-Тэжээвэр амьтны эрх хамгаалах хууль, эрх зүйн орчин бүрдүүлэх асуудлыг олон жил хөндөж буй ч одоо л ажил хэрэг болох шатанд ирээд байна. Хуулийн төсөл боловсруулах үйл явцад танай байгууллага хэрхэн оролцож, ямар үүрэг гүйцэтгэв?
-Манай байгууллага 2013 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Орхигдсон амьтдыг аврах, бэртэж, гэмтсэнийг нь эмчлэх, эзэнтэй болгох ажлуудыг энэ хугацаанд сайн дураараа хийж ирлээ. Хэдий бид боломжийнхоо хэрээр цөөн боловч амьтныг аварч, хамгаалж буй ч үүний цаана яг ийм байдалтай хэдэн мянган муур, нохой бий. Тэд мянга мянгаар үржиж, улам олон болж байна. Иймд нэг, хоёр амьтан аврах байдлаар энэ асуудлыг шийдэх боломжгүй гэж харсан. Үүний үндсэн дээр олон улсад түгээмэл ашигладаг, үржил хязгаарлах мэс ажиллавар (спэй)-ыг муур, нохойдоо хийлгэхийг иргэдэд уриалж эхэлсэн юм. Нийслэлд ийм санал тавьж, зарим дүүрэгт тодорхой тооны, эзэнтэй амьтдад мэс ажиллавар хийх ажлыг зохион байгуулсан. Гэвч энэ нь бас л үр дүнтэй шийдэл байж чадаагүй. Амьтан үржүүлэгчид, асран хамгаалагчдыг хариуцлагатай, хяналттай болгоогүй цагт бид хэчнээн олон амьтан авраад, үржлийг нь хязгаарлаад нэмэргүй юм билээ. Ингээд муур, нохой болон бусад гэрийн тэжээвэр амьтны асуудлыг зохицуулах хууль, эрх зүйн орчин бүрдүүлэх чиглэлд анхаарахаас аргагүй боллоо. 2020 оноос өөрсдөө бие даан хуулийн төсөл боловсруулж эхэлсэн. Дараа жил нь УИХ-ын гишүүн Б.Энхбаяртай уулзаж, хуулийн төслийн санаачлагчаар ажиллах санал тавилаа. Гэрийн тэжээвэр амьтдын нөхцөл байдал, тоо толгой, нийгэмд үзүүлж буй нөлөөллийн талаар мэдээлэл танилцуулахад тэрбээр зайлшгүй анхаарах ёстой асуудал гэж үзэн бидний саналыг дэмжсэн. Энэ үеэс манай байгууллага Б.Энхбаяр гишүүний ажлын албатай хамтран ажиллаж эхэлсэн юм. Үндсэндээ уг хуулийн төслийг хамтран боловсруулж эхэлсэн нэг жилийнхээ ойн дээр УИХ-д өргөн бариад байна.
-Боловсруулж буй хууль, үзэл баримтлалын төслүүдийг нээлттэй танилцуулж, иргэдийн санал хүсэлтийг нэгтгэдэг “D-Рar¬liament” цахим хуудсанд байршуулсан. Ингэснээр гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төслийг маш олон хүн дэмжиж, санал өгсөн. Энэ нь уг хуулийг батлах хэрэгцээ, шаардлага, хүлээлт нийгэмд өндөр байгааг харууллаа. Иргэдийн ирүүлсэн саналаас юуг нь тусгаж авсан бэ?
-Хуулийн төслийнхөө эхний хувилбарыг өнгөрсөн зургадугаар сард “D-Рarliament” системд нээлттэй байршуулсан. Одоогоор 220 гаруй хүн бичгээр санал ирүүлээд байна. Хуулийн зүйл, заалт бүрт үнэлгээ өгч, дэмжиж буй хэсэгтээ лайк дарах боломжтой байдаг. Нийт 26 мянган лайк авлаа. Харин хуулийн төсөлтэй танилцсан хүний тоо 12 мянгад хүрсэн. Энэ нь бусад төсөлтэй харьцуулахад нэлээд өндөр хандалттайд тооцогдоно. Иргэд олон төрлийн санал хэлсэн. Тэр дунд муур, нохой асран хамгаалагчдын үүргийг илүү нарийвчилж зохицуулах хэрэгтэй гэсэн санал нэлээд байлаа. Зарим нь хуульд аль хэдийн тусгалаа олсон зүйлийг давхардуулан хэлсэн тохиолдол ч бий. Ирүүлсэн саналуудаас боломжтой гэж үзсэн заримыг нь хуульд тусгасан. Иргэд дээрх цахим хуудас, аппликэйшнийг ашиглан одоо ч саналаа өгөх боломжтой.
-Нийгэмд шинэ харилцаа бий болгох, түүнийг зохицуулах хууль учраас энэ чиглэлээр эрх зүйн орчин бүрдүүлсэн, үлгэр жишээ улс орнуудын туршлагыг ч судалсан болов уу?
-Тэгэлгүй яах вэ. Бидний судалснаар бол 124 орон гэрийн тэжээвэр амьтантай холбоотой харилцааг зохицуулах хууль, журам хэрэгжүүлдэг юм билээ. Эдгээрийг олон улсад мөрддөг дүрэм, журмуудтай харьцуулан судалсан. Улс болгон онцлогтой, нөхцөл байдал нь харилцан адилгүй учраас тэдгээрийг тэр чигт нь хуулбарлан тусгах боломжгүй. Гол нь өөрийн орны онцлогийг харгалзаж, түүндээ тохирсон зохицуулалт бий болгох нь чухал шүү дээ.
-Манай нийгэмд эзэнгүй, золбин муур, нохой гэдэг тогтсон хэллэг бий болжээ. Угтаа бол эзэндээ орхигдсон, хаягдсан амьтад юм шүү дээ. Өөрөөр хэлбэл, ийм амьтан олширсонд хүмүүс буруутай. Тэгвэл хуульд эздийг хариуцлагажуулах ямар зохицуулалт тусгасан бэ?
-Уг хуулиар асран хамгаалагч, түр харагч гэдэг ойлголтыг бий болгож буй. Асран хамгаалагч бол тухайн амьтны эзэн. Харин эздийн зөвшөөрөлтэйгөөр тухайн амьтныг хэсэг хугацаанд хариуцах хүнийг түр харагч гэнэ. Ийм хүмүүс тодорхой үүрэг, хариуцлагыг зайлшгүй хүлээх ёстой. Тухайлбал, олон нийтийн газар гэрийн тэжээвэр амьтантай зорчихдоо зориулалтын хөтөлгөө, хошуувч, цүнх зэрэг шаардлагатай хэрэгслийг заавал авч явж, бусдын амь, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулахаас урьдчилан сэргийлэх үүрэгтэй. Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийг зөвхөн муур, нохойд хамаатуулан ойлгох нь өрөөсгөл. Монголчууд хамгийн их тэжээдэг, тэр хэрээр эзэнгүй орхигдож, гудамжинд олширсон, нийгэмд ихээхэн сөрөг үр дагавар авчирдаг учраас дээрх хоёр амьтныг тэжээдэг хүмүүст нэмэлт үүрэг хүлээлгэхээр тусгасан юм. Эдгээрээс хамгийн онцлог нь гэвэл муур, нохойдоо бичил чип суулгаж, бүртгүүлэх байна. Мөн хуульд заасан хугацаанд урьдчилан сэргийлэх тарилгад хамруулж, үржил хязгаарлах мэс ажиллавар хийлгэх ёстой. Тэрчлэн олон нийтийн газарт бие засуулсан тохиолдолд цэвэрлэж, ялгадсыг нь зориулалтын газарт хаях үүрэгтэй.
-Хуулийн зорилтыг маш өргөн агуулгаар тодорхойлсон байсан. Энэ дунд “Гэрийн тэжээвэр амьтныг бүртгэхтэй холбоотой харилцааг зохицуулна” гэж бий. Бүртгэлийг хэдийд, хэрхэн зохион байгуулах юм бол?
-Гэрийн тэжээвэр амьтдаас зөвхөн муур, нохойд бичил чип суулгаж, бүртгэнэ. Энэ ажлыг сум, баг, хорооны Засаг дарга нар хариуцна. Уг бичил чип нь муур, нохойны арьсанд суулгадаг, олон улсад түгээмэл хэрэглэдэг, дахин давтагдашгүй дугаар агуулдаг суулгац юм. Будаа шиг жижиг хэмжээтэй. Тус чипийг зориулалтын төхөөрөмжөөр уншуулахад дахин давтагдашгүй дугаар гарч ирнэ. Үүний тусламжтайгаар тухайн амьтны асран хамгаалагчийг тогтоож, мөн өөрийнх нь мэдээллийг харах боломжтой. Бүртгэлийн гол зорилго нь эздийг хариуцлагажуулах, гудамжинд төөрсөн, хаягдсан муур, нохойны асран хамгаалагчийг олж тогтоох.
-Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны холбогдох албан тушаалтан “Гэрийн тэжээвэр амьтны эрх хамгаалах хууль баталлаа ч муур, нохой устгалыг хэсэгтээ зохион байгуулахаас аргагүй” гэж хэлсэн. Нийслэл, орон нутагт одоо ч устгал хийсээр байна. Харин хуулийн төсөлд “Эзэнгүй муур, нохойн тоо толгойг бууруулах арга хэмжээ авахдаа харгис хэрцгий арга хэрэглэхгүй, үржил хязгаарлахыг нэн түрүүнд эрхэмлэх” гэж тусгаад буй. Үнэхээр хууль баталсан ч амьтад руу буу шагайсан хэвээр байх юм гэж үү?
-Хуульд эзэнгүй амьтдын тоо толгойг бууруулахтай холбоотой бүлэг бий. Энэ чиглэлийн ажлыг аймаг, нийслэлийн Засаг дарга нар хариуцан харьяа нутаг дэвсгэртээ зохион байгуулахаар заасан. Ингэхдээ тодорхой зарчмуудыг баримтлах ёстой. Нэн түрүүнд үржил хязгаарлах мэс ажиллаврыг эрхэмлэж, харгис хэрцгий аргаас зайлсхийхийг тусгасан. Мөн эзэнгүй амьтдыг буудаж хөнөөхийг хориглосон. Гэхдээ үүнийг хэрэгжүүлж эхлэх хугацаа гэж бий. Албан бус тоогоор нийслэлд 200-300 мянган зээнгүй муур, нохой бий гэж үздэг. Эдгээрт бүгдэд нь нэг дор үржил хязгаарлах мэс ажилбар хийж, эзэнтэй болгох, эсвэл энэ ажлыг ямар нэг байгууллагад хариуцуулах боломжгүй. Тиймээс буудаж устгахыг хориглосон заалтыг хууль баталснаас таван жилийн дараа хэрэгжүүлж эхлэхээр Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөлд тусгасан. Үүнийг УИХ, байнгын хорооны хэд хэдэн шатны хэлэлцүүлгээр оруулах учраас ямар ч байдлаар өөрчлөхийг үгүйсгэхгүй. Бид эзэнгүй амьтдын тоо толгойг энэрэнгүй аргаар бууруулахыг гол чиглэлээ болгож буй ч бодит нөхцөл байдал, төсөв мөнгөний хүрэлцээ зэрэг олон асуудлыг харгалзсаны үндсэн дээр ийм хугацаа тогтоосон.
-Ашиг олох зорилгоор амьтан үржүүлдэг, худалддаг газар цөөнгүй бий. Эдгээрийг ямар зохицуулалтаар цэгцэлж, хариуцлагажуулах вэ?
-Үүнийг мөн бүртгэлтэй адил зөвхөн муур, нохойд хамаатуулан авч үзэж, хуульд тусгай бүлэг оруулсан. Дээр хэлсэнчлэн нийгмийн үр дагавар, нөлөөллийг нь харгалзсан. Манай улсад ашгийн зорилгоор амьтан үржүүлдэг 1000 гаруй иргэн, аж ахуйн нэгж, байгууллага бий гэсэн албан бус мэдээлэл байдаг. Энэ бол том тоо. Үүний дунд зохих зөвшөөрөлтэй, хариуцлагатай үйл ажиллагаа явуулдаг нь харьцангуй цөөн. Түгээмэл ажиглагддаг асуудал нь энэ төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг хүмүүс ямар ч хяналт, бүртгэлгүй байдаг. Дээр нь татвар төлдөггүй. Үржүүлгийг шаардлага хангахгүй орчинд, тухайн амьтны эрүүл мэндэд сөрөг нөлөө учруулахуйц байдлаар зохион байгуулдаг. Харин энэ хуулиар бол зөвхөн зохих зөвшөөрөл авсан, ашгийн төлөө хуулийн этгээд амьтан үржүүлэх эрхтэй болно. Зөвшөөрлийг Мал эмнэлгийн ерөнхий газраас олгохоор зохицуулсан. Мөн муур, нохойг нэгээс дээш удаа үржүүлсэн тохиолдолд үржүүлэх үйл ажиллагаа эрхэлсэн гэж үзэхээр заасан. Учир нь эдгээр амьтан нэг удаа төрөхдөө олон зулзага гаргадаг, асар хурдтай өсдөг онцлогтой. Хоёр нохой зургаан жилд 60 мянга хүртлээ өсөх боломжтой. Муур бол 13 сая хүртлээ өсдөг. Байгалийнхаа жамаар төрөхөд л энэ шүү дээ. Тэгэхээр муур, нохой үржүүлнэ гэдэг нь зөвхөн тэр эзний, амьтны асуудал биш юм.
Үржүүлэг эрхлэхэд зөвшөөрөл шаардах болсон нь энэ үйл ажиллагааг хяналттай, хүмүүсийг хариуцлагатай болгох зорилготой. Дааж давшгүй өндөр шаардлага тавьж, хүнд суртал гарган, хүмүүсийг хааж боох гэсэнгүй. Дүрэм журмынхаа дагуу зөвшөөрлөө аваад, стандартын хүрээнд ажиллаач ээ л гэж байгаа. Үржүүлэг эрхлэгчдэд тавих гол шаардлага нь орон байр. Гэрэл нэвтрүүлэх боломжтой, амьтны хөдөлгөөн хязгаарлахгүй зай талбайтай байх гэх зэрэг ерөнхий, наад захын шаардлагыг биелүүлэхэд л болно. Өвлийн хүйтэнд нялх гөлгийг ямар ч хөдөлгөөн хийх боломжгүй жижиг торонд хийгээд, хашаанаас өлгөчихсөн байхыг харсан. Ашиг олох зорилгоор ийм үйл ажиллагаа явуулдаг хүмүүс бий. Энэ явдлыг таслан зогсоож, хязгаарлан, хяналтад авахыг зорьж байна.
-Муур, нохойг олон нийтийн газар зориулалтын хэрэгсэлтэйгээр авч явах заалт оруулжээ. Мөн зарим бүсэд салхилуулахгүй байхаар тусгасан байна. Үүнийг зөрчсөн тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?
-Уг хуулийн төсөлтэй холбогдуулан Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулсан. Асран хамгаалагч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд торгууль ногдуулна. Үржил хязгаарлах мэс ажиллавар хийлгээгүй, бүртгэлд хамруулаагүй бол үүнээс өндөр торгууль ногдуулах зохицуулалттай.
Хоёр газарт нохой салхилуулахыг тусгайлан хориглосон. Нэг нь цэцэрлэгийн талбай, нөгөөх нь хүүхдийн тоглоомын газар. Бага насны хүүхдүүд тоглоомын талбай дээрх зүйлсэд хамаагүй хүрч, газар хэвтэж, өнхрөх явдал түгээмэл учраас халдварт өвчин дамжих эрсдэлтэй гэж үзсэн. Хуулийн төсөл боловсруулснаас хойш үүнтэй холбоотой шүүмжлэлийг муур, нохой тэжээдэг хүмүүс нэлээд ирүүлсэн. “Салхилуулах, чөлөөтэй явах газаргүй болох нь” гэж хүлээж авч байна. Залруулж хэлэхэд, зөвхөн ийм хоёр газарт л муур, нохой салхилуулахыг хориглосон. Бусад газарт чөлөөтэй. Гагцхүү зориулалтын хэрэгсэл ашиглаж хэвших хэрэгтэй.
-Амьтан асран хамгаалах хүмүүст хэд хэдэн шаардлага тавьж буй юм билээ. Насанд хүрсэн, эрх зүйн чадамжтай, тухайн амьтныг орон байр, хоол ундаар хангах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд хамруулах боломжтой, орлогын эх үүсвэртэй байх зэргийг үүнд багтаажээ. Тэгвэл тухайн асран хамгаалагч тодорхой асуудлын улмаас санхүүгийн чадамжгүй болбол яах вэ?
-Эзнийг хариуцлагатай байлгах үүднээс насны хязгаар тогтоосон. Орлогын эх үүсвэрийг чухалчилсан нь амьтан тэжээхэд маш олон төрлийн зардал гардагтай холбоотой. Наанадаж хоол хүнсийг нь таслахгүй байх, эрүүл мэндийн үзлэгт хамруулах, тарилга, туулга хийлгэх хэрэгтэй шүү дээ. Тиймээс ийм заалт оруулсан.
-Манай улс амьтны эрх хамгаалах хууль, эрх зүйн орчин бүрдүүлэлгүй өнөөдрийг хүрсэн учраас үүнээс үүдэлтэй олон асуудал тулгамдсаар ирсэн. Төөрсөн, гэмтсэн амьтдад тусламж, үйлчилгээ үзүүлэх газар, тэнхэртэл нь, эзэнтэй болтол нь байлгах зориулалтын байр ч үгүй. Тэгвэл энэ хэрэгцээ, шаардлагыг хангах чиглэлд хэрхэн анхаарч буй бол?
-Манай байгууллагын фэйсбүүк дэх бүлгэм 150 мянга орчим гишүүнтэй. Тэнд ихэвчлэн алдагдсан, төөрсөн, гэмтэж, бэртсэн амьтадтай холбоотой мэдээлэл өдөр бүр хөвөрч байдаг. Гадаадын орнуудын жишгээр төсвөөс санхүүждэг түр асрах газар байгуулаад, эдгээр амьтныг халамжилж байлгая гэхээр манай улсад яг үнэндээ тийм нөхцөл боломж алга. Тиймээс бид энэ асуудлын шалтгаан нөхцөл болоод буй үржүүлгийг хяналттай болгож, эздийг хариуцлагажуулахыг зорьж байна.
-Нийгэм, цаг үеийн нөхцөл хүнд байхад, гурван сая иргэнийхээ асуудлыг шийдээгүй байж муур, нохойд зориулж хууль баталлаа гэдэг сөрөг сэтгэгдэл, шүүмжлэл энэ өдрүүдэд цөөнгүй харагдлаа. Амьтад ч амьдрах эрхтэй гэдгийг нийгэмд хүлээн зөвшөөрүүлэхийг зорьж, хууль, эрх зүйн орчин бүрдүүлэх чиглэлээр сүүлийн жилүүдэд тууштай ажиллаж буйн хувьд та бүхэн үүнийг ямар өнцгөөс, хэрхэн хүлээж авсан бэ?
-“Хүмүүс энэ хуулийн төслийн агуулга, зорилгыг зөвөөр ойлгоосой гэж хүсэж байна. Энэ бол муур, нохойны асуудлыг хүнийхээс чухалчилсан хэрэг биш. Амьтны эрхийг хүнийхээс дэгүүр тавьсан явдал ч биш. Үүний цаана хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн асуудал давхар хөндөгддөг. 2020 оны байдлаар 3000 орчим хүн нохойд хазуулж, ГССҮТ-д хандсан байна. Эрүүл мэндийн байгууллагаас тусламж, үйлчилгээ авч чадаагүй иргэд ч бий. Мөн жилд 1.2-1.9 тэрбум төгрөгийг муур, нохой устгах ажилд зарцуулж байна. Уг нь энэ мөнгийг илүү үр ашигтай зүйлд зарцуулах хэрэгтэй шүү дээ. Буудаж устгасан амьтдаа газарт булж, хүрээлэн буй орчин бохирдуулдаг. Мөн эзэнтэй, эзэнгүй муур, нохой хүнд янз бүрийн халдварт өвчин дамжуулдаг. Тэгэхээр үүнийг зөвхөн амьтантай холбоотой асуудал гэж үзэж хойш нь тавьж болохгүй. Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль хүний эрхийг ч хамгаалахад чиглэсэн.