Нөхөн үржихүйн насны бүх эмэгтэйчүүдийн 75% нь амьдралынхаа туршид нэг удаа мөөгөнцрийн халдварын үрэвслийн асуудалтай тулгардаг. Аюул занал багатай ч эмэгтэйчүүдийн нийтлэг асуудал болсон уг өвчний талаар асуудаг түгээмэл асуултуудад эмч мэргэжилтнүүд юу гэж зөвлөгөө өгснийг сонирхъё.
-Үтрээний мөөгөнцөр гэж юу вэ?
-Кандида албиканс гэх бактери нь мөөгөнцөр үүсгэдэг бөгөөд энэ нь хүний бэлгэ эрхтэн, шулуун гэдсэнд хэвийн үед бага хэмжээгээр байдаг. Биеийн дархлаа суларсан үед мөөгөнцөр идэвхитэй үржиж, өвчин үүсгэх ба уг өвчин бусдад халдварлах боломжтой.
-Мөөгөнцөр БЗДХӨ мөн үү?
-Үтрээний ялгадас ихсэх, загатнах зэрэг шинж тэмдэг илэрдэг тул ихэнх эмэгтэйчүүд мөөгөнцрийг бэлгийн замаар халдварлагддаг өвчин гэж боддог. Бодит байдал дээр цөөн тохиолдолд л бэлгийн амьдралтай холбоотой байдаг, Ялангуяа эмчлэгдэхгүй удсан, архагшсан үед БЗДХӨ-ний шинжтэй болно. Мөөгөнцрийн гаралтай үрэвсэлтэй эрэгтэйтэй хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орсон бол халдвар авах эрсдэл өндөр байна. Гэхдээ ийм халдвартай эрэгтэйчүүд элбэг бус.
-Үтрээний мөөгөнцөр үүсэх шалтгаан юу вэ?
-Үүнд хэд хэдэн шалтгаан бий. Биеийн эсэргүүцэл суларсан, ядарсан, сульдсан, дархлаа суларсан үед мөөгөнцөр үүснэ. Бариу жинс өмд хүртэл нөлөөлнө. Ер нь нойтон, чийгтэй, халуун, харанхуй орчинд мөөгөнцөр маш хурдан үржинэ. Үтрээ бол мөөгөнцөр үржих хамгийн тохиромжтой газар. Мөөгөнцөр нь зарим тохиолдолд жирэмснээс болон эмийн зохисгүй хэрэглээнээс хамаардаг.
-Үр дагавар нь юунд хүргэж болох вэ?
-Мөөгөнцөр хэт ихэссэн үедээ бэлгэ эрхтний өнгөн давхаргын эсүүдийг эвдэж эхэлдэг. Бэлэг эрхтэний мөөгөнцөр нь эрүүл мэндэд онцгой хор учруулдаггүй. Гэсэн хэдий ч таагүй мэдрэмж төрүүлэх бөгөөд бэлгийн амьдралд саад болдог. Ховор тохиолдолд мөөгөнцөр нь архаг хэлбэрт шилждэг бөгөөд энэ үед хөрш эрхтнүүд болох давсаг гэдсийг гэмтээх аюултай.
-Ямар шинж тэмдэг илрэх вэ?
-Хамгийн эхний өөрт мэдэгдэх, хэвийн бус гэж санагдах шинж бол гадна бэлэг эрхтэн загатнаж эхлэх явдал юм. Дараагийн шинж тэмдэг бол ээдэм шиг зузаан цагаан ялгадас ихээр гарна. Цагаан буртганасан шинжтэй ч байна. Гадна бэлэг эрхтэн, бэлгийн уруул орчим улайж хавдана. Халуун оргих, бэлгийн харьцааны үед өвдөх зэрэг шинж мөн илэрч болно.
-Хүн болгон ижилхэн шинж тэмдэг илрэх үү?
-Ихэвчлэн ижилхэн. Гэхдээ заримд нь ялгадас маш их, заримд нь загатнах нь их хүчтэй байх зэргээр ялгарч болно. Мөн бэлгийн уруул, хярзан ба анус /хошного/ орчмын арьс хэт улайж хавдана, гүвдрүүтэх, шээхэд гадна арьс хорсож халуун оргих, бэлгийн харьцаанд өвдөх зэрэг нь харилцан адилгүй байж болно.
Урьд нь мөөгөнцөр гэж оношлогдоод эмчилгээ хийлгэж байсан эмэгтэйчүүд ихэвчлэн мөөгөнцөр болсноо сайн мэдэж байдаг. Харин анх удаа дээрх шинж илэрсэн бол заавал эмчдээ үзүүлж, шинжилгээ өгч, оношоо тодруулж эмчилгээ хийлгээрэй.
