“Дэлхийн гоо бүсгүй” уралдаанд эх орноо төлөөлөн оролцсон А.Баярцэцэгийг өдгөө хүмүүс жүжигчин гэдгээр нь андахгүй. Тэрбээр “Мулан”, “Crazy, rich asians” киноны дүрийн сонгон шалгаруулалтад, “Netflix”-ийн бүтээсэн “Марко Поло” цувралд оролцож, найруулагч Стивен Сигалын “Attrition”-д дүр бүтээн, улмаар Монголын дэлгэцийн олон уран бүтээлд тоглосон юм.
А.Баярцэцэг “Хануй фильм” ТББ байгуулан, ирэх сарын 1-7-нд “Холливуд Монголд” кино уран бүтээлчдийн наадам зохион байгуулах гэж байна. “Оскар”, “Алтан бөмбөрцөг”, “Эмми” шагналт болон эдгээрт нэр дэвшсэн Холливудын уран бүтээлчдийг эх орондоо урин авчирч, Монголын кино урлагийг шат ахиулахын төлөө эрмэлзэж яваа түүнийг “Залуус” буландаа урилаа.
-Ирэх сард зохион байгуулах “Холливуд Монголд” наадмын талаарх асуултаар ярилцлагаа эхэлье. Гадаадын уран бүтээлчдийг авчирч, наадам зохион байгуулах санаа хэзээ, хэрхэн төрөв?
-АНУ-ын Лос-Анжелес хотод кино болон театрын талаарх номын “Samuel French” дэлгүүр байдаг юм. Тэр бол заавал очдог, дуртай газруудын минь нэг. Сүүлд очихдоо Ивана Чаббакийн “The Power of the actor” ном худалдан авсан. Тэр номыг уншаад найзууд, залуу уран бүтээлчдэд хүргэх сэн, орчуулчих юм сан гэж бодсон.
Ингээд өнгөрсөн арваннэгдүгээр сард зохиогчийнх нь албан ёсны цахим хуудас руу захиа илгээж номыг нь орчуулах зөвшөөрөл хүссэн. Тэгтэл Ивана Чаббакаас санаанд оромгүй хариу ирсэн. “Хэрэв миний номыг монгол хэлээр хөрвүүлж, хэвлүүлэх юм бол номынхоо нээлтэд оролцож, сургалт хийж ч болно” гэсэн байлаа. Холливудын алдартай жүжигчин Холли Берри, Брэд Питт, Чарльз Терон нарын дасгалжуулагч багш шүү дээ, Ивана Чаббак. Тийм мундаг хүн ийм бодолтой байхад боломжийг алдаж болохгүй. Нэгэнт л Ивана Чаббакийг авчрах юм бол яагаад дахиад өөр уран бүтээлч урьж болохгүй гэж бодоод өмнө нь хамтран ажиллаж байсан уран бүтээлчидтэйгээ холбогдож эхэлсэн дээ.
-Наадмын хүрээнд Холливудын “А” зэрэглэлийн 16 уран бүтээлч ирэх болжээ. Сая хэлсэнчлэн зарим нь тантай хамтран ажилласан хүмүүс. “Оскар”, “Алтан бөмбөрцөг”, “Эмми” шагналтай мундаг уран бүтээлчдийг Монголд урихад хэрхэн хүлээж авсан бэ?
-Сонирхолтой нь, Ивана Чаббак Монголд ирэхийг хүсдэг, манай баялаг үүх түүхийг сонирхдог юм билээ. Ирэх хүсэлтэйг нь мэдсэний дараа “Марко Поло”, “Attrition” кинонд хамтарч ажилласан найз, нөхөдтэйгөө холбогдож “Ийм арга хэмжээ зохион байгуулах санаатай. Монголд ирэх боломжтой юу” гэж асуухад олонх нь дэмжинэ гэсэн. Анхандаа ийм том наадам болгоно гэж төсөөлөөгүй. Ирэх зочин нэмэгдэхийн хэрээр хөтөлбөр өргөжиж, долоо хоног үргэлжлэх наадам боллоо.
