Улаанбурхан өвчний тохиолдол буурахгүй, нэмэгдэх эрсдэлтэй байгааг Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-өөс анхаарууллаа. Өчигдрийн байдлаар лабораторийн шинжилгээгээр нийт 5309 тохиолдол батлагдсан бөгөөд үүнээс 3527 нь эдгэрчээ. Харин 617 хүн эмнэлэгт, 1163 нь гэртээ эмчлүүлж буй аж. Уг өвчин дэгдсэнээс хойш хоёр хүүхэд нас барж, хавьтлын тоо 36 307-д хүрээд байгаа юм. Улаанбурхнаар өвдсөн хүмүүсийн олонх нь 0-14 хүртэлх насныхан. ХӨСҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт бага насны найман хүүхэд эмчлүүлж байгаа бөгөөд тэдний долоо нь вакцин хийх нас болоогүй буюу 0-8 сартай гэнэ. Гурван хүүхдийн биеийн байдал маш хүнд, амьсгалын зохиомол аппараттай эмчилгээ хийлгэж буйг тус төвийн зөвлөх эмч Ц.Чинбаяр уржигдар мэдээлсэн. Хүүхдүүдийн биеийн байдлын талаар ХӨСҮТ-ийн эмч Н.Сувдмаагаас тодруулахад “Сайнгүй, урьдын адил хүнд хэвээр байгаа” гэв.
Түүнчлэн сурагчдын амралт эхэлж, хүүхдүүд зуслан болон хөдөө явах хөдөлгөөн ихсэхтэй холбоотой орон нутагт улаанбурхан дэгдэх эрсдэлтэйг мэргэжилтнүүд санууллаа. Одоогоор халдварын тохиолдлын 83 хувь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Тиймээс зуслан, орон нутаг руу амралтаараа явах хүүхдүүд 14 хоногийн өмнө уг өвчний эсрэг вакцинд хамрагдахыг зөвлөв. Нийт бүртгэгдсэн тохиолдлын 69.1 хувь нь улаанбурхны эсрэг товлолын дархлаажуулалтад хамрагдаагүй гэнэ.
Ташрамд дуулгахад, хүүхдэд есөн сартай, хоёр настайд нь улаанбурхнаас сэргийлэх вакциныг хоёр удаа хийдэг. Вакцины нэг болон хоёрдугаар тун тариулаагүй 16 хүртэлх насны хүүхдүүд харьяа сум, өрхийн эрүүл мэндийн төвдөө хандаж, нөхөн дархлаажуулалтад хамрагдах боломжтой юм.
Ч.Туяа