Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн санаачлан өрнүүлэх зарлиг гаргаснаас хойш гурван жил өнгөрч байна. Уг хөдөлгөөний явц, үр дүнгийн талаар Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр, байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Н.Батхүү, Ойн газрын дарга Б.Оюунсанаа нар өчигдөр мэдээлэл өглөө. Тодруулбал, өнгөрсөн гурван жилд шууд болон дүйцүүлэх хэлбэрээр 84 сая мод тарьж, ургуулан, арчилж, хамгаалжээ. 2021-2024 онд үндсэн бэлтгэл ажлаа хангаснаар ирэх жилээс их хэмжээний талбайд бөөнөөр нь мод тарих боломж бүрдсэнийг тэд онцолсон юм. Түүнчлэн 680 сая мод тарьж, ургуулах амлалт авсан нийслэл, аймгууд 38 сая гаруй мод тарьж, ургуулжээ. Эдгээрээс Сэлэнгэ аймаг 17 сая орчим мод тарьж, амлалтынхаа 84 хувийг бэлтгэл шатандаа биелүүлсэн гэнэ.
Үүнээс гадна аж ахуйн нэгж, иргэд 2023-2024 онд банк санхүүгийн байгууллагуудаас 12.4 тэрбум төгрөгийн санхүүжилт авч, 2.1 сая мод тарьж, ургуулж байгаа дүн гарчээ. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг эхлүүлснээс хойш ургуулж байгаа мод, тарьц, суулгац, үрийн нөөц, үржүүлгийн газрын тоо, хэмжээ өмнөхөөсөө 5-6 дахин нэмэгдсэн гэнэ. Тухайлбал, улсын хэмжээнд 39 зүйлийн мод, сөөгийн 12.1 тонн үрийн нөөц бүрдүүлснээр 292 сая ширхэг тарьц, суулгац ургуулах боломж бүрджээ.
Мод үржүүлэх иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын тоо 32 хувиар нэмэгдэж 452 болсон аж. Дээрх газрууд 124 зүйлийн 63 орчим сая тарьц, суулгацын нөөц бүрдүүлснийг зөвлөх Н.Батхүү онцоллоо. Түүнчлэн тэрбээр “Цаашид тарьц, суулгацын нөөцийг богино хугацаанд 100 саяд хүргэхийг зорьж буй. Энэ оны наймдугаар сарын байдлаар тусгай зөвшөөрөлтэй 650 орчим аж ахуйн нэгжийн 43 хувь нь мод үржүүлэх, нөхөн сэргээх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна” гэв.
Ойн санг хамгаалах, хортон шавжтай тэмцэх нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний салшгүй нэг хэсэг. Тиймээс ойн хөнөөлт шавжийн тархалтыг тогтоох судалгааг 16 аймгийн 132 сумын хоёр сая га талбайд хийжээ. Ингэснээр 490 мянган га талбайд хортон шавжийн голомт үүссэнийг тогтоосон аж. Уг ажлын үр дүнд 1.9 тэрбум модыг хортон шавжид өртөж, ургах чадвараа алдахаас хамгаалсан байна.
Түүнчлэн ойн мэргэжлээр 2023-2024 оны хичээлийн жилд 289 оюутан суралцаж буйгаас 52 нь шинэ элсэгч юм байна. Энэ хичээлийн жилд мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, сургалтын байгууллагад ойн арчилгаа, ашиглалтын ажилтнаар 35, ойжуулагчаар 462, ойн аж ахуйн ажилтнаар 45, техникчээр 17 оюутан суралцаж буй аж. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний үр дүнд ойн салбарын мэргэжилтнүүдийг сонгон суралцах хүсэлтэй хүүхэд, залуусын тоо жил бүр нэмэгдэж буйг Ойн газрын дарга Б.Оюунсанаа онцлов.
У.ЦЭЦЭГ