Хамгийн гол нь дэлхийн хэмжээний чадварлаг 16 уран бүтээлчийг эх орондоо авчирчихаад зүгээр л сургалт зохион байгуулаад өнгөрөхийг хүссэнгүй. Юун түрүүнд Монголын уран бүтээлчид тэднээс сурч болох бүх л зүйлийг авч үлдээсэй гэж хүсэж байна. Түүнчлэн тэдэнтэй хамтран ажиллах боломжийг атгаасай. Зөвхөн жүжигчнээр хязгаарлагдахгүй продюсер, найруулагч, зураглаач, зохиолч гэхчлэн киноны арын албанд ажилладаг бүх л уран бүтээлчид энэ боломжийг олгохыг хүссэн юм.
Мөн Монголын өргөн уудам нутаг, байгалийн үзэсгэлэнт газруудад киноны зураг авах боломжтойг таниулмаар байна. Өнгөрсөн нэгдүгээр сард Ерөнхийлөгч Х.Баттулгад төслөө танилцуулах боломж олдсон. Тэрбээр уриалгахан хүлээн авч, албан ёсоор Ерөнхийлөгчийн ивээл доор зохион байгуулах эрх олгосон. Ингээд Ерөнхийлөгчийн гарын үсэгтэй урилгыг дипломат шуудангаар илгээхэд уран бүтээлчид шуудхан л наадамд оролцохоо илэрхийлсэн.
-Хүмүүсийн хамгийн их хүлээж, сонирхож буй зочин бол “Game of thrones” цувралын найруулагч Дэвид Петрарка, Мел Гибсоны найруулсан “Apocalypto” киноны гол дүрийн жүжигчин Руди Янгблад. Эдгээр уран бүтээлчтэй уулзаж байв уу. Монгол, тэр дундаа манай кино урлагийн тухай төсөөлөл багатай л байх.
-“Apocalypto” бол монголчуудын маш сайн мэддэг кинонуудын нэг. Өнгөрсөн жил найруулагч Стивен Сигалийн “Attrition” кинонд жүжигчин Руди Янгбладтай хамтран тоглосон. Харамсалтай нь, манай улсын талаар мэдээлэл багатай юм билээ. Найруулагч Дэвид Петраркатай “Марко Поло” кинонд хамтран ажилласан. Эл найруулагч харин Монголын талаар өргөн мэдлэгтэй шүү.
-Заавал авчрахыг зорьж, хамгийн их ятгаж байж зөвшөөрүүлсэн зочин хэн бэ?
-Хамгийн түрүүнд зөвшөөрсөн хэрнээ хамгийн чирэгдэлтэй ирэх болсон нь Ивана Чаббак. Цаг хугацаа, төлөвлөсөн ажил нь давхцаж таараад олон удаа ятгаж, түүний боломжит үеийг тааруулж буй нь энэ.
-“Blade runner 2049”, “Pirates of the Caribbean: Dead men tell no tales”, “X-men: Apocalypse” зэрэг киноны өнгө хувиргагч Йохим Зелл “Оскар”-ын баримлаа авчрах гэж байгаа гэв үү?
-Дэлгэцийн урлагт ажиллаж буй уран бүтээлч бүр “алтан хүн”-ийг гартаа атгахыг мөрөөддөг шүү дээ. Сонирхолтой нь, “Оскар”-ын баримал даатгалтай юм билээ. Алга болгож, гэмтээсэн тохиолдолд нөхөж олгодоггүй.
-Эл наадмаа уламжлал болгон зохион байгуулах уу?
-Нэг удаагийн арга хэмжээ биш л дээ. Цаашид хоёр жил тутамд зохион байгуулна. Наадмын үр өгөөж нь шууд биш, тодорхой хугацааны дараа харагдах учраас тууштай үргэлжлүүлэх ёстой.
-Ивана Чаббакийн “The Power of the actor” номыг та өөрөө орчуулсан уу?
