
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Израиль Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд Цви Хэйфэцийг 10 дугаар сарын 28-нд ГХЯ-нд хүлээн авч уулзаж, Монгол, Израилын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, бүс нутаг болон олон улсын харилцааны сонирхсон асуудлаар ярилцав.
Элчин сайд Гадаад харилцааны сайдыг Израильд айлчлах урилгатайг нотолж, хоёр талын хамтын ажиллагааг бүхий л түвшинд өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө ажиллахаа тэмдэглэв. Тэрбээр мөн соёл, боловсрол, хүмүүнлэгийн салбар дахь хамтын ажиллагааны зарим баримт бичгийг байгуулахын төлөө байгаагаа илэрхийлэв.
Израилын тал хоёр улсын ГХЯ-д хоорондын улс төрийн зөвлөлдөх уулзалтыг 2020 онд Израильд зохион байгуулахаар төлөвлөж байгааг мэдээлэв.
Монгол, Израилын хөдөө, аж ахуйн хамтын ажиллагааны хүрээнд 2018-2019 онд Израиль Улсын “Агростадийс” байгууллагын шугамаар манай ХАА-н Их, дээд сургуулийн 36 оюутан тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан бөгөөд эл хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээ нотлов.