Агаарын бохирдол яригдаж эхэлсэн XIX зууны сүүл, XX зууны эхэн үед нүүгэлтсэн хар утаан дунд маскныхаа цаана хэн нь мэдэгдэхгүй байгаа хүмүүсийг зурагтаар үзүүлж ирээдүйд ийм болно гэхэд "арай ч үгүй байлгүй дээ, хэзээ ч бидний амьдралд тохиохгүй зөгнөл" хэмээн боддог байж. Харин одоо тухайн дүр зураг биеллээ олж "Утаанбаатар" нэр зүүн багагүй хугацааг ардаа үдлээ. "Утаа, утаа" гэж амтай болгон л ярих болж. Гэхдээ энэ нь хүний эрүүл мэндэд тэр дундаа хүүхэд залуусын өсөлт бойжилт, амьсгалын замын эрхтнүүдэд хэрхэн сөргөөр нөлөөлж байгааг судлаачдын туршилтан дээр үндэслэн эрэлхийллээ.
(Өнөөдөр сонин түүхэндээ агаарын бохирдлын талаар олон удаа хөндөж бичиж байснаас сэтгүүл зүйн түүхэнд анх удаа нийтэлж байсан 2007 оны 12-р сарын 22-ны дугаарыг нэхэн дурсъя)
ДЭМБ-аас гаргасан стандартаар агаарын бохирдол 500-гаас дээш бол хүний эрүүл мэндэд онц ноцтой хохирол учруулна гэж үздэг. Гэтэл өнөөдөр өглөөний 08.00 цагийн байдлаар Улаанбаатар хотын агаарын бохирдол Баянхошуу орчимд агаарын чанарын индекс 703 буюу маш их бохирдолтой хэмээн гарсан бол Толгойт орчимд 641 гэсэн индексийг заажээ. Утаа бууруулахад дан ганц агаарын бохирдол бус агаарын чанар, агаар дахь тоосонцрын хэмжээ, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг байна. http://agaar.mn/index
Эрүүл мэндийн статискийн мэдээгээр Улаанбаатар хотод амьсгалын эрхтний өвчлөл жилээс жилд нэмэгдэж, нийслэл хотод амьсгалын эрхтний өвчлөл нийт өвчлөлийн 23.4-24.4 хувийг эзэлж байна. (ЭМЯ 2013) Амьсгалын тогтолцооны өвчлөл хүн амын дунд зонхилон тохиолдож, замбараагаа алдаж буй сүүлийн 10 жилд энэ талаар харьцуулсан судалгаа харьцангуй багасжээ.
ДЭМБ-ын мэдээлж буйгаар 2008 онд 1.34 сая хүн гадаад орчны агаарын бохирдлын улмаас нас барсан байна. (WHO 2013)
2013 онд тус байгууллага агаарын бохирдлыг албан ёсоор хорт хавдар үүсгэгч болохыг зарласан байдаг. Агаарын бохирдлын заналхийлэлд өртөж буй эмгэгүүдээс дурьдвал амьсгалын эрхтэнүүд, харшил, удамшил, хавдар, бие махбодын өсөлт хөгжил, оюуны ажиллах чадвар, дархлалын түвшинг бууруулна гэх мэт урт жагсаалт болно.
Энэ дундаас эмзэг тусаж буй нөлөөлөл бол эх, хүүхдийн эрүүл мэнд, ургийн өсөлт хөгжилтөд шууд нөлөөлж байгаа явдал юм. Хүүхдийн өвчлөлийн ерөнхий бүтцэд амьсгалын эрхтний өвчлөл нэгдүгээр байр эзэлдэг бөгөөд агаарын бохирдол ихтэй газар түүний эзлэх хувь нэмэгдэж байна.
Нарийн ширхэглэгт тоосонцор PM2.5 -ийн өртөлт нь ургийн өсөлтийг бууруулдаг. Санамсаргүйгээр 534 тамхи татдаггүй эмэгтэйг сонгон авч судалгаанд хамруулжээ. Эрүүл мэндийн үзүүлэлтийг жирэмсний 12 болон 30 дахь долоо хоногтойд хэмжиж үзсэн байна. Агаарын бохирдолгүй орчинд тээж төрсөн ургийн хэмжээ агаарын бохирдолтой орчинд төрсөн хүүхдийнхээс дунджаар 80 грам их, 0,4 см урт байжээ.
1993-1995 онд хийсэн судалгаагаар Улаанбаатар хотын хүүхдүүд агаарын бохирдол багатай хот, суурингийн хүүхдээс амьсгалын эрхтний өвчнөөр 7-8 дахин илүү өвчилж эмнэлэгт хандаж байжээ. Судлаач Б.Бурмаа, Н.Санжаа нар Улаанбаатар хотын агаар дахь тоос, хүхэрлэг хий, азотын давхар исэл, нүүрстөрөгчийн дутуу ислийн агууламж нь хүүхдийн амьсгалын замын эрхтний өвчлөл, тухайлбал хүүхдийн гуурсан хоолойн цочмог болон архаг үрэвсэл, уушгины үрэвслийн нэг шалтгаан болж буйг судлаж тогтоосон байна.