Эрдэс баялгийн салбар 2023 онд Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогын 31.6 хувийг бүрдүүлсэн талаар УУХҮЯ-наас мэдээллээ. Төсвийн орлого 2023 оны гүйцэтгэлээр 24.31 их наяд төгрөг болж, өнгөрсөн жилийнхээсээ 5.71 их наядаар буюу 30.7 хувиар өсжээ. Тэгвэл дээрх салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 7.67 их наяд төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеийнхээсээ 3.07 их наядаар (66.7 хувь) нэмэгдсэн дүн гарсан байна. Тодруулбал, төсвийн орлогын 29.9 хувийг (7.27 их наяд төгрөг) нь уул уурхай, олборлох, 1.3-ыг нь (304.2 тэрбум) газрын тосны салбараас, 0.2-ыг нь (36.6) тусгай зөвшөөрлийн төлбөр, 0.3-ыг нь (62 тэрбум) бусад орлогоос төвлөрүүлсэн аж.
Ташрамд дурдахад, манай улс өнгөрсөн онд 69.6 сая тонн нүүрс, 1.52 сая тонн зэсийн баяжмал, 5.71 сая тонн төмрийн хүдэр, баяжмал, 17.9 тонн алт, 4.73 сая баррель газрын тос, 150.5 мянган тонн цайрын хүдэр, баяжмал, 1.08 сая тонн хайлуур жоншны хүдэр, баяжмал экспортолжээ. Эдгээр түүхий эдээс экспортын гүйцэтгэл хамгийн бага нь төмрийн хүдэр, баяжмалынх 67.8, хамгийн өндөр нь хайлуур жоншны хүдэр, баяжмалынх 272 хувь байв. Дараах ашигт малтмалын төсөвт төвлөрүүлсэн орлого өмнөх оныхоо мөн үеийнхээс өссөн үзүүлэлт гарчээ. Үүнд нүүрснийх 2.25 их наяд төгрөг (2.1 дахин), төмрийнх 55.4 (2.3), зэсийнх 514.9 (30 хувь), алтных 53.5 (20.7), бусад таваарынх 48.1 тэрбумд (41.6) хүрсэн гэнэ. Харин цайрынх 34.6 тэрбум болсон нь 20.5, хайлуур жоншных 2.6 тэрбумд хүрсэн нь 10 хувиар багассан дүн аж.