Энэхүү чулуужсан олдвор бол 1993 онд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Ухаа толгод гэх газраас олдсон өндгөө дарж буй үлэг гүрвэлийн нэг төрөл болох Овираптор юм.
83 орчим сая жилийн тэртээх уг олдворыг эрдэмтэд анх өндөг хулгайлагч үлэг гүрвэл байх хэмээн таамаглаж байсан ч судалгаа, боловсруулалтын явцад өндгөө дарж байгаад чулуужсан амьтан гэдгийг олж мэдсэн аж.
Дэлхийд ховорт тооцогдох энэ төрлийн олон үзмэрийг “Хүннү молл” цогцолборт “Монголын үлэг гүрвэлийн гайхамшиг” нэртэйгээр дэлгэж, өнөөдөр нээлтээ хийх юм.
Уг үзэсгэлэнгийн талаар ШУА-ын палентлоги, геологийн хүрээлэнгийн захирал Х.Цогтбаатараас тодрууллаа.
-Үзэсгэлэнд нийт хэдэн бүтээл дэлгэх вэ?
-Өнөөдөр 12 цагт нээлтээ хийх гэж буй уг үзэсгэлэнд 55 төрлийн 100 гаруй дэлхийд гайхагдах чулуужсан олдворыг дэлгэж монголчууддаа үзүүлнэ. Үлэг гүрвэлээс гадна олон мянган жилийн өмнөх ургамал болон бусад төрлийн амьтдын чулуужсан олдворыг энэхүү үзэсгэлэнгээс үзэх боломжтой.
-Хэдэн экспидецийн бүтээл багтсан бэ?
- Сүүлийн 50-иад жилийн өмнөөс хийсэн монгол эрдэмтэн, судлаачдын экспедицын олдворуудыг дэлгэж байгаа гэдгээрээ онцлог.
-Үзэсгэлэн хэд хоног үргэлжлэх вэ?
-2016 оны нэгдүгээр улирал хүртэл гаргах төлөвлөгөөтэй байгаа. Тиймээс монголчууд палеонтологи, геологийн өмнө нь хаана ч үзүүлж байгаагүй ховор нандин байгалийн бүтээлийг үзэж, эртний соёлтой танилцах хугацаа хангалттай байгаа гэж ойлгож болно.
-Тасалбарын үнэ нь хэд байх бол?
-Том хүн 3000, хүүхэд 1500 төгрөгөөр үзэх юм.