УИХ-ын чуулганаар хэлэлцэж буй Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийн талаар МҮХАҮТ, Монгол дахь Америкийн худалдааны танхим, Европын Холбооны худалдааны танхим, Британийн худалдааны танхим зэрэг бизнесийн байгууллагын төлөөлөл өчигдөр мэдээлэл хийж, байр сууриа илэрхийлэв. МҮХАҮТ-ын зүгээс өмнө нь хуулийн төслөөр бизнес эрхлэгчдийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулж, 60 орчим саналыг хууль санаачлагчдад хүргүүлжээ. Тэдгээр саналын заримыг нь хуулийн төсөлд тусгасныг МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Д.Энхтүвшин дурдаад, “Бизнес эрхлэгчдийн дунд хийсэн судалгаагаар хамгийн эхний чухал алхам бол хууль, эрх зүйн орчныг сайжруулах явдал” хэмээн дүгнэснийг санууллаа.
Өдгөө хүчин төгөлдөр мөрдөж буй хуульд байхгүй, шинэчлэн сайжруулсан зүйлүүд хуулийн төсөлд цөөнгүй бий аж. Тухайлбал, төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, төрийн захиргааны төв байгууллагаас гадна бусад орон нутгийн байгууллага ямар түвшинд оролцох тухай заалтуудыг оруулжээ. Мөн маргаан үүсэхэд шийдвэрлэх чиглэлээр бүтэн бүлэг нэмж оруулсныг олзуурхаж байгаагаа Д.Энхтүвшин хэлэв. Гэхдээ хуулийн төслийг дахин хэлэлцэж, сайжруулах зүйлс ч бий гэнэ. Ялангуяа татварын хөнгөлөлт, урамшуулалтай холбоотой заалтуудыг байхгүй болгосон зэрэг ухарсан зүйлүүд бий аж. Тэдгээрийг хэлэлцүүлгийн явцад өөрчилж, засаад явах боломжтой. Тиймээс хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж буйгаа дээрх байгууллагуудын төлөөлөл илэрхийллээ. Хэрэв хуулийн төслийг хэлэлцэхгүй буцаавал олон улсын хамтын нийгэмлэг, хөрөнгө оруулагчдад буруу мессеж өгнө гэдгийг тэд онцлов.