“Бидний тал нутаг уудам
Урианхайн Сүбэдэй, Зэлмэ,
Мухулайгийн удам
Түүхээрээ, соёлоороо гангарна
дайчдын хүүхдүүдээ
Дээлтэйгээ цөмөөрөө
бид хараа булаан бут авна” хэмээн дуулж, залуусын шүтээн болсон реппер Young Mo’G буюу Э.Мөнх-Эрдэнийг уншигчидтайгаа уулзуулж байна. Хип хоп, R&B уран бүтээлчдийн шилдгийг шалгаруулах “Triple X hit awards” хөгжмийн наадамд түүний “Наадъя” дуу оны шилдэг уран бүтээлээр шалгарсан юм. Түүнчлэн тэрбээр энэ жилийн Үндэсний их баяр наадмын нээлтэд оролцсон нь энэ түүхэн дэх анхны хип хоп уран бүтээлч болж тэмдэглэгдсэн бөгөөд шинэлэг өнгө төрх, хэмнэлээрээ цойлсныг уншигчид андахгүй биз. Хип хоп хөгжмийн урсгал, нийгэм, улс төрийн бодол, эх орон, хувь хүн, хайр зэрэг олон зүйлийн талаар бид ярилцлаа.
-Энэ яриа таны сонинд өгч байгаа анхны ярилцлага гэж ойлгосон. Зөв үү?
-Мэдэхгүй юм. Өмнө нь ярилцлагын санал их авдаг байсан. Ихэвчлэн блог, цахим хуудсанд өгсөн ярилцлага бий.
-Хөгжмийн урсгал бүхэн зорилтот хэрэглэгчидтэй байх шиг. Хип хоп хөгжмийн урсгалыг болж бүтэхгүй зүйл сурталддаг гэсэн хэвшмэл хандлага байдаг шүү дээ. Гэтэл цагийн цагт хамгийн их “шүүгддэг”, мөн хамгийн их сонсогчтой байдаг хэвээрээ. Өдгөө улам л хүчээ авч байна. Энэ нь магадгүй таны хэлдгээр залуу насны зугаа цэнгэлтэй холбогддог учраас тэр үү?
-Хип хоп анх үүсэх үед ирээдүйд дөрвөн тэрбумын хөрөнгийн эргэлттэй салбар болно гэж хэн ч төсөөлөөгүй. Нью-Йорк хотын Бронкс дүүрэгт Пуэрто Рико, Испани, Латин Америк, Ямайка хүмүүс, өнгөт арьстнууд олон байсан. Ядуус их, гэмт хэрэг тасрахгүй. 1979 онд Нью Жерси мужийн Энглвуд хотод байгуулагдсан “The Sugarhill Gang” гэх хамтлаг анх удаа сүүл холбосон реп дуу хийсэн байгаа юм. Түүнчлэн Нью-Йоркийн Өмнөд Бронксоос гаралтай Америкийн DJ Afrika Bambaataa зэргийг дурдаж болно.
Товчхондоо, тухайн дүүрэгт амьдардаг хүмүүс нийлж дуулж, бүжиглэдэг соёл, үелзлээс үүссэн хөгжмийн урсгал. Тиймээс хип хоп бол цэвэр клаб хөгжим. Энэ нь цаашид хүн бүрийн дотоод ертөнцөөр баяжин өргөжсөн. Шүүмжлэлд өртдөг гэлээ. Дэлхийн хэмжээнд хамгийн их шүүмжлэлд өртдөг байсан нь 2000-аад оны эхэн үе болов уу. Тэр үед зах зээлийг маш сайн тэлж чадсан. Харин одоо хип хоп нь дэлхийн хөгжмийн чиг хандлагыг тодорхойлдог боллоо. 1960-аад оноос үүсэлтэй R&B хөгжмийн урсгалгүйгээр хип хопыг төсөөлшгүй. Харин R&B-гүйгээр попыг төсөөлөх боломжгүй.
