ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн Цэвдэг судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан, доктор А.Саруулзаяатай ярилцлаа. Тэрбээр МУИС-ийн Физик электроникийн сургуулийг хэрэглээний физик-экологич мэргэжлээр төгсжээ. МУИС-д магистр, Японы Хоккайдогийн их сургуульд цэвдэг судлалын чиглэлээр докторын (Ph.D) зэрэг хамгаалсан аж.
-Зарим уншигч цэвдгийн талаар төдийлөн сайн мэдэхгүй байж магадгүй. Энэ талаар мэдээлэл өгнө үү.
-Энгийнээр хэлбэл, цэвдэг гэдэг нь 0 буюу түүнээс доош хэмд, хоёр ба түүнээс дээш жил газрын гүний тодорхой түвшинд орших ул хөрс, чулуулаг, мөсний нийлмэлийг хэлдэг. Дэлхийн хуурай газрын 24 хувь нь цэвдэгтэй бөгөөд үүний 95 орчим хувь нь таван улсын газар нутагт ногддог. Тархалтаар нь эрэмбэлбэл ОХУ, Канад, БНХАУ, АНУ-ын дараа Монгол Улс ордог. Өөрөөр хэлбэл, манайх цэвдгийн тархалтаараа дэлхийн топ таван улсын нэг. Манай орны нийт газар нутгийн 29.3 хувьд цэвдэг тархсан байдаг. Монгол орон Сибирийн цэвдгийн өмнөд захад оршдог, уулархаг, хуурай гандуу бүс нутгийн цэвдэг бөгөөд тэг хэмд ойрхон, улирлаар гүн гэсэж, хөлддөг онцлогтой.
-Цэвдгийн ач холбогдол болон сөрөг тал нь юу вэ?
-Хүрээлэн буй орчинд олон талын ач холбогдолтой. Жишээлбэл, цэвдэг нь тодорхой хэмжээний газрын гүнд өөртөө янз бүрийн хэмжээтэй чийг, мөс агуулан оршдог тул газрын гүний болон гадаргын усны эхийг бүрдүүлдэг экосистемийн чухал бүрэлдэхүүн хэсгийн нэг юм. Экосистемд дулаан, чийгийн горимыг тэнцвэржүүлэх үүрэг ч гүйцэтгэдэг. Үүнээс гадна цэвдэг нь эртний амьтан, ургамал, археологийн олдвор, булш бунхныг сайн хадгалдаг байгалийн маш сайн “хөлдөөгч”.
Олгой нуурын хөндийд орших термокарстын нуурын мөс өрөмдөн, цооногт бамбар тавихад үүссэн дөл. Метан хийн шаталт явагдаж буй ньСүүлийн жилүүдэд уур амьсгалын дулаарлын нөлөөгөөр Монголд тархсан цэвдэг гэсэж, алдарч байгаа нь булаг, шанд, гол, нуурууд ихээр ширгэх нэг нөхцөл болсон. Судлаач, эрдэмтдийн судалгааны үр дүнгээс харахад дэлхийн цэвдэгтэй бүс нутагт ойролцоогоор 1700 гигатонн хүлэмжийн хий болох нүүрсхүчлийн хий (CO2), метан (CH4) хадгалагдаж байгааг тогтоосон. Энэ нь агаар мандалд одоо байгаа хүлэмжийн хийнээс даруй хоёр дахин их. Хэрэв цэвдэг гэсэж, алдарвал түүнд агуулагдаж буй асар их хэмжээний хүлэмжийн хий агаар мандалд дэгдэж уур амьсгалын дулаарлыг эрчимжүүлэх, энэ нь эргээд цэвдгийг гэсгээх гэх мэтээр эргэх цикл бий болдог. Үүнээс гадна улс орны нийгэм, эдийн засаг, бидний амьдралд бодитоор нөлөөлж байна. Хамгийн ойрын жишээ дурдвал цэвдэгтэй газарт барьсан барилга байгууламж, хатуу хучилттай замд гэсэлтээс нь үүдэж бичил хагарлууд, эвдрэл, суулт деформац ихээр үүсэж байгаа нь ашиглалтын хугацааг нь багасах, урсгал зардал нэмэгдэх, наад захын шаардлага хангахгүй актлагдах гэх мэт олон хүндрэл бий болсоор байна.
-Монголд Цэвдэг судлалын группийг 1958 онд байгуулсан юм билээ. Өнгөрсөн 60 гаруй жилийн хугацаанд цэвдгийн чиглэлээр ямар судалгаа хийсэн бол?
-ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн Цэвдэг судлалын салбарыг анх 1958 онд Цэвдэг судлалын групп нэртэй байгуулсан. Цаашлаад 1960 онд Цэвдэг судлалын төв станц, 1962 онд Цэвдэг судлалын лаборатори, 2015 оноос Цэвдэг судлалын салбар болон өргөжиж өнөөг хүртэл үйл ажиллагаа явуулж байна. Манай салбар ерөнхий цэвдэг судлал, инженерийн цэвдэг судлал, хүйтний үзэгдэл, мөстлөгийн чиглэлээр судалгаа хийдэг. Мөн онол арга зүйн үндэслэл боловсруулж, цэвдгийн тархалт, түүний үүсэл, хөгжлийн зүй тогтлыг илрүүлэн, урт хугацааны динамик өөрчлөлтийг нь судалдаг. Зарим үр дүнгээс дурдахад, 1968-1971 онд Монгол, Оросын хамтарсан экспедиц 1:1 500 000 масштабтай Монгол орны геокриологийн зураг зохиосон. Уг зурагт Монголын нийт газар нутгийн 63 хувьд цэвдэгтэй гэж тодорхойлсон байдаг. Одоогоор Монгол орны хэмжээнд мониторингийн 180 гаруй цооног ашиглан цэвдгийн температурыг тогтмол хэмжиж байна. Бид 2016 онд эдгээр цооногийн мэдээг ашиглаж, TTOP загварчлалын аргаар Монгол орны цэвдгийн тархалтын 1:1 000 000 масштабтай шинэчилсэн зураг зохиосон. Уг зурагт нийт газар нутгийн 29.3 хувьд цэвдэг тархаж буйг тодорхойлсон. Тэгэхээр өнгөрсөн 50 жилийн хугацаанд Монгол орны цэвдэг ойролцоогоор 45 хувиар буурсан гэсэн үг.
Я.Жамбалжав нар 2016
-Та докторын судалгааныхаа ажлын талаар дурдана уу.
-2017 онд Япон Улсын Хоккайдогийн их сургуульд “Монгол орны цэвдгийн үргэлжилсэн ба тасалданги тархалттай бүсүүд дэх термокарстын нууруудын динамик өөрчлөлт” сэдвээр докторын зэргээ хамгаалсан. Энэ чиглэлээр Арктикийн цэвдэгтэй бүсэд өргөн судалгаа хийсэн. Харин манайд урьд нь хийж байгаагүй гэдгээрээ шинэлэг. Термокарстын нуурыг дулааны хөндийлжийн нуур ч гэж нэрлэдэг. Эдгээр нуур нь мөсжилт ихтэй цэвдэгтэй газар үүсдэг тул цэвдгийн алдралыг илтгэх үндсэн индикатор болдог. Уг судалгааг дэлхийн хоёрдугаар дайны үед АНУ-ын тагнуулын зориулалттай ашиглаж байсан өндөр нарийвчлалтай “Corona”, мөн Японы ALOS/AVNIR хиймэл дагуулын сүүлийн жилүүдийн мэдээ ашиглан Монгол орны хэмжээнд долоон цэгт 0.1 га-гаас дээш талбайтай 1200 нуурт хийсэн. Сүүлийн 45 жилийн хугацаанд Монгол орны Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутагт тархсан мөсжилт ихтэй үргэлжилсэн цэвдэгтэй бүсэд нуурын тоо болон талбай нэмэгдсэн бөгөөд шинээр маш олон жижиг нуур (термокарстын 85 нуур) үүссэнийг тогтоосон. Энэ нь уур амьсгалын дулаарлын нөлөөгөөр мөсжилт ихтэй цэвдгийн алдрал эрчимтэй явагдаж байгааг илтгэнэ. Харин эсрэгээрээ Хангайн нурууны өвөр, Говь-Алтай, Хэнтийн уулархаг нутагт тархсан тохиолдлын цэвдэгтэй бүсэд термокарстын нуурын тоо болон талбай буурч, ширгэж алга болсон. Энэ бүсэд термокарстын нуур ширгэн, хатаж алга болсон нь цэвдэг устаж, гадаргын ус ууршин, газрын доорх ус нэвчсэнээс шалтгаалсан. Яагаад гэвэл газрын доор байсан цэвдэг алдарч, устаж үгүй болохоор нуур тогтох юмгүй болчихно. Тиймээс нуурын ус газрын хөрсөнд нэвчиж, ширгэж алга болдог. (Уг судалгааны ажлын загвар цэг болох Дархадын хотгорт тархсан термокарстын үр дүнг В1 нүүрэнд харууллаа).
