Монгол Улсын төрийн гадаад өрийн судалгааг Нээлттэй нийгэм форумын захиалгаар “Сэргэлт консалтинг групп” ХХК-ийн судалгааны баг хийснээ өнгөрсөн арваннэгдүгээр сард танилцуулсан юм. Ингэхдээ судлаачид төрийн гадаад өрийн хэмжээ, түүний цаашдын төлөвийг тооцоолж, өрийн тогтвортой байдалд дүгнэлт өгчээ. Эл судалгаагаар Монгол Улсын “төрийн гадаад өр” хэмээх ойлголтыг ОУВС, Дэлхийн банкны холбогдох аргачлалуудын хүрээнд томьёолж, 2017-2021 оны байдлаар анх удаа тооцоолон, үүнд үндэслэн 2022-2027 онд хэрхэн өсөх талаар төсөөлж, бодлогын зөвлөмж боловсруулжээ. Тоон судалгаа хийхэд мэдээллийн олдоц, бүрэн, үнэн зөв, ил тод, ойлгомжтой байдал, аргачлалын зөрүүтэй холбоотой бэрхшээлүүд тулгарсан тул чанарын аргыг голлон ашигласан аж. Уг судалгааны талаар судлаач С.Боргилтой ярилцлаа.
-Манай улс төрийн гадаад өр гэсэн нэр томьёог ашигладаггүй. Төрийн гадаад өр гэж юуг хэлдэг вэ?
-Өрийн зохистой удирдлагын хүрээнд Засгийн газар, Төвбанк, төрийн өмчит компаниуд болон төрийн бусад субъектийн өрийг нэгтгэн авч үзэхийг олон улсын байгууллагуудын зүгээс зөвлөдөг, гэхдээ тулгадаггүй. Хэдий ийм боловч төрийн гадаад өр нь зөвхөн эдийн засгийн асуудал биш, улс төр, геополитикийн нөлөөнд орж байдгаас үүдэн улс орнууд өөр өөрсдийн ангиллыг ашигладаг. Манайд төрийн хариуцах гадаад өрийг Засгийн газрын өрийн хэмжээгээр харуулж, үүнд үндэслэн өрийн удирдлагын бодлогоо тодорхойлж буй нь төрийн хариуцах гадаад өрнөөс шалтгаалах эрсдэл талаасаа хэт өрөөсгөл. Өдгөө ДНБ-тэй харьцах гадаад өрийн хэмжээ дээд тал нь 60 хувьтай тэнцэж байгаа гэж буй нь бодит байдлаас хамаагүй бага. Төрийн гадаад өр гэдэгт төрийн хариуцах ёстой бүх өрийг оруулдаг гэж ойлгож болно. Тиймээс татвар төлөгчдийн мөнгөөр төлөх магадлалтай Төвбанк, төрийн өмчит хуулийн этгээдүүдийн гадаад өр, зээлийг Монгол Улсын төрийн гадаад өрөнд оруулж тооцох ёстой гэдгийг бидний зүгээс сануулж байгаа юм. Одоогоор өрийн удирдлагын өнөөгийн тогтолцоонд төрийн өрийг бүрэн хэмжээнд авч үзэхгүй, голлон Засгийн газрын өрийг хамаатуулж байгаа учраас тэр. Төрийн өрөнд хамруулаагүй үлдсэн, төрийн хариуцах бусад гадаад өрийг хэрхэн удирдаж, ямар бодлого явуулах нь өдгөө тодорхойгүй байна.