Нэгэнт буцаашгүй хүчтэй болсон энэ салбарт бусдын шүүмжлэл ямар ч үнэ цэнгүй. Зүгээр л хоосон үг. Дэлхийн хаана ч хип хоп сонсдоггүй хүн гэж алга. Намайг бага байхад mp3, mp4-т “Ice top”, “Lumino”, “Tatar”, “Outlaw”, “D45” гээд л дан монгол хамтлагийн дуунууд байлаа. Угаасаа Монгол бол хип хоп улс. (инээв) Монголчуудын 80 гаруй хувь нь маш гангста амьдарч байна. Үнэнийг хэлэхэд маш хэцүү, дунджаас доогуур давхаргад нийгмийн дийлэнх нь хамаарна. Ингээд бодвол ийм амьдралаас гаралтай хүмүүс хэт элитист хөгжим сонсохгүй. Амьдралын хахир хатуу байдлаас ангижруулж, эрх чөлөө олгодог хөгжим бол хип хоп.
Хип хоп бол миний хувьд үүрд л байх болов уу. Үглэх, дуулах хэв маяг, хөгжмийн саунд бүтэц нь хэлбэр талаасаа цаг хугацааны явцад өөрчлөгдөнө. Гэхдээ үндсэн цохилуур, ритм нь хэзээ ч алдагдахгүй байх.
Боолын нийгмийн үед хөвөн тариалдаг талбайд нэг нь соло дуулбал бүгд дагаж дуулаад л. Blues, R&B-гийн хэмнэлтэй. Хүнийг зугаацуулах байгалийн хэмнэл тэнд бий. Хип хоп нь шар, цагаан, ази, хар, энэтхэг, казах, буриад, башкир хэн ч бай үл хамаарч, хүн бүрийн дотор байх тэрхүү хэмнэл юм.
-Тэр нь л хамгийн гол амин сүнс нь байх нь.
-Тийм. Улс төр, үнэн, нийгмийн болж бүтэхгүйг дуулах нь жинхэнэ хип хоп гэсэн үг биш. Гудамж, гэмт хэрэг, шоу, архи, хар тамхи дуулснаараа хип хоп болно гэвэл бас л үгүй. Хип хопт хүний тэрслүү, босуул сүнс оршдог. Тэрхүү сүнсийг авч явдаг нь байгалийн ритм.
Сүүлийн дөрвөн жил хип хоп илүү тренд тал руугаа хэлбийж байна. 1970, 1980-аад оны бясалгасан, тунгаасан, хөдөлмөр шингэсэн дуунуудын хэмжээнд хүрэхгүй болсоор байгаа юм. Тик ток трендэд тулгуурлаж, чанартай биш, хурдан, хямдхан, удахгүй мартагдах тал руугаа хазайлаа. Гэхдээ ямар ч салбарт хувьсгал, эргэлт хийх хүмүүс заавал гарч ирдэгт би итгэдэг юм. Би өөрөө ч тэр хэмжээний нөлөөллийг хөгжимд үүсгэхийг зорьдог.
Монголын артист талын төлөвшил маш мундаг болж байгаа. Төрөл бүрийн, өнгө өнгийн репперүүд гарч ирж байна. Үүнийг Монголын хувьд гэж ярихад сэтгэл хангалуун байдаг.
-Уран бүтээлч хүн өөрийгөө бүтээлдээ “шингээсэн” байдаг гэдэгтэй та санал нийлэх болов уу. Дуучин туулаагүй, мэдрээгүй зүйлээ дуулах боломжтой юу. Дууллаа ч энэ нь сонсогчдод шударга бус хандаж байгаа явдал биш гэж үү?
-Хүн өөрийгөө яагаад ийм тийм гэж тодорхойлох ёстой юм бэ. Би ийм хүн, ийм л дуу хийнэ гэвэл далайд сэлэх загас хүслээрээ аквариум руу орж байгаатай ижил. Амьдралд хэтэрхий олон өнгө, үйл явдал, боломж бий. Хорвоо ямар уудам билээ. Тиймээс уран бүтээлч хүн амьдралын бүх өнгийг дуулж чаддаг байх хэрэгтэй. Хүн бүрийн дотор зэрлэг араатанлаг, уян налархай, эрх, романтик, гутралтай, хулигаан, садар янаг зан чанар байгаа. Миний бодлоор бүх талыг харуулж дуулах нь урлагийн хүний үүрэг ч юм шиг. Учир нь би хүн бүрт хүрмээр байна. Хип хопын техник ийм байдаг юм шүү гэдгийг харуулмаар байна. Би өөрийнхөө техник чадвартаа маш итгэлтэй байдаг.
Уран бүтээлч хүн зөвхөн мэддэг зүйлээ дуулах албагүй. Жишээ нь, Эминемийн оролцсон болон соло цомгуудын 60-70 хувь нь аллага, хүчирхийлэл, яргалал, хар тамхитай холбоотой. Ингээд бодоод үзвэл хүн зөвхөн туулсан амьдралаа л дуулах юм бол Эминем цуврал алуурчин, Детройт гудамжны гангстер болно. Үгүй шүү дээ. Тэр маш хэцүү амьдрал үзсэн л хүн. Хип хопыг дэлхийд нүүр хагаруулсан. Энэ бол гарцаагүй үнэн.
Хөгжим хүний сэтгэлд оч бадрааж, амьдралд өнгө нэмэх ёстой тийм л зүйл. Үнэндээ бидний ямар амьдрал туулах нь хэнд ч хамаагүй. Энэ бол хөгжим. Юужинхэнэ, юужинхэнэ бишийг цаг хугацаа шигшиж харуулна. Мэдээж би дайнд яваагүй шүү дээ. Гэхдээ цэрэг, дайн, түүхтэй холбоотой дуухийдэг. Энэ бол урлаг. Би өөрийнхөө хийж байгаа зүйлийг ингэж л харах дуртай. Ямар ч хязгаар тогтоохыг хүсдэггүй.
-Өв уламжлал, язгуур соёл нь ахмад үеийнхний л сонирхол гэж үздэг үе байсан. Гэтэл сүүлийн үед дуу хөгжмөөр дамжуулан уламжлалаа дагаж, өвөө тээх нь “күүл” гэгдэх болжээ. Хуучны соёл орчин үежиж байгаа юм шиг.
-Үүнийг надаас өмнө хүмүүс хийж л байсан. Люминогийн “Ламбугайн нулимс”, Big Gee “Mongols” цомог, “Ice top”, “Click click boom” гээд л. Язгуур уламжлал, соёл нь зөвхөн ахмад үетэй ч холбоотой зүйл биш. Энэ бол бидний ирээдүйн эрх ашиг, аюулгүй байдал, нийгэмд эзлэх байр суурь, аж амьдралтай шууд холбоотой.
Жишээ нь, Цагаан сарыг хөгшид, малчдын баяр гэж ярьдаг хүмүүс өөрсдийгөө ийм өчүүхэн тархитай байгаагаасаа ичих хэрэгтэй. Үндэстэн, ястны нэгдлийг хоорондын ондоошил, нэгдмэл үнэ цэн, идеологи шийддэг.
Би багаасаа америк хип хоп сонсож өссөн. Харин есдүгээр ангидаа Gee ахын “Mongols” цомгийг сонсож байхдаа маш гоё мэдрэмж авсан. Эх орноороо бахархах сэтгэл анх удаа төрж байгаа юм. Монгол ямар “зэвүүн” хөгжимтэй юм бэ, ямар хүний оюун ухаанаас ийм “күүл” хөгжим гардаг бол гэж бодоод л. Би ч мөн хөгжмөөрөө олон залууст ийм мэдрэмж өгөхийг хичээдэг.
Монгол хэл соёлоороо хавчигдаж, аль нэг улсын хараат боллоо гэж бодоход хамгийн түрүүнд фронтод биднийг л явуулна. Казахстанд улаан цагаандаа гарсан зүйл болж байна. Чингис хааныг хасаг хүн байсан, монголчуудыг манж, тунгус, уйгурын эрлийзүүд гээд. Бидний өвөг дээдэс эх орныхоо төлөө үй олноороо хядуулсан нь үнэн. Хүүхдийн өнчрөл, хагацал, нулимсын төлөө бид өв соёл, уламжлалаа амьд байлгах үүрэгтэй.