-Ямар шинжилгээ өгөх вэ?
-Мөөгөнцрийн халдварыг илрүүлэх олон шинжилгээ бий. Мазок илрүүлнэ. Хамгийн энгийн арга бол үтрээнээс ялгадас авч, түрхэц бэлдээд микроскопоор харж оношлох юм. Анхны удаа бол энэ арга хангалттай. Хэрэв олон дахин давтагдсан бол мөөгөнцрийн ургалтын шинжилгээ өгөх хэрэгтэй. Эмчилгээ хийгдсэний дараа үр дүнг тодорхойлж давтан шинжилгээ өгч болно.
-Ямар эмчилгээ хийгддэг вэ?
-Тухайн тохиолдол бүрээс хамаарна. Уух эмийн эмчилгээ, үтрээний лаа эсвэл тосон түрхлэг гэх мэт. Оновчтой хэрэглэсэн үед бүгд л үр дүн сайн байдаг. Эм уусны дараа шингэж, цусны эргэлтэнд орж, хүний бүх бие эрхтэн системээр тархан үйлчилж, улмаар үтрээний халдварлагдсан хэсэгт үйлчилнэ. Лаа бол зөвхөн үтрээнд хэсэг газрын эмчилгээний үйлчилгээ үзүүлдэг тул үр дүн сайтай эмчилгээний лаа бол Клотримазол. Гэхдээ цагаан юм гарах болгонд энэ лаа тус болохгүй, зөвхөн мөөгөнцрийн эсрэг үйлчилгээтэй гэдгийг санах хэрэгтэй. Лаа, тос зэрэг нь яаж, хэрхэн зөв хэрэглэснээс үр дүн ихээхэн хамаардаг. Зарим үед давтан эмчилгээ хийх шаардлага гардаг. Манайхан үтрээндээ угаалга, цацлага хийлгэж л сая эмчлэгдэх мэт ойлгодог талтай. Үтрээний ихэнх үрэвсэл, халдварын эмгэг уух эм эсвэл лаагаар бүрэн эмчлэгдэнэ.
-Эм бэлдмэлээс гадна үр дүнгээ өгөх зүйл юу вэ?
Үтрээний рН хүчиллэг орчныг дахин бий болгоход алимны цуу, ореганогийн охьноос гаргаж авсан тос устай, устөрөгчийн хэт ислээр бэлтгэсэн шүршлэгээр бэлгийн уруулаа шүршиж болно.
-Жирэмснээс хамгаалах эм ууж байхад мөөгөнцөр үүсвэл яах вэ?
-Эдгээр дааврын эм нь хүний биеийн чихрийн солилцоонд ямар нэгэн нөлөөтэй байж, цусан дахь эстроген дааврыг ихэсгэх тул мөөгөнцөр үүсэх эрсдэл ихэсгэнэ гэж үзнэ. Гэхдээ ихэвчлэн хүмүүс хэтрүүлж ойлгох талтай. Жирэмснээс хамгаалах эмээ зогсоо гэж би хэзээ ч зөвлөхгүй, тэглээ гээд мэдэгдэхүйц тус нэмэр байхгүй шүү. Дааврын эмнээс гадна мөөгөнцөр үүсэх олон өөр хүчин зүйлс байгаа.
-Ерөндөг мөөгөнцөрт нөлөөлөх үү?
-Үтрээнд байгаа ямар нэгэн механик, гадны биет үтрээний үрэвсэл, халдвар үүсэх эрсдлийг ихэсгэх хандлагатай нь үнэн. Эдгээр нь үтрээний орчинд нөлөөлж байдаг. Тухайн эмэгтэйн ерөнхий биеийн эсэргүүцэл, дархлаанаас ихээхэн хамаарах зүйл.
-Мөөгөнцрийн үед дотуур угаалга хийх ёстой юу?
-Ялгадас ихтэй зовуурьтай үед гоожуурын бүлээн усаар бургуйдах, эсвэл 2 хуруугаар цагаан ялгадас гарахгүй болтол цэвэрлэж болно. Ингэсний дараа үтрээний лаагаа хэрэглэвэл илүү үр дүнтэй байна. Гэхдээ хурдан зүгээр болохоос гадна гүйцэд эмчлүүлэхээ мартуузай. Гол нь хуурай, цэвэрхэн орчинг аль болох бүрдүүлж өгөх хэрэгтэй. Маажихгүй байхыг хичээ. Гар хумсаар халдварлагдаж болно. Шөнө унтахдаа дотоожгүй унтахыг ч зөвлөдөг.