-Номыг “Дүр бүтээх увдис” нэрээр хөрвүүлсэн. Надаас гадна олон хүн ажиллаж байгаа. Тодруулбал, номын үндсэн орчуулгыг судлаач, орчуулагч М.Дэлгэр хариуцаж, Гавьяат жүжигчин Л.Дэмидбаатар хянан, зөвлөхөөр УДЭТ-ын жүжигчин С.Болд-Эрдэнэ ажиллаж буй. Бид энэ номыг хэл зүй, мэргэжлийн өндөр түвшинд, утга төгс хөрвүүлэхийг хичээж байна. Ном 24 бүлэгтэй. Энэ сарын сүүлчээр уншигчдын гарт хүргэхэд бэлэн болгоно.
-Та маркетингийн чиглэлээр мэргэжил эзэмшсэн ч кино урлагт хүч үзэхээр АНУ-ыг зорьсон юм билээ. Саяхан АНУ-ын Лос-Анжелес хотод мэргэжил эзэмшсэн найруулагчтай ярилцсан юм. Тэрбээр “Холливуд бидний төсөөлдөг шиг том биш. Тэнд ажилладаг кино компаниуд, уран бүтээлчид бүгд нэгнээ мэддэг. Нэг уран бүтээлд амжилттай ажиллавал дараагийнхад нь өмнө хамтарсан хүн нь зуучлаад, холбоод явчихдаг” гэсэн. Танд мөн тийм боломж олдож байна уу?
-Багадаа сансрын нисэгч, кино найруулагч болохыг мөрөөддөг байлаа. Гэхдээ маркетинг, менежментийн чиглэлээр суралцахаар сонгосон. Эзэмшсэн мэргэжлээрээ хэсэг хугацаанд ажилласан. Гэсэн ч багын мөрөөдөл сэтгэлээс гардаггүй юм билээ. Тиймээс 2014 онд бүхнийг эхнээс нь эхлэхээр зориглож, АНУ-ыг зорьсон юм.
Холливуд хол биш. Гэхдээ дотор нь ороход амаргүй. Маш өрсөлдөөнтэй, дэлхийн бүх л уран бүтээлчийн зүтгэж буй төв шүү дээ. Ялангуяа Ази жүжигчдэд босго нь бүр ч өндөр. Ямар ч уран бүтээлд өөрийгөө их дайчилж ажиллах ёстой. Тэгж чадахгүй бол хүмүүсийн нүдэнд өртөх нь юу л бол.
-Гадаадын уран бүтээлд тоглох хүсэлтэй залуус олон. Гэхдээ эх сурвалж, аргаа олохгүй байгаа мэт харагддаг. Тэдэнд юу гэж зөвлөх вэ?
-Мэдээж, гадаад хэлний мэдлэгээ дээшлүүлэх хэрэгтэй. Хамгийн гол нь мөрөөдлийнхөө төлөө цаг үргэлж хичээж, өөрийгөө хөгжүүлэх ёстой. Мөн бусадтай харилцаа холбоо тогтоож, нөхөрлөж чаддаг, итгэл даадаг байх хэрэгтэй.
Мундаг уран бүтээлчтэй танилцах нэг хэрэг. Харин харилцаагаа тордож, хамтран ажиллах хэмжээний итгэл төрүүлэх нь өөр хэрэг шүү дээ.
-Яагаад ТББ-аа “Хануй фильм” гэж нэрлэсэн юм бэ?
-Багадаа аав, ээжтэйгээ аялсан юм. Яагаад ч юм Хануй голын эргээр алхаж явсан үе санаанаас гардаггүй. Тэр ч бүү хэл “Том болоод охинтой болохоороо Хануй гэж нэрлэнэ” хэмээн мөрөөддөг байв. Одоо ч тэр бодол хэвээрээ. Нийгэмд үйлчлэх ТББ-аа мөн л энэ нэрээр нэрлэхийг хүссэн.
-Өнгөрсөн жил уран бүтээлийн олз арвинтай байлаа, та. Жилд хэчнээн кинонд тоглож амжиж байна вэ?
-2018 онд найруулагч Ж.Жамъянсүрэнгийн “Хөхөө”, Ж.Сэнгэдоржийн “Би нар”, Т.Алтантуяагийн “Хөх тавилан” зэрэг дөрвөн уран бүтээлд тоглолоо.
