Үндэсний энгийн цахим гадаад паспорт /е-паспорт/-ыг хэрэглээнд нэвтрүүлэхээр өнөөдрөөс (3 дугаар сарын 1) захиалга авч эхэллээ. Захиалсан паспорт нь гуравдугаар сарын 15-наас иргэдэд очих юм. Иргэд энгийн болон цахим гэсэн 2 төрлийн гадаад паспортоос сонголтоо хийж захиалах боломжтой. Цахим гадаад паспорт чиптэй, хилийн шалган нэвтрүүлэх ажилтнаар штамп даруулахгүйгээр сканердаад гарч, орно. Цахим паспорт нь энгийн паспортоос олон буюу 42 хуудастайгаараа давуу талтай. Цахим паспортыг 82500, энгийнийг нь 32500 төгрөгөөр захиалж байна.
Манай Улс Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ИКАО/-ын нийтийн түлхүүрийн санд элсэн орсноор олон улсын стандартад нийцсэн өндөр нууцлал бүхий цахим гадаад паспортыг ашиглах боломжтой болжээ.
Дараах нэгжүүдээс харьяалал харгалзахгүй авах боломжтой. Үүнд:
- Нийслэлийн 9 дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс
- Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүд /Дүнжингарав, Мишээл, Драгон, Баянхошуу, Оргил, Баянгол төв/
- Улсын бүртгэлийн үйлчилгээний нэгдсэн цэгүүд /Баянзүрх дүүрэгт Жанжин клуб, Төр захиргааны II байр, Дарь-Эх, Чингэлтэй дүүрэгт Спорт хороо цогцолбор байр, Хан-Уул дүүрэгт Буянт-Ухаа нисэх буудал/
- 21 аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс