Санхүүгийн зохицуулах хороо хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх эдийн засагт гүйцэтгэх үр нөлөө, санхүүжилт татах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/-тай хамтран “ТОП-100 аж ахуйн нэгжийн хөрөнгийн зах зээл дэх оролцоог өсгөх арга хэмжээний хөтөлбөр”-ийг өнгөрсөн онд баталсан. Энэ дагуу буюу дээрх аж ахуйн нэгжүүдэд хөрөнгийн зах зээлд хувьцаа, компанийн бонд гаргахад тавих шаардлага, хугацаа, өртгийг бууруулж, хялбаршуулах зохицуулалтуудыг бүрдүүлэх, холбогдох журмуудад нэмэлт, өөрчлөлт оруулах төслүүдийг хамтран боловсруулах чиг үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан бөгөөд уг ажлын хэсгийн анхдугаар хуралдаан боллоо.
Хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооноос “Үнэт цаасны бүртгэлийн журам”, “Өрийн хэрэгслийн бүртгэлийн журам”, “Биржийн бус зах зээлийн үйл ажиллагааны журам”-ын холбогдох нэмэлт, өөрчлөлтийн талаар танилцуулсан юм. Тодруулбал, компаниудыг нийтэд санал болгон хувьцаа гаргахад хөрөнгийн үнэлгээ хийлгэхийг шаардахгүй байх, нээлттэй болон хаалттай хүрээнд тодорхой дүнгээр жилээс бага хугацаатай бонд гаргахад аливаа барьцаа, батлан даалт шаардахгүй мөн нийтэд санал болгон гаргаж буй хувьцааг бүртгүүлэх тухай хүсэлтийг хялбаршуулсан горимоор хянаж, бүртгэх шийдвэрийг ажлын 10 хоногийн дотор гаргах, нээлттэй болон хаалттай хүрээнд бонд гаргахад андеррайтертай гэрээ байгуулахыг шаардахгүй байх зэрэг зохицуулалтуудыг тусгахаар ажиллаж буй талаар танилцуулсан юм.
Мөн хөрөнгийн зах зээл өндөр хөгжсөн Солонгос, Сингапур, Австрали зэрэг орны зах зээлээ хөгжүүлэх хүрээнд хэрэгжүүлсэн бодлого, зохицуулалтын арга хэмжээ, тэдгээрийг өөрийн зах зээлд хэрхэн нутагшуулах хүрээнд хийсэн судалгааг танилцуулав. Дээрх улс оронд ашигт ажиллагаа сайтай томоохон компаниудыг нээлттэй болгож, IPO хийлгэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор хууль тогтоомж, бодлого, зохицуулалтаараа тодорхой дэмжлэгийг үзүүлдэг аж. Тухайлбал, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт, мэргэжлийн хөрөнгө оруулагчдын зах зээлд оролцох оролцоог нэмэгдүүлэх, нээлттэй компани болохын давуу тал, IPO хийх үйл явц, тавигдах шаардлагын талаар мэдээлэл өгөх зэрэг арга хэмжээг тогтмол хэрэгжүүлдэг байна.
Иймд Санхүүгийн зохицуулах хороо МҮХАҮТ, “Монголын хөрөнгийн бирж” ХК, “Улаанбаатар үнэт цаасны бирж” ХК болон хөрөнгийн зах зээлийн дэд бүтцийн байгууллага зэрэг холбогдох байгууллагуудтай хамтран компаниудад зөвлөгөө, мэдээлэл өгдөг ажлыг тогтмол зохион байгуулахаар хуралдаанаар шийдвэрлэлээ.
Түүнчлэн МҮХАҮТ-тай хамтран компаниудын удирдлагуудад зориулсан нээлттэй компани болоход тулгарч буй асуудал болон ажлын хэсгийн хүрээнд хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулах, санал солилцох уулзалт, ярилцлагыг ирэх сард зохион байгуулахаар товлолоо. Компаниудыг ийнхүү хөрөнгийн зах зээлд үнэт цаас гаргахад дэмжлэг үзүүлэх бодлого, зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлснээр хөрөнгийн зах зээл идэвхжиж, түүний эдийн засагт гүйцэтгэх үүрэг өсөхийн зэрэгцээ дотоодын компаниудын санхүүжилт татах боломж нэмэгдэж, ашиг орлого нь өсөх ач холбогдолтой юм.