Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Монгол Улс дахь ДЭМБ-ын суурин төлөөлөгчийн газрынхан хамтран халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах талаар улс орон хоорондын туршлага солилцох уулзалт, хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагынхан оролцож “Халдварт бус өвчний арга хэмжээний төлөвлөгөө (2025-2028)”-ний төсөл, цаашид баримтлах зөвлөмжийг боловсруулжээ.
Тогтвортой хөгжлийн зорилтын 3.4-т 2030 он гэхэд халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, түүнийг эмчлэх замаар цаг бусын нас баралтыг гурав дахин бууруулна гэж заасан. Үүний хүрээнд манай улс цаг бусын нас баралт буюу 30-70 насандаа нас барах үзэгдлийг 2025 он гэхэд 25, 2030 он гэхэд 30 хувиар бууруулах зорилготойг зохион байгуулагчид онцолж байв. Манай улсын хувьд уг зорилтыг хангахаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ хангалтгүй. Цаг бусын нас баралтын түвшин өндөр байгааг тодотголоо. Тухайлбал, манай улсад согтууруулах ундааны хэрэглээнээс шалтгаалсан цаг бусын нас баралт дэлхийн дунджаас дөрөв дахин их гэнэ.
ДЭМБ-аас дэлхий нийтэд жил бүр 41 сая хүн халдварт бус өвчний улмаас нас бардаг гэх тооцооллыг гаргажээ. Энэ нь нийт нас баралтын шалтгааны 74 хувийг эзэлж буй. Цаашид хяналт, сэргийлэлтийн цогц арга хэмжээг яаралтай хэрэгжүүлэхгүй бол 2030 он гэхэд нас баралтын тоо 52 саяд хүрнэ гэв. Зохисгүй хооллолт, архи, тамхины хэрэглээ, хөдөлгөөний дутагдал нь халдварт бус өвчин үүсгэгч анхдагч хүчин зүйлсэд ордог. Эдгээр нь илүүдэл жин, таргалалт, цусны даралт ихсэх зэргээр илэрч улмаар өвчлөл, нас баралтад хүргэдэг аж. Үүнээс сэргийлснээр өвчлөл, нас баралт, хөгжлийн бэрхшээлтэй болох тохиолдлыг 50 хүртэлх хувиар бууруулах боломжтой гэнэ.
Бэлтгэсэн У.Цэцэгсүрэн