Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн Жагсаалт, төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журам шинэчлэн батлах тухай тогтоол иргэдийг хохироож буй талаар хорт хавдрыг даван туулагчдын “Наран ижий заяа” ТББ-аас өчигдөр мэдээлэв. Энэхүү тогтоолыг өнгөрсөн гуравдугаар сарын 29-нд баталсан бөгөөд давтан үзлэгт орохын тулд 14 хоног хүлээхээр заасан нь хавдартай иргэдэд хүндрэл учруулж байгааг дээрх байгууллагын төлөөлөл хэллээ. Үүнээс болж өвчтөний хагалгааны дараах эмчилгээ нь доголдож, хавдар бусад эрхтэнд үсэрхийлэх, улам хүндрүүлэх эрсдэл бий болгосон гэнэ.
Улсын хэмжээнд өнгөрсөн онд 28 855 хүн хорт хавдартай хэмээн бүртгэгджээ. Тэдний эмчилгээнд өмнө дурдсан тогтоол саад учруулж байна гэв. Тухайлбал, өдрийн эмчилгээ хийлгэх хүмүүсээс орлогын түвшин багыг нь эмч сонгохоор заажээ. Энэ нь Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлд заасан “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно” гэснийг зөрчиж байгааг тэд дурдав. Мөн энэхүү заалт нь эмч нарыг авлига руу “түлхэж” байна гэлээ.
“Хавдрын эмнэлгийн ачаалал их байгаа. Тиймээс өдрийн эмчилгээний багцын үнэлгээ гаргасан. Энэ эмчилгээний багцад даавар дарангуйлах, өртөг өндөртэй тариа багтаагүй. Даатгалын багцаас хасагдсан учраас ашиггүй гээд хувийн эмнэлгүүд энэ төрлийн тариаг хийж өгөхөө больсон. Хорт хавдрын эмчилгээг төр 100 хувь хариуцна хэмээн хуульдаа тусгасан. Гэтэл эмнэлэгт очихоор энэ жилийн үйлчлүүлэгчдийн тоо гүйцсэн гээд буцаадаг. Энэ мэтээр бидний эрхийг зөрчсөөр л байна. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолын 2.6.4 дэх заалтад “Төлбөрийг төр хариуцах системд нэг өдөр бүртгэгдсэн иргэдээс сонголт хийх шаардлага тулгарвал тухайн иргэдийн орлогын түвшнийг харгалзан үзэж, орлого багатайг нь сонгож эмчилгээгээ эхэлнэ” гэж заасан. Эрүүл мэндийн байгууллагууд бодлого, шийдвэр гаргахдаа судалгаа, шинжилгээ хийдэггүй. Үүнээс нь болж иргэд хохирсоор л байх уу” хэмээн дээрх байгууллагын тэргүүн, хорт хавдрыг даван туулагч Ш.Ариунаа хэлэв.
Эрүүл мэндийн салбарын холбогдох байгууллагууд, тэр дундаа сайд С.Чинзориг дээрх асуудлыг яаралтай шийдэхийг тэд хүссэн юм. “Шийдвэр гаргахдаа судалгаа, шинжилгээнд үндэслэсэн байх шаардлагатай. Улсын эмнэлгүүдийг илүү анхаарч, эмчилгээ, үйлчилгээг нь сайжруулах нь чухал. Мөн дээр дурдсан тогтоолыг дахин судалж, эмчилгээнд саад учруулахгүй байхаар өөрчилж өгнө үү” хэмээн “Наран ижий заяа”-гийнхан онцлов.
Бэлтгэсэн: А.Үүл