-Ажих нь ээ, ихэвчлэн олон улсын кино наадамд сойх уран бүтээлд тоглож байна. Ер нь арилжааны кинонд тоглуулах санал ирдэг үү?
-Янз бүр. Ихэнхдээ дүрийн сонгон шалгаруулалтад орохоос илүү намайг тохирно гэж хараад найруулагч нар санал тавьдаг. Монгол ахуйг харуулсан, эсвэл түүхэн сэдэвтэй киноны санал ирэх нь элбэг. Түүнд нь ч дуртай.
-Төрийн шагналт, зохиолч Д.Норовын “Хөх тавилан” туужаас сэдэвлэсэн ижил нэрт киноны гол дүрд тоглолоо. Эл уран бүтээлийг Каннын кино наадмын үеэр үзэгчдэд хүргэнэ гэж сонссон.
-Алдартай туужаас сэдэвлэсэн кинонд гол дүрд тоглосон нь ёстой хувь заяа гэж боддог. Гавьяат жүжигчин Д.Гүрсэд, Ш.Дэлгэржаргал, УДЭТ-ын жүжигчин С.Болд-Эрдэнэ, Б.Шинэбаяр нартай хамтран тоглосон нь надад их түшиг боллоо.
-Тайландын “Nipan” студийн бүтээх “Warriors of Amazon” адал явдалт уран сайхны кинонд хөлсний тулаанчийн туслах дүрд тоглох болсон. Зургийн ажил нь эхэлсэн үү?
-Киноны зураг авах ажил ирэх зун хүртэл хойшилсон.
-Ийм төрлийн кинонд тоглохдоо орлон тоглогч ашигладаг уу?
-Одоогоор орлон тоглогч ашиглахуйц хүнд хэцүү зураг авхуулаагүй. Болж өгвөл сургуулилалт хийж, бэлтгэлтэй байхыг хичээж байна. Гэхдээ ам гарч болохгүй юм билээ. “Миний ээж тэмээчин” дууны клипэд тоглох үедээ унаж явсан атнаасаа шидүүлсэн болохоор жаахан халширчихаад л байна.
“Warriors of Amazon” кинонд хамтран тоглох хүн Австралийн мэргэжлийн боксын тамирчин. Каннын кино наадамд “Хөх тавилан” киногоороо оролцчихоод бэлтгэл сургуулилалтдаа илүү анхаарна.
-Тоглохыг хүсдэг дүр, кино бий биз?
-“Interstellar” шиг кинонд тоглохыг мөрөөддөг. Энэ нь багадаа сансрын нисэгч болохыг хүсдэг байсантай холбоотой байх.
-Манай үзэгчид, киноны зарим уран бүтээлч ч мэргэжлийн бус хүн тоглуулахад шүүмжлэлтэй ханддаг. Ийм хандлагатай нүүр тулж байв уу?
-Тийм хандлагатай хүмүүс бий. Гэхдээ би хамтран тоглогчдоосоо алхам тутамдаа суралцаж, арга барилаа олохоор хичээж байна. Жүжиглэх уран чадварын багш, дасгалжуулагч минь “Жүжиглэх бол биеийн тамир шиг. Авьяастай байх нь сайн хэрэг. Гэхдээ тамирчин байнгын бэлтгэл хийж амжилтад хүрдэг шиг жүжигчин тогтмол сургуулилалт хийх ёстой. Авьяасаа үргэлж тордох хэрэгтэй” гэдэг. Би энэ захиасыг байнга санаж явдаг. Ойрын хугацаанд энэ чиглэлээр үргэлжлүүлэн суралцахаар төлөвлөсөн.
-Мисс А.Баярцэцэг гэж дуудуулах дуртай юу, эсвэл жүжигчин гэж хэлүүлэх хүсэлтэй юү?
-Мисс гэж хэлүүлэхэд их хүндэтгэлтэй санагддаг. “Дэлхийн гоо бүсгүй”-д оролцсон нь миний амьдралын хамгийн дурсамжтай үеүдийн нэг. Жүжигчин гэж дуудуулах хамгийн сайхан. Гэхдээ тэгж дуудуулах хэмжээний байх нь маш том хариуцлага.