-Монголын урлагийн салбар жижигхэн. Нэг л хит дуутай бол насан туршийн хоолоо олчихдог гэдэг. Үүнтэй санал нийлэх үү?
-Зөвхөн Монголд биш, дэлхийд ч тийм. Германд Luciano гэж реппер бий. Герман хэл мэдэхгүй хүмүүс ч түүний талаар ярьдаг. Тогоондоо цойлж, илүү хөдөлмөрлөж байгаа нь бусдаасаа илүү мөнгө олно. Энэ чинь үүрдийн тэмцэл шүү дээ.
-Тийм ч сайнгүй бүтээлүүд хит болох үзэгдэл ажиглагдаж байна. Үүнийг артист хүний зүгээс хэрхэн хардаг вэ. Магадгүй сонсогчдын боловсролтой холбоотой юу?
-Дэлхийн хөгжмөөс хоцорчихсон яваа нь яалтчгүй үнэн. Сонсогчид та нарыг хоолтой болгодог, битгий давар гэсэн хандлага байдаг. Яг үнэндээ артистууд юуч хийхгүй бол сонсогчдод сонсох зүйл байхгүй. Хип хоп хийдэг хүмүүс өмнө нь хип хоп сонсогч байсан. Сонсогчид Монголд, дэлхийд ч тэр ялгаагүй болов уу. Энэ бол цаг хугацааны л асуудал. Хамгийн гол нь артистууд шинэ содон юм хийх хэрэгтэй. Илүү шинэлэг мөртлөө түүнийгээ хуучны хэв маягтай зохимжтой хослуулж байгаа уран бүтээлчид миний бодлоор маш инновацлаг.
Реппер байх амархан. Артист байх хэцүү. Артист байна гэдэг нь хариуцлага, биеэ авч явах, нөлөөлөл үүсгэх зэрэг арай өөр түвшний төлөвшил байгаа юм шиг. Байнга үг бичнэ. Түүнийгээ сонсоно. Гоё санагдана, огшино. Хог санагдана, гутарна.
Продакшн түвшний үйл ажиллагаа эрхлэх хэмжээний чадалтай, манлайлагч нэгэн байх ёстой болов уу. Мэдээж тэр хэмжээнд хүрэх хэцүү. Харин тэр зүг рүү зүтгэж чадвал сонсогчид дотоод нандин хөгжмийн боловсролыг олох болно.
Сонсогчдоо тэлж, дараа нь сонсогчдоо хөгжүүлэх ёстой юм шиг санагддаг. Тэгэхээр энэ нь уран бүтээлчийн талаас ч хариуцлага хэрэгтэй гэсэн санаа юм.
-Уран бүтээлээ туурвиад төдийлөн удаагүй байна. Аль салбарын хүмүүстэй илүү дотносож, хамтрах сан гэж боддог вэ. Өөрөө бүх хөгжмийг нь зохиож, эртний баатруудтай кино хийхийг хүсдэг талаар ярьж байсан. Түүнтэй холбож асууж буй юм.
-Долоон жилийн өмнөөс хөгжмөө мэр сэр хийсээр ирсэн ч гүн орсон нь хоёр жил. Ирэх хоёрдугаар сард XIII зууны үеийн цэрэг, дайны холбогдолтой шинэ клип цацна. Хүнтэй ойлголцох тал дээр артистууд суралцах хэрэгтэй санагддаг. Манайхан их “күүл”. Хамраа сөхөөд, ярьж ядаад л, зарим тохиолдолд хариуцлага алдаад. Би салбар салбарын хүмүүстэй сайн ойлголцдог. Тэгэх юм сан гэж боддоггүй. Угаасаа хийгээд явж буй учраас.
