Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан Дэлхийн адууны өдрийн тухай тогтоолыг НҮБ-ын Ерөнхий ассемблейн 79 дүгээр чуулганаар хэлэлцэн батал¬лаа. Ингэснээр дэлхийн улс орнууд жил бүрийн долоодугаар сарын 11-нийг адууны өдөр болгон тэмдэглэж, үүнтэй холбоотой соёл, уламжлалыг сурталчлан таниулах, олон ний¬тийн анхаарлын төвд оруулах нөхцөл бүрдэв. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас мэдээлж буйгаар өдгөө дэлхий дахинд 57 сая гаруй адуу бий гэнэ. Хүн төрөлхтөн энэ төрлийн амьтныг уналга, ачлагаас эх¬лээд аялал жуулчлал, спорт уралдаан, эрүүл мэнд, хүнсний үйлдвэрлэл гээд олон салбарт өөр өөр зорилгоор ашиглаж, үр шимийг нь хүртэж байгаа ч соёл, уламжлал талаас нь таниулах, хамгаалах чиглэлд өргөн хүрээнд, бодлогын хэмжээнд ач холбогдолгүй өгөлгүй өдий хүрчээ. Суурин соёл иргэншил, уур амьсгалын өөрчлөлт, хүрээлэн буй орчны доройтол болон бусад хүчин зүйлийн нөлөөгөөр сүүлийн жилүүдэд адууны тоо толгой, үүлдэр угсаа дэлхий дахинд буурч эхэлжээ. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгч нүүдэлчний, морьтны өлгий нутгийн Төрийн тэргүүний хувиар адууны соёл, уламжлалыг түгээн дэлгэрүүлэхээр ийм санаачилга гаргасан аж.
Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа байнгын төлөөлөгч Н.Анхбаяр уг тогтоолын төслийг танилцуулахдаа “Хүн төрөлхтний өнгөрсөн болон өнөөгийн ахуй амьдралд адууны гүйцэтгэж буй үүрэг, хувь нэмрийг тодотгон тэмдэглэх, хөдөө аж ахуйн тогтвортой хөгжил дэх ач холбогдлыг нэмэгдүүлэх тодорхой үйл ажиллагаануудыг дэмжих, адууны өв соёл, бэлчээр, нүүдлийн аж ахуйн хэв маягийг хамгаалж, хадгалахыг уриалах индэр бий болгоход Дэлхийн адууны өдрийн ач холбогдол оршино” гэж тодотгожээ. Эл санаачилгын хамтран зохиогчоор 56 улс бүртгүүлсэн байна.
Н.Мишээл