Төрд хамаарах дээрх субъектүүдийн гадаад өрийг 2017-2021 оны байдлаар, олдсон тоон мэдээлэлдээ үндэслэн төрийн гадаад өрөнд оруулж тооцсон юм. Ингэхэд манай улсын төрийн гадаад өр 2017 онд 14.8, дараа жил нь 14.9, 2019 онд 15.8, 2020 онд 16.9 тэрбум ам.долларт хүрсэн дүн гарсан. Эл тоо 2021 онд 17.1 тэрбум ам.долларт хүрсэн нь зөвхөн Засгийн газрын өрийг найман тэрбум гэж мэдээлж байгаагаас бараг хоёр дахин илүү дүн. Хятадын Ардын банктай байгуулсан Монголбанкны своп хэлцэл, мөн төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн зургаан тэрбум ам.долларын өрийг төрийн өрөнд багтаан тооцож, үүнийг 2017-2021 оны байдлаар ДНБ-тэй харьцуулахад эдгээр онуудад 100 хувийг давсан. Тодруулбал, энэхүү судалгааны хүрээнд тооцсоноор манай улсын төрийн гадаад өр 2017-2021 онд ДНБ-ий 112-130 хувьтай тэнцсэн нь өндөр дүн.
Дэлхийн банк, ОУВС-гийн аргачлалаар авч үзвэл төрийн өр (public debt) гэдэг нь Засгийн газар, төрийн байгууллагууд бүх төрлийн хэрэгслээр (өрийн бичиг, зээл, зээлжих тусгай эрх, гүйлгээнд гаргасан мөнгө, бусдаас татан төвлөрүүлсэн харилцах, хадгаламж, дансны өглөг, даатгал, тэтгэвэр, батлан даалтын стандарт схем) үүсгэсэн өрийг хэлдэг. Тэгэхээр Засгийн газар, нийслэл, орон нутаг, төрийн өмчит санхүүгийн болон санхүүгийн бус байгууллага, Төвбанк, төрийн өмчийн хадгаламжийн болон бусад төрлийн санхүүгийн байгууллагын өрийг төрийн өрөнд хамруулах учиртай. Өдгөө манайд төрийн гадаад өрийн хамрах хүрээ нь субъектүүд болон өрийн хэрэгслийн хувьд бүрэн бус байна. Санал болгож байгаа ангиллаар Засгийн газар, төрийн өмчит санхүүгийн болон санхүүгийн бус байгууллага, Төвбанк, орон нутгийн засаг захиргаа, Нийгмийн даатгалын сан, төсвийн гадуурх сан гэсэн нийт долоон төрлийн субъектэд хамаарах таван төрлийн өрийн хэрэгслийг хамруулан төрийн гадаад өрийг нэгтгэн тооцох ёстой гэж бид үзэж байгаа. Товчхондоо, санал болгож буй аргачлалын гол зарчим нь ямар нэгэн хэлбэрийн төрийн байгууллагуудын үүсгэж болох өрийн хэрэгслүүдийг төрийн өрөнд хамруулах явдал юм.
ӨРИЙН ХЭМЖЭЭ ЭДИЙН ЗАСГИЙН НӨӨЦ, ЧАДАМЖААС ДАВСАН
-Монгол Улсынгадаадөрөнгөрсөнесдүгээрсарынбайдлаар34 тэрбум ам.долларт хүрснийг Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн. Үүний найман тэрбум нь Засгийн газар, хоёр нь Төвбанкных гэсэн дүн бий. Төвбанкны өрийг төрийн гадаад өрөнд нэмж тооцвол улам өсөх нь. Ингэж тооцохгүй болохоор эрсдэлээ бүрэн тооцоолж чадахгүй байгааг илтгэж буй байх. Өрийн хэт дарамтаас болж дефолт зарласан орнуудын алдааг Монгол Улс давтаж буй шинж тэмдэг ажиглагдаж байгаа гэж та бүхэн судалгаандаа дурдсан байсан. Энэ талаар тодруулна уу.
