Хөшгийн хөндий дэх “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал руу энэ сарын 1-нээс цагийн хуваарийн дагуу жуулчдад үйлчлэх автобус явуулж эхэлснээ Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээлсэн. Тэгвэл Сүхбаатарын талбай-Хөшигийн хөндий, Таван шар-Хөшигийн хөндий гэсэн хоёр маршрутаар тогтмол явах нийтийн тээврийн автобусны цагийн хуваарийг өөрчилснөө тус газраас өнгөрсөн бямба гарагт зарлав. Нисэх буудлаас хотын төв рүү жуулчин тээвэрлэх эхний автобус 07.40 цагт хөдлөх бол дараагийнхыг нь нэг, нэг цагийн зайтайгаар 22.40 цаг хүртэл явуулах гэнэ. Үндсэндээ тус чиглэлд өдөрт 16 удаа жуулчин тээвэрлэх нь. Харин Хөшигийн хөндий-Таван шар чиглэлийн автобус 07.40 цагаас эхний зорчигчдоо тээвэрлэх бол дараагийнх нь 08.46, 09.53, 11.00, 12.06, 13.13 гэхчлэн тогтмол бус цагт нисэх буудлаас хөдлөх аж. Таван шараас “Чингис хаан” руу хөдлөх автобусны цаг ч мөн ялгаагүй янз янз байна
Өнгөрсөн оны долоодугаар сард “Чингис хаан” олон улсын нисэх буудал руу хотын төвийн хоёр цэгээс автобус явуулж эхэлсэн ч жуулчлалын улирал дуусаагүй байхад зогсоочихсон. Холбогдох байгууллагынхан тухайн үед “Тус чиглэлд зорчигчийн урсгал бага тул автобус тогтмол явуулах боломжгүй. Алдагдал хүлээхгүйн тулд өглөө, оройд цөөн тоогоор л явуулах нь тохиромжтой” гэж байлаа. Нийтийн тээврийн газраас автобусны маршрут, цагийн хуваарийг өнгөрсөн оны зун яг одоогийнх шиг нарийвчлан гаргаж, мэдээлсэн ч бодит байдалд огт хэрэгжихгүй, жуулчдыг олон цагаар хүлээлгэх, орхиж явах зэргээр төвөг чирэгдэл учруулж байсан юм. Тэгвэл өнөө жил энэ алдаагаа давтахгүй, баталсан маршрут, тогтоосон хуваарийнхаа дагуу нийтийн тээврийн автобус тогтмол явуулахыг аялал жуулчлалын салбарынхан тэдэнд анхааруулж байна. Ядаж жуулчлалын оргил үе буюу зун, намрын улирал дуустал тухайн чиглэлд нийтийн тээврийн унаа тасралтгүй явуулах эрэлт хэрэгцээ, шаардлага бийг тэд хэлж буй юм. 2024 онд хотын төвөөс нисэх буудал руу насанд хүрэгчдийг 10, хүүхдийг таван мянган төгрөгөөр тээвэрлэж байв. Өнөө жил Таван шарХөшигийн хөндий чиглэлд хуучин тарифаар зорчигч тээвэрлэх бол Сүхбаатарын талбайгаас нисэх буудал хүрэхэд хүүхэд багачуудыг долоо, томчуудыг 15 мянгаар зорчуулах нь. Мөн автобус бүрд 3-5 орны хэлээр ярьдаг, жуулчдад мэдээлэл, зөвлөгөө өгөх хөтөч явуулж буйгаараа онцлог гэнэ.
Н.Мишээл