Монгол Улс өнгөрсөн онд 15.18 тэрбум ам.долларын бүтээгдэхүүн экспортолсныг Гаалийн ерөнхий газраас танилцуулсан билээ. Гол нэрийн барааны экспортын бүтцийг харвал дийлэнх буюу 57.7 хувийг нь чулуун нүүрс, 17.3-ыг нь зэсийн хүдэр, баяжмал эзэлжээ. Эл хугацаанд 8.76 тэрбум ам.долларын нүүрс, 2.62 тэрбумын зэсийн хүдэр, баяжмал нийлүүлсэн аж. Эдгээрийн дараа гуравдугаарт боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алтыг 738 сая “ногоон”-оор экспортолсон дүн байна. Өдгөө нүүрс, зэсийн баяжмалаас бусад таваарын экспорт нэг тэрбум ам.доллароос бага байгаа нь эндээс харагдаж буй.
Манай улс 2021 онд 1.28, дараа жил нь 1.45 сая тонн зэсийн баяжмал экспортолж байв. Тэгвэл өмнөх онд 1.52 сая тонныг нийлүүлсэн ч үнийн дүн нь 109.5 сая, хилийн дундаж ханш нь 160.1 ам.доллароор буурсан нь анхаарал татаж байна. Тодруулбал, тонн зэсийн баяжмалын экспортын дундаж үнэ 2022 онд 1881.8 “ногоон” байсан бол өнгөрсөн жил 8.5 хувиар доошлон 1721.8 болжээ. УУХҮЯ-наас мэдээлснээр манай улс 2023 онд зөвхөн зэсээс 2.23 их наяд төгрөгийн орлого бүрдүүлсэн нь мөн л нүүрсний дараа (4.31 их наяд) бичигдсэн юм. Төсвийн орлогод багагүй нөлөөтэй эл таваарын эрэлт, үнэ цаашид ямар байх бол? Мэдээжийн хэрэг үүнийг яг таг таана гэж үгүй ч олон улсын судалгааны байгууллага, шинжээчид ямар төлөв гаргасныг сонирхъё.
Ногоон эдийн засаг, эрчим хүчний шилжилттэй холбоотойгоор зэсийн эрэлт 2030 он гэхэд бараг хоёр дахин өснө хэмээн үзэж буйгаа “Oregon” групп судалгаандаа дурджээ. Мөн ирэх 10 жилийн дотор бараг 10 сая тонн зэсийн хомсдол үүсэх магадлалтай гэнэ. Хэдийгээр улс орнууд энэхүү суурь металлын нөөцтэй ч урт хугацаанд эрэлт нь нийлүүлэлтээс давах төлөвтэй аж. Ордуудын хүдрийн агууламж буурч, уурхайнууд “хөгширч”, төсөл хэрэгжүүлэх зардал ихсэн, өнгөрсөн жилүүдэд хайгуулын ажил багассан зэрэг нь үүнд нөлөөлөх нь. Дээрх группийнхний таамаглаж буйгаар зэсийн ханш өсөх үе эхэлж байгаа агаад зөв “хөдөлж” чадвал хөрөнгө оруулагчид ашиг хүртэх боломжтой гэнэ.
Дулаан, цахилгаан дамжуулах гайхалтай түүхий эд гэгддэг зэсийг гар утас, компьютер, цахилгаан хэрэгсэл зэрэгт ашигладаг. Улс орнууд нүүрстөрөгч бага ялгаруулдаг, ногоон эдийн засагт шилжихийг чухалчилж буй өнөө үед зэс “моод”-нд орж, суперциклийн төвд нь байхыг ч үгүйсгэхгүй аж. Нэг МВт-ын хүчин чадалтай салхин цахилгаан үүсгүүрт гурван тонн зэс ашигладаг, 2020 оноос хойш цэвэр эрчим хүчинд зориулсан хөрөнгө оруулалт 40 хувиар өссөн зэрэг жишээ олон бий учраас тэр. Мөн ердийн машинтай харьцуулбал, цахилгаан автомашин үйлдвэрлэхэд 3-4 дахин их зэс хэрэгтэй. Иймээс ялангуяа эрчим хүчний шилжилтээс шалтгаалж 2050 он гэхэд дэлхийн зэсийн жилийн эрэлт 1900-2022 онд хэрэглэснийг нь нийлүүлснээс ч давж магадгүй аж.