Би багаасаа маш олон сургууль сольж, гэр бүлийнхээ ачаар олон хүнтэй танилцсан. Маркетингийн албаны менежерээс эхлээд хар ажил ч хийж үзсэн. Хөдөө, гэр хороололд амьдарч байсан. Баян айлын ч, эмзэг давхаргын ч хүүхдүүдтэй найзалж үзлээ. Хүн хорвоо ертөнцийн алаг эрээнийг хүлээн зөвшөөрч, түүн дундуур загас мэт сэлэх ёстой юм шиг санагддаг.
Би ирээдүйд кино хийх зорилготой. Миний амьдралд маш том орон зай эзэлдэг. Кинотой холбоотой мэргэжлээр ирээдүйд гадаад улсад сурах төлөвлөгөөтэй. Харь хүний сэтгэлгээгээр урлаг, нийгмийн зохион байгуулалтыг хараад мэдрэх нь чухал. Байгаа газраасаа явж, гадаадад ажиллаж, сурах хэрэгтэй. Өөрийн үнэ цэн, чадвар, дотоод итгэлээ бэхжүүлээд Монголдоо ирнэ. Өөрийгөө хэдэн жилийн дараа Германд киноны боловсрол эзэмшсэнийг харж байна.
-Хамгийн олон хүн цугласан тоглолтод хэзээ оролцсон бэ. Түүнээс ямар мэдрэмж авч байв?
-Би өөрөө хараахан тоглолт хийгээгүй. Миний нэр дор жижиг арга хэмжээнүүд болдог. “Vandebo” хамтлагийн “Зуны зугаа” тоглолтын үеэр намайг дуулж байхад 30 мянган хүн нэг дор үсэрч, гараа савахыг харахад амьдрал ямар сонин юм бэ л гэж бодсон. Хүн бүрт тохиохгүй хувь заяа шүү дээ. Би өөрийгөө хэзээ ч реппер болно гэж бодоогүй. Хип хопыг амьдралынхаа гол зорилго болголгүйгээр маш удаан явсан. 19 настайдаа тусдаа гараад, өөрийгөө авч явахын тулд хэцүү, бүтэхгүй зүйлстэй их тулгарсан. Тэр бүхэн бодогдож байгаа юм чинь. Энэ цэгээс эргээд харахад их зүйл туулжээ гэж бодсон доо.
Тайзнаас буусны дараа туулах зам бүр, хүртэх боломж илүү их байгааг ч ойлгосон. Зах зээлийн нийгэмд хөгжих боломж тасралтгүй бөгөөд хязгааргүй.
Амьдрал үр дүн төвтэй биш. Харин процесс. Энэ процесст гоё байж сурах хэрэгтэй. Түүнд сэхээд, хамраа сөхвөл миний асар олон боломж хаагдаж эхэлнэ. Маш олон хүн намайг хүндлэхээ болино. Зөвхөн ажлын түншүүдээр тогтохгүй фэнүүдийнхээ ч итгэлийг алдана биз дээ. Юуч болоогүй байхад аавын цээж болчихсон. Урлагт олон жил зүтгэсэн хүн надтай гар бариад “Юу байна ахын дүү. Миний дүү ёстой мундаг шүү” гэхэд л түүнд талархаад, улам даруусах ёстой. Ийм өндөр оргилд хүрчихээд надтай энгийн л инээгээд хүн шиг гар барьж байхад би хамраа сөхдөг хэн юм бэ гэж бодно биз дээ. Түүнээс өмнө их солиоролтой байсан. Хэт хип хопрох гээд л. Бүх зүйлд талархалтай хандвал сайн сайхныг өөртөө дуудна. Бурхан гэж байдаг бол харж л буй байх.
-Ямар үед хамгийн эрх чөлөөтэй дуулдаг вэ?
-Дуулж байгаа үедээ эрх чөлөөтэй байдаг. Эрх чөлөөгүй дуулна гэж байхгүй шүү дээ.
-Бүхнийг өөрийн гараар хийж, оролцож гэмээнэ сэтгэл нь ханадаг хүмүүс байдаг шүү дээ. Ийм хүмүүст төвлөрөл нь туйлын үнэтэй зүйл мэт байдаг болов уу.
