Талбайн теннисний “Америкийн нээлттэй тэмцээн” өнгөрсөн даваа гарагт эхэллээ. “Их дуулга” тэмцээний 23 удаагийн аварга Н.Жокович эхний тойрогт 26 настай франц теннисчин А.Мюллерийг 6:0, 6:2, 6:3- ын харьцаатай хялбархан хожсон байна.
Сербитамирчин тус тэмцээнд 2011, 2015, 2018 онд түрүүлж байсан бөгөөд сүүлийн жилүүдэд өндөр амжилт үзүүлж чадаагүй. 2021 оны финалд Д.Медведевт ялагдсан бол удаах хоёр жилд нь коронавирусийн вакцин хийлгээгүй гадаад иргэдийг АНУ хил нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргасны улмаас тус улсад Н.Жокович хөл тавих боломжгүй байсан юм.
Тэрбээр “Теннисний хамгийн том талбай, хамгийн хөгжилтэй уур амьсгал бүрдсэн байдаг учраас “Америкийн нээлттэй тэмцээн”-д удтал завсарласны эцэст дахин оролцох болсондоо баяртай байна. Тэмцээний эхний өдөр тоглож байгаа нь сайхан хэрэг” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан аж.
Н.Жокович “US оpen”-ий хоёрдугаар тойрогт шалгарснаар АТР-ийн чансааг дахин тэргүүлэх боломж бүрдэж байна. Учир нь өнгөрсөн жилийн “Америкийн нээлттэй тэмцээн”-ийг Н.Жокович өнжсөн. Тиймээс ямар нэг оноо хамгаалж тоглохгүй. Харинтус тэмцээний өнгөрсөн жилийн аварга К.Алькарас 2000 оноог хамгаалах ёстой. Серби тамирчин хоёрдугаар тойрогт ялагдаж, испани залуу уг тэмцээнд түрүүлсэн ч ирэх сарын 11-нд шинэчилсэн чансааг танилцуулахад Н.Жокович 9840, К.Алькарас 9815 оноотой болох юм. Сербитеннисчин хоёрдугаар тойрогт ялагдах магадлал тун бага учраас онооны эл зөрүү бүр нэмэгдэх нь гарцаагүй. Энэ шатанд түүнтэй Испанийн Б.Сапата-Миральес учраа таарч тоглоно.
Бэлтгэсэн: Э.Манлайбаатар