Дундговь аймгийн Хулд сум /аймгийн төвөөс баруун урд зүгт 113 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 23 км-т/ суудлын автомашин, зорчигч тээврийн автобустай мөргөлджээ. Суудлын автомашинд зорчиж явсан хоёр хүн нас барж, нэг хүн төмөр хийцэд хавчуулагдсан осол гарчээ. Ослын дуудлага өнөөдөр 17:00 цагт ирж, тус аймгийн Онцгой байдлын газрын Хулд сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид ажилласан байна.
Алба хаагчдыг очиход Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн чиглэлд зорчиж явсан “Ниссан-Эдван” загварын 4 зорчигчтой суудлын автомашин, Өмнөговь аймгийн Ноён сумаас Улаанбаатар хотын чиглэлд 13 хүн тээвэрлэж явсан “Юниверс” загварын автобустай мөргөлджээ. Суудлын автомашинд зорчиж явсан 2 хүн нас барж, жолооч М бүхээгтээ хавчуулагдсан байсныг 5 минут ажиллан эсэн мэнд гаргаж, Хулд сумын Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгчээ.