Нүүрсний хулгайг эсэргүүцсэн иргэд төв талбай буюу Сүхбаатарын талбайд 10 дахь өдрөө жагсаж, нүүрсний хулгайчдын нэрсийг зарла, хариуцлага тооц хэмээн шаардаж буй. Жагсаалын эхний өдөр арванхоёрдугаар сарын 4 буюу амралтын өдөр байсан. Тухайн өдөр хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд шууд дамжуулалт хийхэд ямар нэг асуудал үүсээгүй. Харин удаах өдрөөс жагсаал хурцдаж, сайт, телевизүүд мэдээллийг шуурхай хүргэхээр төв талбайд ирэхэд шууд дамжуулалтын төхөөрөмж гацах, сүлжээ унах зэргээр асуудал үүссэн. Бид үүний дагуу үүрэн холбооны оператор байгууллагуудаас сүлжээ доголдсон эсэх талаар тодрууллаа.
"Юнител" компанийн зүгээр Сүхбаатарын талбайд сүлжээ хэвийн ажиллаж байна. Манай зүгээс ямар нэг доголдол үүсээгүй хэмээн мэдээлсэн. Мөн "Скайтел" компаниас ч сүлжээнд ямар нэг доголдол гараагүй, ачаалал алга, хэвийн байна гэх хариултыг өгсөн. "Мобиком" болон "Жи мобайл" компанийн зүгээс ч тухайн байршилд сүлжээ хэвийн, ямар нэг доголдол үүсээгүй хэмээн мэдэгдсэн.
Харин Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Сүхбаатарын талбайд сүлжээ унаж, шууд дамжуулалт хийхэд саад учирч буйд тайлбар хийхдээ "Нэг дор олон хэрэглэгч цуглаад бүгд сүлжээ ашиглахаар үүрэн телефоны операторууд ачаалалаа дийлэхгүй байна" хэмээн удаатай. Тэгвэл жагсагчид болон олон нийтийн зүгээс "Төр засаг Сүхбаатарын талбайд зориудаар сүлжээ унагаж байна" хэмээн мэдээлсэн юм.