Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төслийг тун удахгүй Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр зэхсэнээ салбарын яамныхан дуулгав. Боловсруулсан хуулийн төсөлдөө яамдын саналыг авч буй гэнэ. Одоогоор 10 яамнаас саналаа ирүүлжээ. Үлдсэн яамд санал өгсний дараа нэгтгээд Засгийн газрын хуралдаанд оруулах нь. Уг нь энэ хуулийн төслийн нэршил Эрдэс баялгийн биржийн тухай байв. Эрдэс баялаг гэдэг үг маш өргөн хүрээтэй ойлголт аж. Энгийнээр тайлбарлавал, геологи хайгуул, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл ч энэ ойлголтод багтдаг гэнэ. Тиймээс Уул уурхайн бүтээгдэхүүний тухай хууль гэж өөрчилсөн байна.
Хуулийн төсөлд уул уурхайн бүтээгдэхүүний бирж нь төрийн өмчит хувьцаат компани байхаар тусгажээ. Эл компанийн менежментийг гадаадын таваарын биржид ажиллаж байсан өндөр ур чадвартай багаар хийлгэх гэнэ. Учир нь Монголд таваарын бирж хөгжүүлж байсан туршлагатай хүний нөөц байхгүй. Монголын мэргэжилтнүүд Хөдөө аж ахуйн бирж байгуулсан удаатай. Гэвч жинхэнэ утгаар нь бий болгож чадаагүй гэж хөндлөнгийн ажиглагчид дүгнэдэг билээ. Гадаадын менежментийн баг удирдах бирж Лондоны хөрөнгийн биржийн “Миллениум Ай Ти” системийн таваарын арилжаа хийдэг программыг ашиглахаар болжээ. Монголын хөрөнгийн бирж дээрх системийг худалдан авч, 2011 оноос үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн. Уг системээс таваарын арилжаа хийдэг хэсгийг идэвхжүүлэхэд л саадгүй ажиллах боломжтой юм байна.
Биржээр арилжих бүтээгдэхүүнийг Засгийн газар батална гэж хуулийн төсөлд тусгажээ. Тэгэхээр ямар бүтээгдэхүүн худалдахыг нь Засгийн газар үүрэг болгоод явах юм байна. Үүнийг төрийн төмөр нударгаар зохицуулалт хийх гэсэн санаа гэж таамаглаж байж болох талтай. Уул уурхайн бүтээгдэхүүний бирж спот арилжаа хийх нь. Энэ нь худалдаж буй болон худалдан авагч тал бэлэн байгаа бараа, түүхий эдийг тухайн үеийн зах зээлийн ханшаар нь арилждаг хэлбэр юм. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамныхан эхний ээлжид коксжих нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр, алт арилжих зорилготойгоор эл хуулийн төслийг санаачилсан. Юутай ч төрийн өмчит уул уурхайн компаниудын бүтээгдэхүүнийг биржээр арилжих бодлого баримтлах аж.
Уул уурхайн бүтээгдэхүүнээ арилжих бирж байгуулах санаачилга шинэ зүйл биш. Түүх сөхвөл, 2014 онд төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын хүрээнд Уул уурхайн сайдын тушаалаар ажлын хэсэг байгуулагдан, эрдэс баялгийн биржийн үйл ажиллагааг зохицуулах журмын төсөл боловсруулсан. Хойтон нь буюу 2015 онд Засгийн газрын хуралдаанаар Эрдэс баялгийн биржийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг баталсан юм. Улмаар Уул уурхайн яам болон Санхүүгийн зохицуулах хороо хамтран Эрдэс баялгийн биржийн тухай хуулийн төслийн анхны хувилбарыг боловсруулсан. Дараа жил нь Засгийн газрын хуралдаанаар хуулийг төслийг хэлэлцүүлсэн боловч УИХ-д өргөн мэдүүлээгүй. Товчхондоо, хуулийн төсөл Засгийн газрын босгыг ч даваагүй гэсэн үг.
Уг хуулийн төслийг батлахыг эсэргүүцэх бизнесмен, улстөрч олон гарч ирэх нь тодорхой. Зарим нь энд, тэнд эсэргүүцлээ илэрхийлж явааг эх сурвалж дуулгасан. Тэд зөвхөн Хятадын зах зээлд уул уурхайн бүтээгдэхүүнээ борлуулдаг байж бирж байгуулах хэрэггүй гэсэн тайлбар хэлдэг. Эсэргүүцэгчдийн олонх нь уул уурхайн бүтээгдэхүүн зуучлан борлуулагч, тэдэнтэй ямар нэг хамааралтай хүмүүс байдаг. Эерүүлж хэлбэл, гэрээ дамжуулан борлуулж, дундаас нь ашиг олдог хүмүүс. Хатуухан хэлбэл, хорны хутгуурууд юм.
Уул уурхайн бүтээгдэхүүний бирж байгуулахыг дэмжих олон нигуур бий. Зуучлан борлуулагчтай холбоотой хэсгээс нь эхэлье. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамныхны өнгөрсөн хоёрдугаар сард гаргасан судалгаагаар Тавантолгойн ордын уурхайн ам дээрээс бүх зардлыг нь хасаад нэг тонн коксжих нүүрс борлуулах боломжит үнэ 89.4 ам.доллар байжээ. Тэгвэл тухайн үед уурхайн амнаас нэг тонн нүүрсээ 47 “ногоон”-оор борлуулж байсан гэнэ. Тэгэхээр зөрүү нь 42.4 ам.доллар болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, зуучлан борлуулагчдын хэтэвч рүү ийм хэмжээний мөнгө орж байна гэсэн үг. Баталгаагүй эх сурвалжийн мэдээллээр нүүрс худалдаж авах нэг гэрээг зуучлан борлуулагчид гурав дамжуулан худалддаг гэсэн. Бүлэг хүмүүсийн хүрээнд нууц байдалд хийдэг учраас олон нийтэд энэ талаар мэдээлэл байдаггүй.
Хэрэв бирж байгуулаад, худалдагч, худалдан авагч хоёр тал дундын зуучлагчгүйгээр арилжаа хийвэл уурхайн ам дээрх нүүрсний үнэ хэр хэмжээгээр өсөх нь дээрх судалгаанаас тодорхой харагдана. Улсын төсвийн орлого ч нэмэгдэнэ. Уг орлого өсөх нь газрын хэвлийн баялгийн үр өгөөж нийт иргэдэд тэгш хүртээмжтэй очих нөхцөл юм. Газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг хэсэг бүлэг хүн дундаас нь илүү хүртэж байгаа нь ямар ч тохиолдолд шударга бус явдал. Дээрх судалгааг манай нүүрсний эцсийн хэрэглэгчид очих үнэ нэг тонн нь 1180 юань байхад хийсэн. Одоо тонн нүүрсний эцсийн хэрэглэгчид очих үнэ 2870 юань болсон. Уул уурхайн компаниуд бүтээгдэхүүнээ хэдэн ам.доллароор борлуулж буй нь нууц байдаг. Магадгүй Тавантолгойн нүүрсний уурхайн амны үнээс зуучлагчдын хэтэвч рүү ордог мөнгө их болсон байж ч магадгүй. Энэ бол бирж байгуулах үндсэн шалтгаан.
Бирж байгуулснаар Монгол Улс дэлхийн уул уурхайн бүтээгдэхүүний зах зээлийн нэг хэсэг бодитоор болно. Дэлхийн зах зээлд зэсийн баяжмалын үнэ өслөө л гэдэг. Монголын зэсийн баяжмалын үнэ тэр жишигт нь хүрч байна уу, үгүй юү гэдэг нь эргэлзээтэй. Хэр зөрүүтэй байдгийг хэн ч тодорхой мэдэхгүй. Хэрэв бирж байгуулбал манай уул уурхайн бүтээгдэхүүний үнэ дэлхийн жишигтэй уялдаатай хэлбэлзэх нь дамжиггүй. Монгол Улс төрийн ардчилсан тогтолцоо, чөлөөт зах зээлтэй орон. Гэтэл хатуу дэглэмтэй зарим орноос ч муу зах зээлийн харилцаатай явна. Дэлхийн дэвшилт зүйлсийг нэвтрүүлж, зах зээлээ хөгжүүлэх нь заавал хийх ёстой ажил юм.
…Нүүрсээ манайхан коксжих, хагас коксжих, эрчим хүчний гэж гурав ангилан борлуулдаг. Энэ нь бараа, бүтээгдэхүүнээ бүдүүн тоймоор үнэлж байна гэсэн үг. Тэгвэл дэлхийн бусад орон уул уурхайн бүтээгдэхүүнээ чанар, орцын агууламжаар нь олон ангилж худалддаг. Тухайлбал, Хятадын Далианы түүхий эдийн бирж нүүрсийг есөн ангиллаар арилжиж байна. Мэдээжийн хэрэг хамгийн чанартай коксжих нүүрс өндөр үнэтэй, муу нь хямд байх нь ойлгомжтой…
Нүүрсээ манайхан коксжих, хагас коксжих, эрчим хүчний гэж гурав ангилан борлуулдаг. Энэ нь бараа, бүтээгдэхүүнээ бүдүүн тоймоор үнэлж байна гэсэн үг. Тэгвэл дэлхийн бусад орон уул уурхайн бүтээгдэхүүнээ чанар, орцын агууламжаар нь олон ангилж худалддаг. Тухайлбал, Хятадын Далианы түүхий эдийн бирж нүүрсийг есөн ангиллаар арилжиж байна. Мэдээжийн хэрэг хамгийн чанартай коксжих нүүрс өндөр үнэтэй, муу нь хямд байх нь ойлгомжтой. Уул уурхайн салбарынхан Тавантолгойн ордын 90 хувь хүртэл коксжих чанартай нүүрсийг сорчилж олборлоод байна гэдэг. Тэгвэл сор болсон нүүрсээ үнэтэй зарах боломжийг бирж олгох нь дамжиггүй. Чанартай бүтээгдэхүүнээ үнэд хүргэж борлуулах нь зах зээлийн бичигдээгүй хууль.
Бирж арилжаа наймааны ил тод, нээлттэй талбарыг бүрдүүлдэг онцлогтой. Уул уурхайн бүтээгдэхүүний биржтэй болсноор олон нийтийн хардлага сэрдлэг, үл ойлголцол намжина. Уул уурхайн салбарт хандах хандлага нь ч зөөлөрнө гэж төсөөлж байна. Манай улс дээр дурдсан уул уурхайн бүтээгдэхүүнүүдийг борлуулж, жилд дунджаар 4.5 тэрбум ам.долларын орлого олдог. Гадаадын том биржүүдтэй харьцуулбал жижиг хэмжээний зах зээлд ажиллана гэсэн үг. Гэхдээ энэ бол бирж байгуулж болохуйц зах зээл. Эх сурвалжууд хувийн хэвшлийн компаниуд уул уурхайн бирж байгуулахыг ихэд дэмжиж буйг дуулгалаа. Төрийн өмчит компаниуд нь дэмжээд, уул уурхайн бүтээгдэхүүний зах зээлд шинэчлэл авчрах хэрэгтэй.