МАН парламентын ес дэх удаагийн сонгуульд 68 суудал авч, олонх болсон ч хамтарсан Засаг байгуулах саймшралаар аль хэл ам, хэрүүл тэмцэл ихтэй, үймээн бужигнаантай, дангаар засагласан жилүүддээ чинээнд нь тултал дордуулж, “сэхээнд оруулсан” хүнд салбаруудаа АН, ХҮН намд бэлэг болгон өглөө хэмээх олон нийтийн хардлага, шүүмжлэл дагуулсан томилгооны гол цөмд байгаль орчны салбар зүй ёсоор багтаж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ удаа шинэ танхим бүрдүүлэхдээ зарим яамны нэрийг өөрчилж, нэгдсэн удирдлага, бодлогод зангидагдаж ирсэн салбаруудыг нааш цааш болгож, “хөдөлгөөнд оруулсан”-ы нэг нь байгаль орчин болов. Ингэхдээ удтал хэлхээ холбоотой явж ирсэн байгаль орчныг аялал жуулчлалаас салгаж, уур амьсгалын өөрчлөлттэй хоршууллаа. Аялал жуулчлалын салбарыг соёл, спорт, залуучуудын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харьяанд шилжүүлэв. Үүний үр дүнд манай улс Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын гэсэн шинэ нэршил, тодотгол бүхий яамтай боллоо. Энэ удаагийн парламентад 42 суудал авсан АН-д Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамыг даатгаж, сайдаар нь УИХ-ын гишүүн С.Одонтуяаг томилов. Ингээд тэрбээр байгаль орчны салбарыг хариуцсан Монгол Улсын 18 дахь, эмэгтэйчүүдээс сонгогдсон тав дахь сайд болж байна. Томилогдсон сайддаа ихээхэн халтай, асуудал бэрхшээл мунддаггүй энэ салбарыг шинэ удирдлага хөл дээр нь босгож чадах болов уу.
БОДИТ БАЙДЛАА ҮНЭЛЬЕ
Байгаль орчин бол нийгэм, эдийн засаг, тогтвортой хөгжлийн үндэс суурь, эрүүл, аюулгүй амьдралын баталгаа болсон чухал салбар юм. Тиймээс энэ салбарыг хариуцсан яамны гол бодлого, эрхэм зорилго нь экосистемийн тэнцвэрт, хүрээлэн буй орчны тогтвортой байдлыг ханган, хамгаалж, ногоон хөгжлийн зорилт ( олон улсын гэрээ, конвенцоор хүлээсэн үүрэг, амлалт, зорилго)-ыг хэрэгжүүлэхэд төр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын оролцоо, хамтын ажиллагааг бүх түвшинд зангидаж, хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах суурь эрхийг хангахад оршдог. Үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл нь Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилгод нийцсэн байгаль орчны бодлогыг эдийн засаг, төсөв санхүүгийн нөөц, олон улсын жишигтэй уялдуулан тодорхойлох, төлөвлөх, хэрэгжүүлэх Засгийн газрын манлайллыг хангах юм. Харамсалтай нь, яг өнөөдрийн нөхцөлд манай улсын байгаль орчны салбар эзэнгүй юм шиг л уруу дорой байна. Туйлбаргүй, тулхгүй сайд нар томилогдож ирээд 1-3 жилийн хугацаанд танилцах дадлага, элдэв туршилт хийж байгаад л буцдаг “явуулын салбар” нь энэ болов. Юун Засгийн газрын манлайллыг хангах, үндэслэлтэй, үр дүнтэй бодлого, шийдэл хэрэгжүүлэх мантай байсаар өнөөдрийг хүрлээ. Агаар, орчны бохирдол, цөлжилт, газрын доройтол, байгалийн нөөцийн зүй бус ашиглалт, тусгай зөвшөөрөл, ан агнуур тойрсон наймаа гээд цэгцлэх шаардлагатай, шийдлээ хүлээж буй асуудал өчнөөн. Наанадаж л иргэд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхээ эдэлж, цэвэр агаар амьсгалж чадахгүй байгаагаас энэ салбарын өнөөгийн өнгө төрх, бодит байдлыг баримжаалж болно. Олон улсын байгууллагууд ч манай орны байгаль орчны салбарт тасралтгүй муу үнэлгээ өгч, анхаарлын тэмдэг тавьсаар ирсэн юм.