-Бидний нөхцөл байдалтай ойролцоо, цар тахал, Орос, Украины дайнаас шалтгаалж эдийн засаг нь доголдсон Бангладеш, Шри Ланка, Пакистаны гадаад өрийн бодлого, туршлагыг судалсан. Мөн Чилийнхийг гадаад өрийн хямралыг давсан туршлага талаас нь судалсан юм. 2022 онд Шри Ланкад эдийн засгийн хямрал нүүрлэн, гадаад өрийн төлбөр дээрээ дефолт зарласан. Дефолт зарласнаар тухайн улсын гадаад бондын хүү өсөх, гадаад төлбөр тооцоонд хүндрэл үүсэх, гадаадын хөрөнгө оруулагчид эрсдэлтэй гэж харах, зээлжих зэрэглэл, хөрөнгө оруулалт буурах, олон улсын банк санхүүгийн байгууллагуудтай харилцах, тэдгээрээс зээл, тусламж авахад хүндрэл үүсэх, эх үүсвэрийн хугацаа богиносох, зээлийн нөхцөл хүндрэх зэрэг олон сөрөг үр дагавар бий болдог.
Судалгаанаас үзэхэд гадаад өрийн хямралд орсон орнуудад дараах нийтлэг дутагдал ажиглагдаж байна. Үүнд эдийн засаг, нийгмийн хүрээнд гаргасан буруу шийдвэр, бодлогын алхмууд, эдийн засгийн болон эрчим хүчний салбарт зайлшгүй шийдэх ёстой асуудлуудыг удаан хугацаанд түр аргацаах байдлаар өнгөрөөж ирсэн нь гадаад эдийн засгийн хямрал, гэнэтийн шок зэрэгт сэдрэн гарч ирж, бусад салбараа татан унагасан нь ажиглагдсан. Мөн голлох хүнс, хөдөө аж ахуйн бараа, бүтээгдэхүүний болон эрчим хүчний импортын хэт хамаарал нь гадаад эдийн засгийн хямралын үед валютын урсгалыг хурдтай гадагшлуулсан, импортоос хамааралтай дотоодын бусад салбар нь уналтад амархан өртөж, ажилгүйдэл, нийгмийн чигтэй зардлыг нэмэгдүүлж, шаардлагатай арга хэмжээ авахгүй байсаар хямралыг улам даамжруулсан, гадаад өрийн талаарх нэгдсэн бодлогогүй, өрийн хатуу хязгаар тавьдаггүй, төсвийн сахилга сул, экспортын орлогын бааз суурь бага зэрэг нь нийлж болон дангаараа дефолтын эрсдэл өсөхөд нөлөөлсөн, санхүү, төлбөрийн чадваргүй төрийн өмчит хуулийн этгээдүүд нь төсөвтөө хэт их дарамт үзүүлжээ. Хэт өрийн дарамтын улмаас олон улсад дефолт зарласан орнуудын алдааг Монгол Улс давтаж байгаа шинж тэмдэг ажиглагдаж байгаа учраас Засгийн газар төрийн гадаад өрийг оновчтой удирдах нэн шаардлагатай.
Шри Ланка, Бангладеш, Пакистаны гадаад өр, үндэсний нийт орлогын харьцааны дундаж нь 2017-2021 онд 39.2 хувьтай л байж. Харин гадаад өрийн экспортод эзлэх дундаж нь 274.5 хувьтай байв. Манай улсын хувьд 2017-2021 онд гадаад өр, үндэсний нийт орлогын харьцааны дундаж 262.5, гадаад өрийн экспортод эзлэх дундаж нь 377 хувьтай байсан. Эндээс харахад хүндрэлд орсон дээрх орнууд Монголтой харьцуулахад илүү дээр нөхцөлд байсан гэж дүгнэж болох юм.
-Тэгэхээр манай улсын бодит байдал ч үүнээс өөрцгүй юм биш үү. Дефолт зарлаагүйд тодорхой хүчин зүйлс нөлөөлсөн байж таарна. Та бүхэн судалгаандаа “Монгол Улсын“ид шид” гэсэн үг ашигласан байсан шүү дээ.
