан бурхан өвчин нь вирусийн гаралтай, халдварлах чадвар өндөртэй, агаар дуслын замаар хүнээс хүнд дамждаг өвчин. Тиймээс олон нийтийн газраар явахдаа амны хаалт зүүхийг ХӨСҮТ-өөс анхааруулав. Мөн бага насны хүүхдээ улаан бурхан өвчний эсрэг дархлаажуулалтад хамруулаагүй бол яаралтай харьяа өрхийн эмнэлэгтээ хандаж, вакцин хийлгүүлэхийг санууллаа. Түүнчлэн дархлаажуулалт хийлгээгүй, өмнө нь улаан бурхнаар өвдөж байгаагүй бүх хүн эрсдэлтэй гэв. ХӨСҮТ-ийн Сайн дурын дархлаажуулалтын кабинетад уг өвчний эсрэг вакциныг хийлгэж болох аж. Улаан бурхнаар өвчилсөн тохиолдолд ханиалгах, халуурах, бүх биеэр гүвдрүүт тууралт гарах, амны салстад улаан хүрээтэй цагаан толбо үүсэх зэрэг шинж тэмдэг илэрдэг аж.
Өнгөрсөн онд 173 улсад улаан бурхны 330 мянга гаруй тохиолдол батлагджээ. Эл өвчний эрсдэл өндөр бүсэд Азербайжан, Киргиз, Армени, Казахстан зэрэг улс багтаж байна. Тиймээс эдгээр улс руу зорчихоор төлөвлөж байгаа бол улаан бурхан өвчний вакциныг зорчихоос 14 хоногийн өмнө хийлгэх ёстойг Эрүүл мэндийн яамнаас зөвлөв.
Бэлтгэсэн А.Үүл