Унгарын нийслэл Будапешт хотод болсон уран сайхны гимнастикийн олон улсын 27 дугаар тэмцээнд манай улсын “Бадмаараг”, “Шигтгээ” клубийн өсвөрийн тамирчид оролцож, гурван алт, дөрвөн мөнгө, нэг хүрэл, нийт найман медаль авчээ. Тамирчдыг ахалж явсан Ц.Зулзаяа багш “Манай улсаас анх удаа энэ тэмцээнд оролцлоо. Нийт 24 орноос гимнастикчид насанд хүрэгчдийн болон өсвөр үеийнхний хэд хэдэн ангилалд өрсөлдсөн. Ази тивээс Монгол, БНСУ, Филиппиний тамирчид ирсэн. Зохион байгуулагчид Монголоос анх удаа зорьж очсонд талархан хүлээж авлаа” гэв. Манай багийнхнаас есөн настай Н.Болор, 10-тай Г.Нямаа, 11-тэй Г.Тэлмэн нар алтан медаль хүртжээ. Уг тэмцээнд 10 хүртэлх насныхан чөлөөт үзүүлбэрээр, түүнээс дээш насныхан хэрэглэлтэй буюу бөмбөг, булааваар наадаж оролцдог аж. Ц.Зулзаяа багш уран сайхны гимнастикийн олон улсын шүүгч бөгөөд энэ удаагийн тэмцээнд ч мөн шүүгчээр ажилласан байна.
Бэлтгэсэн: Ж.Гэрэл