Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль 2023 оны зургадугаар сарын 30-ны өдрөөс мөрдөгдөж байна. “Монголын хөрөнгийн бирж” ХК Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн дагуу арилжаа зохион байгуулдаг. Улмаар 2023 оны есдүгээр сарын 15-ны өдөр төмрийн баяжмалын арилжааг амжилттай зохион байгуулсан бол 2023 оны аравдугаар сард хайлуур жоншны баяжмалын арилжааг эхлүүлжээ.
Энэ хугацаанд нийт гурван удаагийн арилжаа товлогдсоноос зургадугаар сарын 7-ны өдөр худалдан авагч тал анх удаа “Монголросцветмет” ТӨҮГ-ын 67 багц 4,355 тонн, CaF2-95%-ийн агууламжтай хайлуур жоншны баяжмалыг 1,567,800 ам.доллар буюу 5,301,876,294 төгрөгөөр худалдан авлаа. Энэ нь Монгол Улсаас экспортод гаргах хайлуур жонш биржээр арилжсан онцлох үйл явдал болов.