Бүжиглэх нь тархины үйл ажиллагаа, ой санамжийг сайжруулдаг болохыг хэд хэдэн судалгаагаар баталсан. Альберт Эйнштейний нэрэмжит Анагаах ухааны коллежийн судлаачид бүжиглэх нь оюун санааны хямралыг 76 хувь хүртэл бууруулдгийг тогтоожээ. Тодруулбал, идэвхтэй дасгал хөдөлгөөн, бүжгийн ашиг тус нь амьдралын чанар болон хүмүүстэй харилцах чадварыг дээшлүүлдэг. Бас сэтгэл хямарч, түгших эмгэгийг бууруулдаг гэнэ. Түүнчлэн бүжгийн эмчилгээ нь альцгеймерийн өвчин болон сэтгэцийн эмгэгтэй хүмүүст өөрийгөө хөгжүүлэх боломж олгодог аж. Альцгеймерийн өвчтэй хүмүүсийн хувьд бүжгийн эмчилгээ нь нийгмийн харилцааг идэвхжүүлж, сэтгэл хөдлөлийг нь нэмж, түгшүүр, гутралын шинж тэмдгийг бууруулдаг гэнэ. Мөн өөрийгөө илэрхийлэх чадвараа сайжруулахад нь тустай юм байна. Энэхүү эмчилгээ нь хүмүүст жинхэнэ оршихуй, мэдрэхүйгээ хөгжүүлэх, бие даасан байдал, хувь хүний онцлог, өөрийгөө танин мэдэх боломж олгодгоороо онцлогтой. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар тогтмол дасгал хийх нь хэцүү ч үүнийг хэвшил болгосноор ой тогтоолт сайжирч, сэтгэцийн эрүүл мэндэд эергээр нөлөөлдөг гэжээ.
Чикагогийн Иллинойс их сургуулийн судлаачид АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвүүдээс санхүүжүүлдэг “Эрүүл тархины судалгааны сүлжээ” төслөөр дамжуулан ахмад настан болон насанд хүрэгчдэд зориулсан латин бүжгийн хөтөлбөр хэрэгжүүлжээ. Хөтөлбөр 10 сарын дараа дуусахад оролцогчдын ой санамж, анхаарал төвлөрөл сайжирсан үр дүн гарсан байна.