Монгол, Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Эрдэнэ ресурс девелопмент корпорэйшн” нь өндөр агуулга бүхий “Баянхөндий” алтны төслийн бүтээн байгуулалтыг эхлүүлснээ мэдээлэв. Тус компани Монголын баруун өмнөд хэсэгт оршдог эл төслийн хөгжүүлэлтийн хүрээнд “Mongolian mining corporation”-тэй байгуулсан стратегийн түншлэлийн гэрээгээ эцэслэсэн байна. Тодруулбал, өнгөрсөн сарын эцэст “Эрдэнэ ресурс девелопмент корпорэйшн”-ий Монгол дахь охин компани “ЭрдэнэМонгол” ХХК-ийн 50 хувьтай тэнцэх хувьцааг нэмж гарган, “Mongolian mining corporation”-д шилжүүлснээр эл гэрээг албан ёсоор эцэслэжээ. Эргэн сануулахад, “Баян хөндий” төслийг хөгжүүлэх зорилгоор дээрх хоёр компани өнгөрсөн оны нэгдүгээр сарын 10-нд стратегийн түншлэлийн гэрээ байгуулсан билээ.
“Эрдэнэ ресурс девелопмент корпорэйшн”-ий ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал Петер Акерли “Баянхөндийн алтны уурхай нь өндөр агуулга бүхий, илээр олборлох боломжтой төслүүдийн нэг юм. Олборлолтын оргил үедээ Монгол Улсын хамгийн том алт олборлогч болно” хэмээн онцолжээ. Энэхүү төслийн хүрээнд дөрвөн г/тонн дундаж алтны агуулга бүхий 513 000 унци батлагдсан ба магадалсан үйлдвэрлэлийн нөөцийг олборлох аж. Уурхайн ашиглалтын хоёр дахь жилээс эхлэн тав дахь жилийг дуустал жилд дунджаар 87 000 унци алт олборлох төлөвтэй гэнэ.
Өдгөө төслийн бүтээн байгуулалтын гүйцэтгэл 12 хувьд хүрсэн бөгөөд боловсруулах үйлдвэрийн бутлуур, бетон зуурмагийн үйлдвэр, түлшний агуулах, түр кэмп, барилгын зам, талбайн тэгшилгээ, нарийвчилсан газар шорооны ажлууд, томоохон төмөр бетон суурь, баганын суурилуулалт зэргийг барьж, гүйцэтгэжээ. Бүтээн байгуулалтын үе шатан дахь хамгийн чухал үйл ажиллагааны нэг нь боловсруулах үйлдвэрийн байгууламж аж. Эл бүтээн байгуулалтын бэлтгэл ажлын хүрээнд тус үйлдвэрийн суурийг тавьсан гэнэ. Дээрх үйлдвэрийн бүтээн байгуулалтыг энэ оны эцэст дуусгаж, 2025 оны эхний улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна. Хуваарийн дагуу 2025 оны хоёрдугаар улиралд анхны бүтээгдэхүүнээ гаргахаар төлөвлөснөө дурдлаа. Ташрамд дурдахад, дээрх компани алт-полиметаллын “Алтан нар”, молибден-зэсийн порфирын “Зуун мод” төслийг хэрэгжүүлдэг юм.