-Төрийн гадаад өрийн ДНБ-д эзлэх хувь хэмжээ байнга өндөр байсан атал өнөөг хүртэл дефолт зарлахад хүрээгүй нь дараах хүчин зүйлстэй холбоотой гэж бид үзэж байна. Нэгдүгээрт, манай улсын эдийн засгийн бүтэц. Манайх өртөг бүтээдэггүй эдийн засагтай тул уул уурхайн бүтээгдэхүүний борлуулалтын мөнгөө маш хурдан (quick cash flow) олж авдаг, өөрөөр хэлбэл, эдийн засагт гаднаас бэлэн мөнгө хурдтай орж ирдэг. Голлох салбар болох уул уурхай нь нэмүү өртөг шингээсэн, өндөр түвшний боловсруулалт хийдэггүй учраас бизнесийн циклийн хувьд харьцангуй богино. Иймээс экспортолсон бүтээгдэхүүний төлбөрөөр дамжуулан төсвийн орлогыг түргэн төвлөрүүлэх боломжтой. Гадаад валютын нөөц, төсвийн орлогыг богино хугацаанд төвлөрүүлж, түр хугацаанд “гал унтраах” боломжийг эдийн засагт олгодог байх талтай.
Өртөг бүтээдэг оронд бэлэн мөнгө эдийн засагт нь орж ирэхэд хугацаа шаарддаг. Тухайлбал, эдийн засгийнхаа нэлээд хувийг цайны үйлдвэрлэлээс бүрдүүлдэг Шри Ланка улсын жишээн дээр үүнийг харж болно. Цай үйлдвэрлэхийн тулд тарьж, хураан авч, цэвэрлээд, боловсруулж, баглаад, экспортолно гэхэд эдгээр дамжлагыг гүйцэтгэдэг бизнес эрхлэгчид зургаан сараас 1.5 жилийн дараа мөнгөө авдаг аж. Тэгвэл манайх нүүрсээ зарснаас 14- 30 хоногийн дараа мөнгө нь орж ирдэг. Нүүрсээ ухаад, ачлаа л бол мөнгөө удалгүй авдаг. Өөрөөр хэлбэл, “шинэ мөнгө” богино хугацааны дараа орж ирж, хурдан эргэлддэг учраас одоохондоо дампуурчхалгүй байгаад буй хэрэг. Хэдий хүртэл дампуурахгүй, торгоох вэ гэдэг нь маш том асуудал. Төрийн гадаад өр нэмэгдсээр төлбөрийн хэмжээ нь нэг л өдөр төсвийн орлого бүрдэх хурдыг давна. Тиймээс одоо яаралтай арга хэмжээ авч, гадаад өр нэмж тавихаа болих нь зүйтэй гэсэн саналыг бид дэвшүүлж байгаа. Хамгийн эрсдэлтэй нь төрийн гадаад өрийн хэмжээ нь эдийн засгийн нөөц, чадамжаас давсан явдал юм.
Ташрамд дурдахад, Монгол Улс боомтын эдийн засагтай орон. Боомт хаагдвал эдийн засаг дагаад “хаагдана”. Тэгж яривал манай нүүрс нэг улсын, нэг хотын, нэг үйлдвэрээс хамааралтай, ганц худалдан авагчтай. Өөрөөр хэлбэл, эрсдэл өндөртэй. Экспортын 90 орчим хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлж байгаа энэ үед эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлэх орлого уул уурхайн бүтээгдэхүүний үнэ, эрэлт, хил гаалийн саатлаас шалтгаалан ихээхэн хэлбэлзэх эрсдэлтэй.
Хоёрдугаарт, статистикийн хамрах хүрээ болон орлогын бүртгэл дутмаг байдгаас шалтгаалж нийт эдийн засгийн хэмжээг бодит байдалд дутуу тооцдог, энэ хэмжээ сүүлийн 13-20 жилийн дунджаар ДНБ-ий 32 хувьд хүрсэн талаар Монголбанкны судалгаанд дурдсан байдаг. Эл тоо 32 хувиас ч илүү, 50-д ч хүрсэн байж мэднэ. Манай улсын ДНБ 2022 оны байдлаар 16 тэрбум ам.доллар байсан. Үүний 30 гаруй хувьтай дүйцнэ гэхээр 4.8 тэрбум ам.долларын эдийн засаг бүртгэгддэггүй байх нь. Тэгэхээр Монгол Улсын ДНБ 20.8 тэрбум ам.доллар байж таарах гээд буй хэрэг. Эндээс харахад, ДНБ болон төрийн өрийн харьцаа нь бодит байдалд одоогийн тооцоолсноос бага байх боломжтой. Магадгүй ДНБ, төрийн гадаад өрийн харьцаа 100 хувиас доогуур байх магадлалтай гэсэн үг.
