Улаанбаатарт өнөөдөр 28-30 градуст хүрч халах тул наршихаас сэргийлэхийг цаг уурын байгууллагаас зөвлөжээ. Харин баруун аймгуудын нутгаар дуу цахилгаантай аадар бороо орох тул нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулсан байна. Тэгвэл маргааш төвийн, нөгөөдөр хойд бүсийн аймгуудаар дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй гэнэ. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийнхний зөвлөснөөр наршихаас сэргийлэхийн тулд нүдний шил зүүж, малгай өмсөх нь зүйтэй аж. Мөн гар, хөл, хүзүү зэргийг наранд ил гаргахгүй байхыг зөвлөжээ. Түүнчлэн бага насны хүүхдээ машин дотор үлдээхгүй байхыг сануулсан юм.
Нарших үед ухаан балартах, бөөлжих, амьсгаадах, булчин өвдөх, арьс хуурайших, толгой хүчтэй өвдөх, нүд харанхуйлах зэрэг шинж тэмдэг илрэх аж. Эдгээр шинж тэмдэг илэрвэл сэрүүн газар орох, хүйтэн ус уух, толгой, дагз, духны хэсэгт хүйтэн жин тавих шаардлагатай юм байна.