-Маш чухал. Би хийж байгаа зүйлдээ бүх төвлөрлөө зориулах дуртай. Үүний сацуу гоморхох, шалчигнах, гоншигонох хандлагыг миний хайртай хүмүүс гаргавал бухимддаг. Миний амьдрал миний сонголт. Тиймээс хэн ч хэний ч төвлөрөлд халдах ёсгүй.
-Дэлхийн аль ч хотод байхгүй уур амьсгал, оршихуй энд бий юм шиг. Улаанбаатар бол галзуу хот. Та үүнтэй санал нийлэх үү?
-Ер нь Монгол тестостероны улс шиг санагддаг уу. (инээв) Хүн бол амьтан гэдгийг ойлгоорой. Миний цомгийн нэр “Zoo” буюу амьтны хүрээлэн. Амьтны хүрээлэнд сармагчин, баавгай, горилла, матар, могой, арслан гээд олон төрлийн амьтныг харж болно. Нийгэмд Монгол гэсэн ондоошил яалт ч үгүй байдаг юм аа. Харин галзуу биш тайван. Иргэний дайнтай улсад амьдарч байна гээд төсөөл дөө. Ямар аймшигтай байх вэ.
Москвад нэг гуйлгачин чихрийн шижин нь хүндрээд хөлөө тайруулахдаа тулчихсан, хар тамхиндаа мансуурчихсан хэвтэж байвал хэнд ч хамаагүй шүү дээ. Монголд тийм биш. Цагаа тулахаар бид маш зөөлөн, нэгнээ гэсэн сэтгэлтэй, гэр бүлсэг. Энэ нь бидний ондоошил.
Хүн амьдралынхаа болж бүтэж байгаа болон юу чухал вэ гэдэгтээ төвлөрвөл чухам тийм хүмүүс л амьдралд учрах юм шиг санагддаг. Жаахан уруудахад л найзууд чанараа таниуллаа гэсэн пост мэр сэр харагддаг шүү дээ. Тэгвэл чи өөрөө тийм үнэн юм уу. Чи ийм худлаа зүйлсд төвлөрөөд байвал тийм л хүмүүс чамтай наалдана шүү дээ.
-Үзэл санаа, зарчимтай хүн өөрөөсөө урвадаггүй. Та хэр зарчимч хүн бэ?
-Би зарчим гэсэн зүйлд итгэдэггүй. Зарчим гэдэг чинь хүн төрөлхтний зохиосон үг. Утга санаагүй. Жишээ нь, арсланд, туулайнд, тарваганд зарчим бий юү. Хүн хорвоо ертөнцийг агуу, уудам гэдгийг хүлээн зөвшөөрч, юмс өөрчлөгддөг гэдэгтэй санал нийлж амьдрах хэрэгтэй шиг санагддаг. Бүхнийг хүлээн зөвшөөр. Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэдэг шүү дээ. Ямар үнэн үг вэ.
Хамгийн түрүүнд өөрийгөө хайрлаж сур. Дотоод зөрчилдөөн, хорслоо тавьж явуулсан хүн бусдад анхаарал хандуулж чадна. Бүхнийг өөрөөсөө доогуур үзсэн амьд “эго”-нууд дүүрэн бий. Тийм хүн амьдралд хэзээ ч зөв шийдвэр гаргаж чадахгүй. Луйварчин, алуурчин, сэхээтэн, эрдэмтэнтэй ч нийлж чаддаг, яриа өрнүүлэхүйц байх хэрэгтэй гэж бодож байна.
-Зарчмын талаар ярьсных олон нийтийн дунд маргаантай хэвээр буй асуудлаарх таны үзэл бодлыг сонсмоор байна. Олны танил хүн улс төрийн үзэл баримтлалаа нээлттэй илэрхийлбэл нийгмийн зүгээс “дүүжилдэг” хандлага бий болчихлоо. Та улс төр, нийгмийн асуудалд эмзэг бөгөөд шүүмжлэлтэй ханддаг юм шиг санагддаг. Ирэх жил парламентын сонгууль болно. Үнэнхүү, эргэлзээгүй дэмжиж байгаа бол хэн нэгний сонгуулийн сурталчилгаанд оролцох уу?
