Зүүн Азийн залуучуудын наадмын хоёр дахь өдөр бокс, жүдо, 3х3 сагсан бөмбөг, бадминтон, хөлбөмбөг, ширээний теннисний тэмцээн уралдаан явагдана. Өнөөдөр Монголын тамирчдыг ямар өрсөлдөөн хүлээж байгаа талаарх мэдээллийг хүргэе.
3х3 сагсан бөмбөгийн тэмцээнийг Premier sports Network, бадминтоныг Live TV, бусад тэмцээнийг МҮОНТ шууд дамжуулах юм.
БОКС
Боксын тэмцээн наадмын салхийг хагалж, хамгийн түрүүнд эхэлсэн. Өчигдөр Монголын гурван боксчин рингэнд гарч, хоёр нь ялалт байгуулсан бол өнөөдөр дөрвөн тамирчин мөнгөн медалийн төлөө тулалдах юм.
Тухайлбал, эмэгтэйчүүдийн 54 кг-д Э.Номундарь Японы Мику Оикаватай, 60 кг-д Д.Гэрэлсайхан БНСУ-ын Пак Хю Жи-тэй нударга зөрүүлнэ. Харин эрэгтэйчүүдийн 48 кг-д О.Түвшинзаяа БНХАУ-ын Мо Чан-Нинтэй, 67 кг-д Б.Очирдарь БНСУ-ын Пак Сеон Хун-тай мөнгөн медалийн төлөө тоглох сугалаа татжээ.
ЖҮДО БӨХ
Жүдо бөхийн тэмцээн өнөөдөр, маргааш хоёр өдөр үргэлжлээд өндөрлөнө. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 55, 60, 66 кг, эмэгтэйчүүдийн 44, 48, 52 кг-ын медальтнууд тодрох юм.
Эрэгтэйчүүдийн 55 кг-д С.Мөнх-Оргил, 60 кг-д Б.Мөнгөнхуяг, 66 кг-д Ж.Энхсайхан, эмэгтэйчүүдийн 44 кг-д Т.Отгонжаргал, 48 кг-д Н.Ундрахбаяр, 52 кг-д Т.Ариунзаяа нар эх орноо төлөөлөн дэвжээнд гарах болно.
3Х3 САГСАН БӨМБӨГ
Өнөөдөр Монголын эрэгтэй баг хоёр, эмэгтэй баг гурван тоглолт хийнэ. Эмэгтэй баг 15:00 цагаас Хонконг, 16:00 цагаас Тайвань, 17:20 цагаас БНХАУ-ын багтай тус тус тоглоно.
Харин эрчүүд 16:40 цагаас Хонконг, 17:40 цагаас БНХАУ-ын багтай тоглох юм. 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнд бүх баг тойргоор тоглож, медальтнуудаа тодруулах болно.
БАДМИНТОН
Бадминтоны тэмцээн өнөөдөр 12:00 цагаас эрэгтэй, эмэгтэй хос, холимог хосын тоглолтоор эхэлнэ. Монголоос тус төрөлд 10 тамирчин өрсөлдөж байгаа юм. Монголын хөлбөмбөгийн холбооны Футзалын ордонд болох тус төрлийн тэмцээнийг Live TV шууд дамжуулан үзүүлэх болно.
ШИРЭЭНИЙ ТЕННИС
Өнөөдөр ширээний теннисний эрэгтэй, эмэгтэй багийн тэмцээний эхний гурван тойрог явагдана. Багийн тэмцээнд гурван тамирчин оролцож, түрүүлж гурав хожсон баг ялалт байгуулах зарчмаар явагдана.
Манай улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр таван тамирчин наадамд өрсөлдөж байна. Ган спорт төвд болох ширээний теннисний тоглолтуудыг МҮОНТ шууд дамжуулан үзүүлэх юм.
ХӨЛБӨМБӨГ
Өнөөдөр хөлбөмбөгийн ногоон талбайд хоёр тоглолт явагдана. 12:30 цагаас БНСУ-Хонконгийн эмэгтэй багууд хөлбөмбөгийн тэмцээний салхийг хагалах бол 17:00 цагаас манай охид БНХАУ-ын багтай өрсөлдөх болно. Монголын хөлбөмбөгийн холбооны ногоон талбайд болох хөлбөмбөгийн бүх тоглолтыг МҮОНТ шууд дамжуулан үзүүлнэ.