Иелийн болон Колумбын их сургуулиас жил бүр гаргадаг “Байгаль орчны гүйцэтгэлийн индекс” (EFI)-ээр Монгол Улс 2017 оноос хойш тасралтгүй ухарч байгаа. 2017 онд 180 орноос 114 дүгээр байрт жагссан бол өнгөрсөн жил 155-д эрэмбэлэгдэж, экосистемийн тамир тэнхээ муутай улсуудын тоонд багтсан. Энэхүү индекс нь улс орнуудын Засгийн газраас явуулж буй байгаль орчны бодлогын хэрэгжилтэд үндэслэдгээрээ онцлог. Өнгөрсөн хугацаанд байгаль орчны салбарын бодлогыг тодорхойлж ирсэн үе үеийн сайд нар хэр зэрэг үр дүнтэй ажилласныг эндээс харж болно.
НЭН ТҮРҮҮНД ЭРЭМБЭЛЭХ НЬ АГААР, ОРЧНЫ БОХИРДОЛ
Энэ салбарт тулгамдсан, яаралтай шийдвэл зохих асуудлуудын тэргүүнд агаар, орчны бохирдол зүй ёсоор эрэмбэлэгдэнэ. Тэр дундаа нийслэлчүүдийн өвчлөлийн шалтгаан болсон, эцэстээ хавдрын эрсдэл дагуулах хэмжээнд хүртлээ ужгираад буй агаарын бохирдлыг бууруулахад С.Одонтуяа сайд байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хувиар онцгой анхаарах шаардлагатай, бас үүрэгтэй.
Үнэндээ өнгөрсөн жилүүдэд манай улс утаатай тэмцэх биш, агаар бохирдуулагчдыг тэтгэх бодлого баримталж ирсэн гэлтэй. Утааг улс төрд оноо авах, ашиг хонжоо олох арга хэрэгсэл болгох ажлыг сурамгай хийж ирснээс биш, бууруулах бодитой, дорвитой зүйл ер хийгээгүй. Уншигчдадаа эргэн сануулахад, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 оны өвөл гарсан олон нийтийн шүүмжлэл, эсэргүүцлээс үүдэн тухайн үед БОАЖ-ын сайдаар ажиллаж байсан Н.Уртнасанг утаатай тэмцэх чиглэлээр үр дүнтэй ажиллаагүй гэдэг үндэслэлээр албан тушаалаас нь чөлөөлсөн билээ. Хачирхалтай нь, түүнээс хойш нөхцөл байдал дээрдээгүй, дараагийн сайд нь ч олигтой ажил хийгээгүй. Н.Уртнасангийн халааг авсан сайд Б.Бат-Эрдэнэ “БОАЖЯ-нд утааны асуудал хамаагүй, манайх бодлого тодорхойлдог байгууллага” хэмээн даналзсаар, юу ч хийлгүй суудлаасаа буусан. Үүнийг нь дэмжиж, яам, сайд руу чиглэсэн олон нийтийн шүүмжлэл, хэл амыг дарах гэсэн шиг Засгийн газар Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо (БОАЖ-ынсайд тэргүүлдэг байсан)-г өнгөрсөн онд татан буулгаж, чиг үүргийг нь нийслэл рүү шилжүүлсэн. С.Одонтуяа өмнөх сайд нарын жишгээр ийм арга ядсан тайлбар хэлж, утааны асуудлаас бултахгүй гэж найдъя. Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага экосистемийн тэнцвэрт, хүрээлэн буй орчны тогтвортой байдлыг хангах чиглэлд манлайлан ажиллах үүрэгтэй, үүнийх нь гол цөмд орчны бохирдол, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хамгийн ихээр алдагдуулдаг утааны асуудал бий гэдгийг танд дахин сануулъя.
Наадмын дараа намар гэдэгчлэн утааны улирал юу юугүй хаяанд ирлээ. Гэтэл агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ойрын хугацаанд чухам ямар ажил хийх нь тодорхойгүй байна. Салбарын яамныхан таг чиг, нийслэлийнхэн ч чимээ аниргүй. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд нь ажиггүй, хотын удирдлагууд ч дүлий дүмбэ. Сайжруулсан, утаа бага ялгаруулдаг хэмээн сүүлийн жилүүдэд гэр хорооллынхонд “шахсан” түлшэээс болж нийслэлчүүд амь, эрүүл мэндээрээ багагүй хохирол амссан. Тэгвэл цаашид яах вэ. Түүний нүүрснээс ч халтай гэгдэх болсон түлштэйгээ зууралдсаар байх уу, эсвэл хэрэглээнээс халах уу. Татгалзлаа гэхэд оронд нь юу түлэх вэ. “Тавантолгой түлш” компанийн агуулах усанд автсанаас их хэмжээний түлш норж, ашиглах аргагүйд хүрсэн, түүхий эдийнх нь нийлүүлэлт тасалдсан зэрэг таагүй мэдээ ч ар араасаа дуулдах боллоо. Олон зүйл тодорхойгүй, өвөлжилтийн бэлтгэлээ цаг алдалгүй хангах болсон энэ үед ажлаа хүлээж авсан шинэ сайд юу бодож буй бол. Тэрбээр байгаль орчны салбарт хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээнүүдээ энэ сарын 17-нд болсон Засгийн газрын хуралдааны үеэр танилцуулсан билээ. Үүнийх нь дунд орчны бохирдол, тэр дундаа утаатай холбоотой зүйл ер сонсогдоогүй. “Экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах” гэсэн ерөнхий зорилгод орчны бохирдлын асуудлуудыг багтаасан гэж эерүүлэн бодъё. Байгаль орчны салбарт хамгийн их тулгамдсан асуудал нь агаарын бохирдол, харин үүний хүрээнд нэн түрүүнд шийдэх зүйл нь сайжруулсан түлш юм шүү, сайд аа.
