Налайх дүүргийн нэгдүгээр хороо ны Уурхайчдын 24, 25 дугаар гудамжны зургаан айл усанд автсан тул нүүлгэн шилжүүлжээ
Аадар бороо орсонтой холбоотойгоор нийслэлд цөөнгүй асуудал тулгарав. Тухайлбал, Яармагийн зам уржигдар усанд автлаа. Тиймээс онцгой байдлын алба хаагчид авто замд тогтсон усыг соруулжээ. Улаанбаатар хотын тухайд ус зайлуулах шугам сүлжээ хангалтгүйгээс нийтийн эзэмшлийн зам, талбай усанд автаад байна. Нийслэл 1250 км авто замтайгаас 70 хувь нь ус зайлуулах шугам сүлжээгүй аж.
Нийслэлийн 28 байршилд онцгой байдлын алба хаагчид ажиллаж, 14 403 тонн ус соруулжээ. Мөн үерийн аюултай бүсээс 20 иргэнийг гаргасан гэнэ. Уржигдрын байдлаар л гэхэд онцгой байдлын байгууллагад улсын хэмжээнд үерийн усанд боогдсон, айл өрх, барилгын В1 давхарт ус орсон, нийтийн эзэмшлийн талбай, гүүрэн гарц усанд автсан зэрэг 19 дуудлага бүртгэгдсэн аж. Говьсүмбэр, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Хэнтий аймагт авто зам, орон сууцын зоорийн давхар, айл өрх усанд автсан болон автомашинтай зорчиж яваад шаварт суусан зэрэг есөн удаагийн дуудлагаар онцгой байдлын алба хаагчид ажиллажээ.
Сонгинохайр хан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дахь “Хатанбаатар” эмнэлгийн ойролцоох авто замд тогтсон усыг сорууллаа
Орон нутагт ч үерийн улмаас хэд хэдэн газарт зам, даваа хаагдаж, хөдөлгөөн саатаад буй юм. Тодруулбал, Үүрийн голын усны түвшин Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сум орчимд өчигдрийн байдлаар өмнөх өдрийнхөөсөө 293 см-ээр нэмэгджээ. Ингэснээр үерийн аюултай түвшнийг 165 см-ээр давсан байна. Тиймээс үерийн аюултай бүсэд оршин суугаа иргэдийг нүүлгэн шилжүүлж эхэлсэн аж. Мөн сумын төв рүү автомашин орж, гарахад хүндрэлтэй болжээ. Иймд автомашинаар зорчих иргэд үерийн усны түвшин бууртал хүлээхийг тус сумын Онцгой комисс зөвлөлөө. Бороо цаашид үргэлжлэн орвол сумын төв үерийн усанд автах эрсдэлтэй гэнэ. Мөн Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас Хатгал чиглэлийн авто замын зорчих хэсэгт тогтсон лаг шаврыг цэвэрлэж, анхааруулах тэмдэг байршуулжээ. Үерийн улмаас авто зам эвдэрсэн тул үзэгдэх орчин хязгаарлагдмал үед хөдөлгөөнд оролцохгүй байхыг тус аймгийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.
Хэрлэн голын ус өчигдрийн байдлаар гэхэд үерийн түвшнийг 21 см-ээр давжээ. Туул гол Улаанбаатар орчимд үерийн аюултай түвшнийг 105 см-ээр даваад байна. Мөн Тэрэлж гол 55 см-ээр даваад буй аж.
Үерийн улмаас орон нутгийг зорьсон иргэд усанд автаж, шаварт суух тохиолдол их байгаа гэнэ. Тухайлбал, Хорьдол Сарьдагийн нурууг зорьсон иргэд Хорьдолын сайр хэмээх газарт саатаж, цааш явах боломжгүйд хүрчээ. Хөвсгөл нуур хүрэх замд байрлах Жанхайн даваа усанд автсанаас автомашинууд саатаж, аялагчид нэгнийгээ уснаас татаж гаргахаар оролдож байв. Тиймээс үерийн эрсдэлтэй бүсүүдэд аялж зугаалахаар төлөвлөж буй бол хойшлуулах нь чухал гэдгийг албаныхан зөвлөлөө.
Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд орон сууц усанд автав
Мөн үерийн улмаас “Улаанбаатар төмөр зам”-ын харьяа Эрдэнэт өртөөний Бэлэндалайгаас Орхонтуул чиглэлийн төмөр замын 60 дахь км-ийн ул шороо үерт угаагджээ. Тиймээс тухайн чиглэлийн галт тэрэгний хөдөлгөөнийг уржигдраас эхлэн түр зогсоосон юм. Өдгөө засварын ажил нь үргэлжилж буй бөгөөд замын 2-3 хэсэг нь үерийн усанд угаагдсан тул хөдөлгөөнийг нээхэд хэр хугацаа зарцуулахыг урьдчилан хэлэх боломжгүйг “Улаанбаатар төмөр зам”-аас мэдээлэв. Тухайн чиглэлд зорчихоор тасалбар захиалсан иргэдийн төлбөрийг буцаан олгоод буй гэнэ.
Бэлтгэсэн А.Үүл