Эдгээр нуур нь цэвдгийн алдралыг илтгэх гол үзүүлэлт бөгөөд нуурын ёроолын шаварлаг хурдаснаас метан хий их хэмжээгээр ялгардаг. Ийм учраас олон судлаач Арктикийн бүсэд тархсан термокарстын нууруудыг судалдаг. Монгол орны цэвдэгтэй бүсэд тархсан термокарстын нуураас ялгарах метан хийг 2014 оноос хойш хэмжиж байна. Зарим сонирхолтой үр дүнгээс дурдвал, Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт орших Олгой нуурын хөндийд термокарстын нуурын мөсийг 2014 оны гуравдугаар сард өрөмдөж, цооног гарган галт бамбар тавихад цэнхэр дөл дүрэлзэж байсан. Нуурын шаварлаг ёроолоос ялгарч байгаа метаны бөмбөлгүүд өвөл нуурын мөсөн бүрхүүлд хуримтлагдан, мөс хайлахад агаарт дэгддэг. Зун ч гэсэн ялгардаг. Энгийнээр хэлбэл метан бол байгалийн хий юм.
Гравис нар 1971
Монгол орны цэвдгийн тархалтын зураг (1971-2016)
-Манайд цэвдэг уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр маш ихээр хайлж байгаа нь тодорхой болжээ. Та одоогоор ямар судалгаан дээр ажиллаж байна?
-Тийм ээ. Монгол оронд уур амьсгалын дулаарал дэлхийн дунджаас хоёр дахин эрчимтэй явагдаж байна. Тиймээс Монгол орны хэмжээнд цэвдгээс ямар хэмжээний хүлэмжийн хий ялгарч байгаа нь сонирхолтой. Өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн “Монголын тэгш өндөрлөгийн уур амьсгалын өөрчлөлт болон экологийн хүчин зүйлд цэвдгийн үзүүлэх нөлөө” сэдэвт хамтарсан төслийн удирдагчаар ажиллаж байна. Өнөө үед өргөн уудам газар нутгийг хамарсан судалгаанд хээрийн судалгаанаас гадна зайнаас тандан судлалын арга, аргачлал, хиймэл дагуулын мэдээ ашиглаж цаг хугацаа, орон зайн өөрчлөлтийг гаргах бүрэн боломжтой болсон. Энэ судалгаанд Японы GO¬SAT хиймэл дагуулын мэдээ ашиглан дүгнэлт хийж байна. Уг хиймэл дагуулыг Киотогийн протоколыг хэрэгжүүлэх хүрээнд газрын гадаргаас ялгарах нүүрсхүчлийн хий, метаныг хэмжих зорилгоор 2009 онд хөөргөсөн байдаг.
Цэвдэг нь гүний болон гадаргын усны гол “тэжээл” болдгийг дээр дурдсан. Энэ чиглэлээр “Монгол орны цэвдэгт бүс нутгийн гүний усны нөөц ба түүний өөрчлөлт” төсөл боловсруулж Японы Күритагийн Ус ба хүрээлэн буй орчны сангаас санхүүжилт авсан. Одоогоор эдгээр судалгаан дээр ажиллаж байна.
-Киотогийн протокол, Парисын хэлэлцээр цэвдэгтэй яаж холбогдож байна вэ?
-Киотогийн протокол нь НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцтой холбоотой олон улсын гэрээ (2008-2012 он) бөгөөд хүлэмжийн хий ихээр ялгаруулдаг, үйлдвэржсэн орнууд үүрэг хүлээж байсан. 2016 онд баталсан Парисын хэлэлцээр нь Киотогийн протоколтой зорилгын хувьд ижил. Уг гэрээнд нэгдэн орсон бүх орон хүлэмжийн хийг тодорхой хувиар бууруулах үүрэг хүлээдэг. Жишээ нь, Монгол Улс 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 14 хувиар бууруулах үүрэг хүлээсэн. Манай улс 1990 оноос хойш 4-5 жилд нэг удаа хүлэмжийн хийн тооллогыг олон улсын байгууллагаас гаргасан, тогтсон аргачлалаар хийж ирсэн. Гэтэл уг тооллогод тодорхойгүй, нарийвчлах шаардлагатай зүйл олон. Тухайлбал, газар ашиглалтын салбараас ялгарч буй хүлэмжийн хийн хэмжээ одоо хүртэл тодорхой бус. Манай нийт газар нутагт тархсан цэвдэгтэй бүсэд газар ашиглалтын хэлбэрүүд (газар тариалан, намгархаг газар гэх мэт) мэдээж байгаа. Иймээс цэвдэгтэй газраас ялгарч байгаа хүлэмжийн хийг судлан тогтоох шаардлагатай. Олон улсын Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Засгийн газар хоорондын мэргэжилтний хорооноос 2018 онд гаргасан тайланд цэвдгээс ялгарч буй хүлэмжийн хийг нарийвчлан судлах зайлшгүй шаардлагатайг дурдсан байдаг.