-Хэн нэгэн улс төр хийвэл муу юм шигээр нулимдаг хэвшмэл ойлголт манай нийгэмд байна. Хэрэв үнэхээр дэмжихүйц хүн гарч ирвэл үхтлээ дэмжинэ. Түүнээс гарах хариуцлагыг ч үүрнэ. Гэхдээ би тийм зүйл хийхгүй. Би том зургаараа залуучууддаа илүү ойрхон, тэдэнд илүү үнэ цэнтэй уран бүтээл, үгс, ойлголтыг түгээхэд анхаарч ажиллана. Тиймээс би улс төртэй нэрээ хутгахгүй.
-Үндэсний үзэл, эх оронч үзэл хоёр ялгаатай юу?
-Энэ бүгд хий хоосон үг шүү дээ. Хэн нь хэн байх нь бодит амьдралд хамаагүй. Эх оронч гэчихээд хүчирхийллээр хорсол, комплексоо нөхдөг хүмүүс ч бий. Эх оронч дүр эсгэж худал үзэн ядалтыг фэйсбүүкт тараана. Хүн бүр өөртөө цаг гаргаж, түүх, уран зохиолоо судалж, дуу хуур сонсож, сэтгэлийн амар амгаланг олж байж улс хөгжинө. Чи эх орон ярих хүн мөн үү гээд л өөрөөсөө асуудаг. Гэхдээ би улс орны өв соёлыг илүү оюунлаг талаас нь хөгжүүлмээр байна.
-Та Youtube хуудсандаа “Калка голын тулаан” гэх түүхийн холбогдолтой контент байршуулсан байсан. Үүнийгээ цаашид хийх үү?
-Түүнийг би студид утсаараа л биччихсэн. Цаашид илүү чанартай хийхээр төлөвлөж байгаа.
-Хувь хүн оюунлаг байх нь илүү чухал гэх санааг олон дурдлаа. Энэ нь гэр бүлээс гаралтай болов уу. Та энэ талаар юу гэж боддог вэ?
-Хүчтэй зорилго, мөрөөдөлтэй, хайр, өршөөл энэрэл мэддэг бол зөв хүнээ сонгоно. Энэ нь гэр бүл зохиохоос өмнө яригдах болов уу. Монголд гэр бүлийн хямрал их. Намайг оролцуулаад бидний үеийнхэн хагас, бүтэн өнчин. Бага насны трауматай хүн амьдралд зөв шийдвэр гаргах хэцүү.
Чиний амьдралд хэн ч нөлөөлөх ёсгүй гэдгийг багаас нь хүүхдэдээ ойлгуулах нь зөв санагддаг. “Pursuit of happiness” гэх кинонд “Чиний юу хийхийг би ч заах эрхгүй” гэж жаахан хүүхдээ загнадаг. Эцэг, эхчүүд хүүхдээ юу хүсдэг, мөрөөддөг, басхүү юунаас айдгийг нь сонсдог байгаасай.
-Та нэг ярилцлагадаа “Хайр, мэргэн ухаан хоёрыг хослуулах хэрэгтэй” гэж хэлсэн. Энэ нь юу гэсэн үг вэ?
-Мэргэн ухаан гэдэг бол боловсрол биш. Харин байгалийн өгөгдөл, зохицох чадвар. Хайр ямар ч харилцаанд итгэл үнэмшил, халамжаар илэрдэг. Ямар ч зүйлд хайраар хандаж сурах хэрэгтэй. Амьдралд зовж зүдрэх нь биш, хайрлах нь чухал.
-Аливаа ажлыг хийхэд урам зоригтой байх нь чухал уу?
-Урам зоригт итгэдэггүй. Энэ нь орж л байдаг, гарч л байдаг зүйл. Гол нь сахилга бат.
Бэлтгэсэн: Д.Хүслэн