Гуравдугаарт, далд эдийн засаг буюу бүртгэлгүй орлого, бүтээгдэхүүн, үйлчилгээ нь гадаад эдийн засагтай холбоотойгоор үүсэх богино хугацааны цочрол, шокийг (экспортын орлого буурах, шатахууны үнэ өсөх зэрэг) зөөлрүүлдэг талтай. Үүнээс үүдэн иргэдийн зүгээс төрд учруулах дарамт шууд нэмэгдэхгүй. Өөрөөр хэлбэл, нийгмийн халамжийн зардлаар дамжин төсвийн зарлагыг өсгөх эрсдэл богино хугацаанд тэр бүр үүсдэггүй.
-Өрийн дарамтаас гарч чадсан Чили улсын туршлага сонирхолтой санагдсан.
-Латин Америкийн хүчтэй эдийн засагтай орны нэг болох Чилийн төсөвт зэсийн орлого ихээхэн үүрэг гүйцэтгэдэг тул дэлхийн зах зээлийн мөчлөг, үнийн өөрчлөлт нь хүчтэй нөлөөлдөг байсан. Иймээс төсвийн тогтолцоогоо шинэчилж, төсвийн хатуу сахилга бат баримталснаар ДНБ-ийх нь 140 хувьд хүрч байсан гадаад өрийн дарамтаа огцом бууруулж чадсан туршлагатай. Мөчлөг дагасан эдийн засгийн хэлбэлзлийг бууруулах зорилгоор төсвийн тусгай сан байгуулсан Чилийн туршлагыг манайд хэрэгжүүлж, Тогтворжуулалтын сан байгуулсан. Гэвч төр хариуцах гадаад өрийг Засгийн газрын өрийн хэмжээгээр л тооцож буй нь макро эдийн засгийн суурь харьцаагаар дамжуулан гадаад өрийн эрсдэлээ бүрэн тодорхойлохгүй байх нөхцөл үүсгэж байна.
ТӨК-ИУДЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАН ЗӨРҮҮТЭЙ БАЙВ
-Та бүхэн судалгаагаа зөвхөн нээлттэй мэдээлэлд үндэслэн хийсэн гэсэн. Мэдээлэл авахад ямар нэг бэрхшээл тулгарсан уу?
-Төрийн секторт хамаарах хуулийн этгээд, өрийн хэрэгслийг бүрэн хамруулсан нарийвчилсан мэдээллийг олж авахад хүндрэлтэй байсан. Тухайлбал, шилэн дансны цахим хуудсанд төрийн өмчит зарим компанийн мэдээллийг огт оруулаагүй, аж ахуйн нэгжүүдийн зарим нь санхүүгийн тайлангаа нийтлээгүй, мэдээлэл байршуулсан гэсэн тэмдэглэл байсан ч нэвтэрч ороход мэдээлэлгүй, оруулсан тайлан, тэнцэл, тоо баримт нь шаардлага хангахгүй байх жишээтэй.
Төрийн өмчит хуулийн этгээд нь санхүүгийн тайлангаа үнэн зөв гаргасан, эсэхийг санхүүгийн аудитын дүгнэлтээс мэдэх боломжтой. Гэвч аудитын тайлангийнх нь бүтэц, агуулга, хэлбэр, чанар нь харилцан адилгүй байв. Цөөнгүй хуулийн этгээд санхүүгийн тайлангаа аудитаар баталгаажуулаагүй, санхүүгийн тайлан нь алдаатай, зөрүүтэй тохиолдол нэлээд байсан. Шилэн данс нээлттэй, ил тод байх тал дээр дэвшил авчирч буй ч мэдээллийн чанарыг нь сайжруулахгүй бол энэ ажил ор нэрийн төдий болох нь.
