УИХ дахь АН-ын бүлэг УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт мэдэгдэл хүргүүлж байгаа талаараа сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Уг мэдэгдэлд:
"Нэгдүгээрт, УИХ-ын дарга М.Энхболдыг өөрийн хүсэлтээр албан тушаалаа хүлээлгэн өгч, “60 тэрбум”-ын гэх тодотголтой хэргийг хуулийн байгууллагаар шалгуулах,
Хоёрдугаарт, Стратегийн орд ашиглах лицензийг хууль бусаар авсан, Концессын гэрээ байгуулсан, ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан гишүүд, улс төрийн албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг Ерөнхий сайдаас шаардсан байна. Өөрөө ч УИХ-ын индэр дээрээс хариуцлага тооцох тухай ярьсан учир амлалтаа биелүүлээсэй гэж хүсэж байна" гэв.
Уг шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд Ерөнхийлөгч Х.Баттулгын оруулж ирсэн УИХ-ыг тараах тухай саналыг дэмжих болно гэдгээ АН-ын бүлгийн дэд дарга Б.Пүрэвдорж хэллээ. Энэ үеэр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ их хурлын даргыг огцруулах бичигт гарын үсэг зуруулж байна. АН-ын бүлэг гарын үсэг зурах уу?
-АН бол улс төрийн нам. Тиймээс намынхаа дотоод дүрмийн дагуу ажиллана. Тодруулбал, намаас тодорхой шийдвэр ирээгүй тохиолдолд гишүүд өөр өөрсдийн байр сууриар асуудалд хандах эрхтэй.
-Хоёр долоо хоногийн өмнө АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат УИХ-ын даргыг огцруулах нь хууль зөрчсөн үйлдэл бөгөөд АН хууль зөрчсөн үйлдэлд оролцохгүй гэсэн мэдэгдэл хийж байсан. Байр суурь нь өөрчлөгдсөн гэж ойгож болох уу?
-Хүчээр огцруулах тухай ярих нь хууль бус. Хуулиар М.Энхболд даргыг огцруулах боломж байхгүй. Харин бидний шаардлага бол хуулийн хүрээнд УИХ-ын даргыг ёс зүйн хариуцлага хүлээж, өөрөө албан тушаалаа хүлээлгэн өгөх ёстой гэж үзэж байгаа юм.
-Л.Болд гишүүний АН-аас татгалзах өргөдлийг шийдсэн үү?
-Л.Болд гишүүн намын сахилгын шийтгэл хүлээсэн байгаа. Үүний дараа тодорхой өргөдлийг намын удирдлагуудад өгсөн. Өнөөдрийн байдлаар энэ асуудал шийдэгдээгүй байна. Тиймээс Л.Болд АН-ын гишүүн хэвээрээ байгаа.