-Манай улсын цэвдгийн дийлэнх нь 2060 онд хайлж дуусах төлөвтэй гэсэн судалгаа гарсан тухай мэдээлэл бий.
-Цэвдэг судлалын чиглэлээр ажиллаж байсан ахмад эрдэмтдийн гаргасан зарим үр дүнг та хэлж байх шиг байна. Цэвдэг судлалын салбарын эрдэмтэд, доктор Я.Жамбалжав удирдагчтай төслийн багийнхан 2016 онд Монгол орны цэвдгийн шинэчилсэн зургийг хийх явцад хэд хэдэн загварчлал ашиглан 2099 он хүртэл цэвдгийн ирээдүйн төлөв байдлыг үнэлсэн. Монгол орны нийт цэвдэгтэй талбай 2016-2035 онд 16-18, 2046-2065 онд 33-61, 2080-2099 онд 74-94 хувиар тус тус буурна гэж төсөөлсөн байдаг.
А.Саруулзаяа 2017
Хөвсгөл аймгийн Дархадын хотгорын термокарстын нууруудын өөрчлөлт
-Цэвдэг хайлах нь гэж та бүхнийг сануулахад төр, засгаас хэрхэн анхаарч байна вэ?
-Шинжлэх ухааны судалгаанд суурилсан эдгээр үр дүнг эрдэм шинжилгээний бүтээл, ном, хэвлэл, тайлан, зөвлөмж, гарын авлага байдлаар олон нийт, бодлого боловсруулагч, мэргэжилтнүүд, инженер техникийн ажилтнууд, оюутан залууст хүргэж байна. Харин сүүлийн жилүүдэд гарсан үр дүнгээ хурал, семинар, сургалт зохион байгуулж яам, Тамгын газар, мэргэжлийн байгууллагуудад хүргэж байгаа. Гэсэн ч төр, засгаас дорвитой анхаарч байгаа зүйл алга. Байгаль орчин, зам, тээвэр, барилгын салбарын холбогдох хууль, тогтоомжид цэвдгийн асуудлыг тусгах зайлшгүй шаардлагатай.
-“Байгалийн хөргөгч”-өө хамгаалахын тулд юунд анхаарах ёстой вэ?
-Манайд модыг их огтолж байгаад анхаарах хэрэгтэй. Мөн бэлчээрээ зөв зохистой ашиглах, цэвдэгтэй газар тариалан эрхэлж байгаад анхаарах учиртай. Байгаль дээр урт хугацаанд явагдаж байгаа цэвдгийн гэсэлтээс илүү хүний үйл ажиллагааны нөлөөллөөс шалтгаалж хэд дахин эрчимтэй гэсдэг. Жишээ нь, 1962 оны хиймэл дагуулын мэдээнээс Дархадын хотгорт орших Цойцон нуур луу цутгадаг голууд цэвдгийн гэсэлт, дулааны эрозын нөлөөгөөр маш богино хугацаанд ширгэсэн. Хэд хэдэн оны хиймэл дагуулын мэдээтэй харьцуулахад тухайн үед нуурын хажууд газар тариаланг эрчимтэй эрхэлж байсан ул мөр байдаг. 2017 онд УИХ-ын нэг гишүүн Цойцон нуурыг сэргээх санаачилга гаргаж байсан ч дэмжигдээгүй. Уг асуудлыг дэвшүүлэхэд нутгийн иргэд тийм ч дуртай байгаагүй. Ширгэсэн нуурын хөндий чийглэг хурдастай учир тэнд өвс ургамал сайн ургаж, хадлан авах тохиромжтой нөхцөл бүрдүүлдэгтэй энэ нь холбоотой. Тэгэхээр олон нийтэд цэвдгийн ач холбогдлыг маш сайн тайлбарлан ойлгуулах хэрэгтэй. Ер нь Монгол оронд тархсан цэвдгийн экологийн үнэ цэнийг тооцож гаргаагүй учраас ач холбогдлыг нь хүмүүс сайн мэдэхгүй байна.
-Бусад орон цэвдэг хамгаалах технологид хэрхэн анхаардаг бол?
-2018 онд Францад болсон Европын цэвдгийн V форумд оролцсон юм. Инженерийн цэвдэг судлалаар АНУ, Канад, ОХУ, БНХАУ нэлээд ахисан түвшинд хүрсэн нь анзаарагдсан. Жишээ нь, бид цэвдэгтэй газар барьсан зам, барилга эвдэрчихлээ гэж олон жил ярьж байхад үүнээс сэргийлэх арга, технологийг хэдийн гаргаад, тэдгээр нь хуучраад, дахиад шинийг нэвтрүүлсэн, туршилт нь үр дүнтэй боллоо гэж ярьж байх жишээтэй.