Олон улсын эрчим хүчний агентлагийн тооцоолсноор нүүрстөрөгчийн ялгаруулалтыг тэг болгох зорилгоос үүдэн 2030 он гэхэд литий, зэс, никель, кобальт зэрэг чухал ашигт малтмалын эрэлт дөрөв дахин өсөх нь. Дэлхий даяар 2023 онд цэвэр эрчим хүчинд зориулж 1.8 их наяд ам.долларын хөрөнгө оруулах төлөвтэйг тус агентлаг өмнө нь мэдээлээд, энэ нь түүхэн дээд түвшинд тооцогдохыг мэдэгдэж байв. Тэгвэл 2030-аад оны эхээр дээрх дүн даруй 4.5 их наядад хүрэх төлөвтэйг мөн дурджээ. Нөгөөтээгүүр, АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ бууруулбал эрэлт нь нэмэгдэнэ гэсэн хүлээлттэй байгаа тул зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлэгч Чили улс эл таваарын ханшийн төлөвийг дээшлүүлсэн тухай “Bloomberg” мэдээллээ. Тодруулбал, “Cochilco” энэ онд фунт зэсийн ханш дунджаар 3.85 ам.долларт хүрнэ хэмээн тооцсон байна. Өмнө нь эл тоог 3.75 байна хэмээн төсөөлснөө мэдэгдэж байсан юм. Түүнчлэн ирэх онд уг дүн 3.9 “ногоон” болно гэж тэд таамаглажээ. Сонирхуулахад, Чили улс 1990-ээд оноос гадаадын шууд хөрөнгө оруулалт татаж, зэсийн үйлдвэрлэлээ хурдацтай нэмж эхэлсэн бөгөөд урт хугацааны тогтвортой байдал бий болгож, хууль, эрх зүйн тодорхой орчин бүрдүүлж чадсан гэгддэг билээ.
“Ivanhoe mines” компанийн үүсгэн байгуулагч Роберт Фрийдланд тонн зэсийн ханш энэ онд 9500 ам.долларт хүрч магадгүй хэмээн өөдрөгөөр таамагласнаа саяхан ярьсан удаатай. Түүнчлэн “Vizsla copper” компанийн Удирдах зөвлөлийн дарга Крэйг Перри “Зарим уурхайг албадан хаах зэргээс үүдэн зэсийн ханш 2024 онд өсөж, сюрприз барьж ч мэднэ” гэсэн бол “Osisko metals”-ын гүйцэтгэх захирал Роберт Варэс “Сүүлийн саруудад зэсийн нийлүүлэлттэй холбоотой тодорхойгүй байдал нэмэгдэж байна. 2025 он гэхэд зэсийн хомсдол үүсэхийг үгүйсгэхгүй” хэмээсэн тухай “Investing news network” уламжилжээ. “Reuters” агентлагаас 28 шинжээчийн дунд судалгаа явуулахад Лондоны металлын биржид тонн зэсийн үнэ 2024 онд дунджаар 8625 “ногоон” байна хэмээн төсөөлсөн талаар энэ сарын эхээр мэдээлж байв.
Энэ нь ойрын хугацаанд орд нь өргөтгөл, бүтээн байгуулалтын эгзэгтэй үе шатанд байгаа үйлдвэрлэгч, төслөө санхүүжүүлэхээр ажиллаж буй компаниудын хувьд хөрөнгийн хомсдол үргэлжилж болзошгүйг илтгэж байгаа аж. Харин судалгааны BMI байгууллага тонн зэсийн ханшийг энэ онд дунджаар 8800 ам.доллар байна хэмээн төсөөлснийг miningweekly. com-д бичжээ. Хэдийгээр уг таваарын эрэлт өндөр байх төлөвтэй ч улс орнуудын инфляц, аж үйлдвэрлэл, геополитикийн эрсдэл зэрэг нь ханшийг бууруулж болзошгүйг шинжээчид сануулав. Дэлхийн эдийн засгийн цар тахлын дараах сэргэлт нь саарч буйг тэд онцолж байгаа юм. Сонирхуулахад, өнгөрсөн онд тонн зэсийн ханш дунджаар 8523 ам.доллар байжээ. Энэ нь 2022 онд дээрх дүн 8788 байснаас доошилсон гэсэн үг. Өчигдрийн байдлаар тонн зэсийн үнэ 8446.15 “ногоон”-той дүйж байв.