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙГ ЧУХАЛЧЛАВ
Байгаль орчин, уур амьсгалын асуудлыг хавсаргаж, яамны нэрийг ийнхүү өөрчилснийг тус салбарын судлаач, мэргэжилтнүүд сайшааж байна. Эрс тэс уур амьсгал, газар зүйн байршлын онцлогоосоо болоод Монгол Улс байгаль, цаг уурын өөрчлөлтөд нэн хүчтэй өртөж, доройтож, хохирч буйг олон улсын байгууллагынхны судалгааны үр дүн харуулдаг, бид ч өдөр тутамдаа бодитоор мэдэрч байгаа. Цаг уурын гаралтай гамшиг, аюулт үзэгдлийн тоо жилээс жилд нэмэгдэж, иргэд амь, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө үлэмж хохирох болсон нь үүнтэй холбоотой. Тиймээс Монгол орон, монголчуудаас хол хөндий асуудал юм шиг хандаж, үл ойшоож ирсэн уур амьсгалын өөрчлөлтийн бодит нөлөө, хор уршгийг нийгэм, олон нийтэд таниулахад анхаарч, сааруулах, дасан зохицох ажлуудыг хийх хэрэгтэй. Яг үнэндээ бид үүнээс үүдэлтэй сорилт бэрхшээлтэй байнга нүүр тулж буй ч уур амьсгалын өөрчлөлт гэж юу болох талаар мэдлэг, ойлголт нимгэн байна. Мэдэхгүй зүйлтэйгээ хэрхэн тэмцэх билээ дээ.
Яамны эрхэлсэн асуудалд уур амьсгалын өөрчлөлтийг ингэж тусгайлан оруулж, нэрийг нь хүртэл өөрчилснийх байгаль орчны төв байгууллагад бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтийг тодорхой түвшинд хийх нь гарцаагүй. Тэгвэл өмнө дурдсан “Байгаль орчны бодлогыг олон улсынхтай уялдуулан тодорхойлох, хэрэгжүүлэх” хэмээх зорилгыг хангаж, энэ чиглэлээр шинжлэх ухааны үндэслэлтэй, олон улсын туршлага, жишигт тулгуурласан бодлого, шийдлийг хэрэгжүүлээсэй гэж хүлээж байна.
С.Одонтуяа сайд байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр хэрэгжүүлэх эхний зорилтоо “Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, түүнд дасан зохицох чадамжтай улс үндэстэн болно” гэж тодорхойлсон. Ийм чадамжтай улс үндэстнийг бий болгохын тулд иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэх, судалгаа, үнэлгээ тогтмол хийхээс эхлээд шинэ инновац, менежмент, удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх гээд хэрэгжүүлэх ажил бишгүй. Тиймээс эдгээр ажлынхаа уялдаа холбоо, эрэг шургийг зөв тааруулж, системтэй, үе шаттайгаар хэрэгжүүлэхэд анхаарах нь чухал юм. Энэ бүхнийг тооцоолон мэргэжлийн хүмүүсээр багаа бүрдүүлж, мэргэжлийн түвшинд ажиллаасай. Өмнөх сайд Б.Бат-Эрдэнэ нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хамт ажиллаж байсан, тэс өөр мэргэжилтэй эмэгтэйг БОАЖЯ-ны Уур амьсгалын өөрчлөлтийн бодлого төлөвлөлтийн газрын даргаар томилж, хоёр жил гаруйн хугацаанд дэргэдээ ажиллуулсан шүү дээ. Ийм хуумгай зүйл бүү хийгээсэй. С.Одонтуяа сайдад захих, анхааруулах зүйл энэ мэтчилэн өчнөөн байна. Тэрбээр юунд илүү төвлөрч, анхаарч ажиллах юм бол доо. МАН-аас золионд гарган, бэлэг болгон өгсөн гэх байгаль орчны салбарыг аврах бодлого, шийдэл танд байна уу.
Бэлтгэсэн Н.Мишээл