-Төрийн өрийн талаарх нэгдсэн статистик гаргах зайлшгүй шаардлагатай байх. Үүнийг гаргаж чадахгүй байгаа шалтгаан нь юу вэ?
-Монгол Улсын хувьд “төрийн гадаад өр” гэсэн ангиллын дагуу гадаад өрийг албан ёсоор өмнө нь тооцоолж байгаагүй, энэ ойлголтыг бодлого боловсруулагчид өргөн хүрээнд хэрэглэдэггүй. Одоогийн хууль, зохицуулалтын хүрээнд манай улсын өрийн удирдлагын стратегид төрийн өрийн бүх хүрээг хамруулан тусгадаггүй, мөн төрийн өрийн нэгдсэн статистик гэсэн ойлголт байхгүй. Ийм нэгдсэн удирдлага, стратеги байхгүйгээс үүдэн өрийн удирдлага, хяналтаас гадуур төрийн гадаад өр бий болгох суваг үүссэн. Нэгдсэн статистикийг бий болгохын тулд төрийн өр болон төрийн гадаад өрийн талаар одоогийн хуулийн орчинд ойлголт, томьёолол бий болгож, зохицуулалтыг нь өөрчлөх шаардлагатай.
-Өрийн удирдлага, хяналтаас гадуур төрийн гадаад өр бий болгох суваг үүссэн гэлээ.
-Төрийн гадаад өрийн удирдлагын хүрээнд төрийн өмчит хуулийн этгээдүүдийн санхүү, өр, төлбөрийн чадварыг онцгойлон авч үзэх шаардлагатай. Эл өрийн статистикийн хамрах хүрээ бүрэн бус байхын хэрээр төрийн өмчит хуулийн этгээдээр дамжуулан хяналтгүй гадаад өр үүсгэх эрсдэл бий болж байна. Тухайлбал, төрийн өмчит хамгийн том 15 хуулийн этгээдийн өр төлбөр 2021 оны байдлаар 8.5 их наяд төгрөгт хүрсэн нь өмнөх жилийнхээсээ 41 хувиар нэмэгдсэн дүн. Энэ нь төрийн өрийн нэгдсэн бодлогод хамааралгүй өр шинээр бий болж байгаа гэсэн үг. Ер нь төрийн өмчит хуулийн этгээдүүдийн гадаад өрийн эрсдэл нь улсын төсөвт дарамт учруулах магадлал өндөртэй. Төрийн өмчит 123 хуулийн этгээд 2021 оны байдлаар 10.2 их наяд төгрөгийн дотоод болон гадаад өртэй байсны дийлэнх нь хуримтлагдсан алдагдалтай, санхүүгийн чадамж муутай байв. Иймээс төрийн гадаад өрийн гуравны нэгийг бүрдүүлж буй төрийн өмчит хуулийн этгээдүүдийн санхүү, төлбөрийн чадварыг нарийвчлан судалж, дүгнэлт гаргах, төсөв, өрийн тогтвортой байдлыг хэмжих арга (fiscal gap) нэвтрүүлэх боломжийг нарийвчлан судлах нь зүйтэй.
-Хятадын Ардын банктай байгуулсан своп хэлцлийн15 тэрбум юань буюу 7.25 их наяд төгрөгийн өрийг төлөх ёстой, гэрээг нь олон жил сунгаж байгаа нь буруу гэж цөөнгүй эдийн засагч хэлдэг. Энэ талаар юу гэх вэ?