Өнгөрсөн онд гэхэд Монгол Улс зэсийн баяжмалынхаа 99.9 хувийг БНХАУ-д нийлүүлсэн статистик бий. Тэгэхээр эл бүтээгдэхүүний экспортод урд хөршийн эдийн засаг нөлөөлөх нь дамжиггүй. Ганц манай нийлүүлэлт ч БНХАУ-аас хамаардаггүй бөгөөд бөмбөрцгийн зэсийн эрэлтийн 30 орчим хувь нь өмнөд хөршид ногддог билээ. Дэлхийн банкнаас өнгөрсөн оны эцэст танилцуулсан тоймд “Уул уурхайн салбарын үйлдвэрлэл улам тэлснээр Монгол Улсын эдийн засгийн өсөлт дунд хугацаанд хурдсаж, 2025-2026 онд дунджаар таван хувийг давах төлөвтэй” хэмээн дурдаж байв. Гэхдээ БНХАУ-ын эдийн засгийн өсөлт хүлээлтээс доогуур байх зэрэг томоохон эрсдэл учирч болзошгүйг анхааруулсан юм.
Энд нэг зүйл хэлэхэд, сонгууль дөхөхөөр олон нийтийн анхаарлыг татаж, эх оронч болж харагдахын тулд улсын төсөвт хувь нэмрээ оруулж буй уул уурхайн компаниуд руу дайран улс төрийн “тоглолт хийн”, “өгөөш” болгох гэж санаархан, үйл ажиллагааг нь шүүмжлэх нь бий. Хэдхэн хоногийн өмнө гэхэд зарим улс төрч Оюутолгойн гэрээний талаар “поп” мэдэгдэл хийсэн. 2010-2022 онд гэхэд 14.7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулсан “Оюутолгой” төслийг онилсон энэ мэт үйлдэл нь хөрөнгө оруулагчдыг улам үргээх нь тодорхой. Улс орнууд уг металлыг критикал минералын жагсаалтдаа оруулж байхад эрэлт нь нэмэгдэх төлөвтэй ордын хайгуулд манайх анхаарч буй, эсэх нь ч эргэлзээтэй. Британийн төрийн өмчит, геологи, геофизикийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “International geoscience services” (IGS) компанийн төлөөлөл манайд ирж, ажиллаж буй талаар энэ сарын дундуур мэдээлсэн.
Улсын төсвийн хөрөнгөөр энэ онд шинээр хэрэгжүүлэх, агаарын геофизикийн судалгааны ажлын тендерийг олон улсад нээлттэй зарлахаар төлөвлөж, бэлтгэл хангаж буйг дурдаж байв. IGS нь Монгол Улс дахь ИБУИНХУ-ын ЭСЯ-ны дэмжлэгээр, уг тендерийн баримт бичгийг боловсруулахад үнэ төлбөргүйгээр зөвлөх үйлчилгээ үзүүлж байгаа гэсэн юм. Тус компани нь геологийн судалгааны чиглэлээр олон улсад үйл ажиллагаа явуулдаг бөгөөд УУХҮЯ-тай хамтран дээрх баримт бичгийг энэ сарын 22 гэхэд бэлтгэж дуусгахаар төлөвлөсөн гэж байв. Улмаар цаашид Оюутолгой, Тавантолгойтой дүйх ордууд илрүүлнэ гэсэн хүлээлттэй байгааг салбарын яамнаас мэдэгдсэн ч энэ талаарх мэдээлэл одоогоор лав алга.