-Монголбанкны гадаад өр 2019 он хүртэл тогтвортой байсан бол дараа жил нь 16.5, 2021 онд 19.4 хувиар огцом өссөнөөр 2021 оны эцэст 6.9 их наяд төгрөгт хүрсэн. Энэ өсөлтийн шалтгаан нь Хятадын Ардын банктай байгуулсан төгрөг, юанийн своп хэлцлийн хэмжээ нэмэгдсэн явдал. Монголын эдийн засаг зөвхөн нэг улсаас (Хятад) экспорт, импортын өндөр хамааралтай байхад тухайн оронд төлөх гадаад өрийн хэмжээ зэрэгцэн нэмэгдэж буйд анхаарах шаардлагатай.
-“Өр төлж барагдуулж буй гэхч бодит байдалд өссөн дүнтэй байна. Дахин санхүүжилт (refinance) хийн, шинэ өр тавьж өр“дарсныг” төлсөн гэхгүй” гэх зэргээр зарим эдийн засагч шүүмжилж буй. Та бүхэнтөрийнгадаадөрийнтөсөөллийг гаргасны хувьд үүнд ямар тайлбар хэлэх вэ?
-Дахин санхүүжилт хийснээр өрийн нөхцөлөө сайжруулж, хүүг нь бууруулж байж магадгүй. Гэхдээ өрөө төлж байгаа биш, нэг өрийг нөгөөгөөр сольж буй хэрэг шүү дээ. Ер нь гадаад өрийг төлж барагдуулах ёстой. Үгүй аваас үндсэн, хүүгийн төлбөр өсөж, дарамт болж, эрсдэл нэмэгдсээр л байна.
Монгол Улсын төрийн гадаад өрийг энэ онд дунджаар 22.05, хамгийн багадаа 20.77, ихдээ 24.11 тэрбум ам.долларт хүрнэ гэж бид төсөөлсөн. Ирэх жил эл дүн дунджаар 24.23, хамгийн багадаа 22.82, дээд тал нь 26.49 тэрбум ам.доллар болно хэмээн тооцсон юм. Тэгвэл 2027 онд төрийн гадаад өр дунджаар 28.32, хамгийн багадаа 26.67, ихдээ 30.96 тэрбумд хүрч өсөх эрсдэлтэй гэж таамагласан.
-Судалгаанаас та бүхний гаргасан гол зөвлөмжүүдийн талаар тодруулна уу.
-Гол зөвлөмж гэвэл Монгол Улсын төр хариуцах гадаад өрийг зөвхөн Засгийн газрын өрөөр хязгаарлахгүйгээр төрийн бүх субъектийг хамруулсан “төрийн гадаад өр” гэсэн ойлголтыг бий болгож, энэ томьёоллын дагуу холбогдох хууль, зохицуулалтад өөрчлөлт оруулах шаардлагатайг дахин онцолъё. Ингэснээр бид төр хариуцах гадаад өрийн нийт хэмжээг тодорхой болгохын зэрэгцээ өрийн нэгдсэн удирдлагын тогтолцоо бий болгож, эрсдэлийг бүрэн зураглах чадамжтай стратеги, бодлого хэрэгжүүлэх бололцоо бүрдэнэ. Хамгийн гол нь дефолтын эрсдэлд оруулах нуугдмал өр ил болно.
Төсвийн тогтвортой байдлын, Өрийн удирдлагын тухай гэх мэт холбогдох хууль тогтоомж, баримт бичигт төрийн гадаад өрийн тодорхойлолт, томьёоллыг тусгах, олон улсын аргачлалд нийцүүлэн төрийн гадаад өрийг тооцох, нэгдсэн байдлаар бүртгэлжүүлэх, хянах, мэдээлэх тогтолцоо бий болгох шаардлагатай. Мөн төрийн гадаад өрийн нэгдсэн удирдлагыг хэрэгжүүлэх институт нь ямар байгууллага байх талаар эргэн харах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, одоогийн нөхцөлд өр үүсгэдэг төрийн байгууллагад энэ удирдлага байх шаардлагагүй нь харагдаж байна.